Categories
мэдээ нийгэм

БНСУ III тун хийлгэсэн цагаачдыг торгуульгүй гаргана

Өмнөд Солонгос дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төвөөс гурав дахь удаагийн өршөөлийн талаарх мэдэгдлийг танилцуулж, цахим хуудастаа Covid-19-ийн хамааралтайгаар өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.

Тус улсын Хууль зүйн яам 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хууль бус цагаачдыг COVID-19-ийн вакцины III тунг хийж дууссаны дараа сайн дураараа БНСУ-аас гарсан тохиолдолд торгуулиас чөлөөлөх урамшуулал олгох мэдэгдэл хийжээ.

Өршөөл буюу урамшууллыг хоёр тохиолдолд эдлэх боломжтой. Нэгдүгээрт, ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл III тун хийлгэсэн хууль бус цагаач иргэн энэ оны аравдугаар сарын 31-нийг хүртэл сайн дураараа гарах

Хоёрдугаарт, 2022 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл II тун хийлгэсэн хууль бус цагаач иргэн дөрөвдүгээр сарын 30-ны дотор сайн дураараа гарах

Харин вакцин хийлгээгүй, гэмт хэрэг үйлдсэн, цагдаагийн газарт баригдсан хууль бус цагаач иргэдэд хамаарахгүй юм байна.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ноос эхлэн хууль бус цагаач иргэдэд вакцинжуулалтыг идэвхжүүлэх зорилгоор торгуулиас чөлөөх урамшуулах тогтолцоог 2021 оны дуустал хэрэгжүүлсэн. 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хууль бус цагаачид нэгдэх шатны вакцинд 89.9 хувь, хоёр дахь тунд 87.5 хувьд хүрч хамрагдсан бөгөөд өршөөлийн буюу урамшууллын тогтолцоо ихээхэн нөлөөлсөн гэж үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *