Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан Богд хан уулын Дугуй цагаан орчмын тохижилтын ажлын явцтай танилцаж, хяналт шалгалт хийлээ.
Тэрбээр Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг хариуцаж буй багийнханд хандаж, “Евро стандартын үр цацаж, ойр орчмыг зүлэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлээс тохижилт, үйлчилгээг нь хийж өгч байгаа учир ойр орчмын аж ахуйн нэгжүүд үргэлжлүүлэн тордож сайжруулаад байвал иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, аж ахуйн нэгжүүдэд ч ашигтай болно. Мөн гэрэлтүүлгийг тусгал, харагдах байдалд нь анхаарч өнгө үзэмжтэй хийх хэрэгтэй. Дугуй цагаан орчмыг жишиг болгочихвол Чингэлтэйн хойд ам ч юм уу бусад байгалийн үзэсгэлэнт газруудыг энэ чиглэлээр, орчин үеийн чиг хандлагаар тохижуулах стандартыг баримталж ажилламаар байгаа юм” гэжээ.