Олон улсын боксын холбооноос зохион байгуулж буй Казахстаны Атырау хотод “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд оролцож байгаа манай боксчин А.Нурлан аваргын төлөө тулалдахаар болов.
Энэхүү тэмцээнд Узбекстан, Киргизстан, Иран, ОХУ, Казахстаны мужуудын шилдэг 100 гаруй боксчид 10 жинд өрсөлдөж байгаа бөгөөд Монголын дөрвөн боксчин хүчээ сорьсон. Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдсан манай тамирчдаас гурав нь хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг авсан юм.
Улмаар 56 кг-д өрсөлдөж буй А.Нурлан өрсөлдөгчөө хожиж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. 64 кг-д Э.Цэндбаатар Казахстаны боксчинд хожигдсон бол 69 кг-д Б.Сүххуяг мөн ялагджээ. Өнөөдөр А.Нурлан аваргын төлөө Узбекстаны Кушкаров Абдулаевтай тулалдана.
Монголын баг тамирчид Казахстаны Атырау хотод болж буй тус олон улсын тэмцээний дараа хоёр сарын хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Энэ хугацаанд Алматы, Астана хотуудад болох цуврал тэмцээнд оролцох юм.