Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-д гацсан монгол иргэн Р.Удамбор: Монгол Улс иргэдээ хилийн цаана хаяад бүтэн жилийн нүүрийг үзлээ, одоо бид туйлдаж байна

-УОК МӨНГӨТЭЙ, АЛБАН ТУШААЛТАЙ ХҮМҮҮСТ Л ҮЙЛЧИЛЖ

БАЙНА ГЭЖ ХЭЛЭХЭД БУРУУДАХГҮЙ-


Монгол Улс дотооддоо коронавирус алдсантай холбоотойгоор Сөүлээс Улаанбаатар чиглэлийн таван удаагийн нислэгийг цуцлаад байгаа юм. Тэгвэл Бүгд Найрамдах Солонгос улсаас эх орондоо ирэхээр хүсэлтээ өгсөн иргэд нэгдэн суулт зарлаад өдгөө 15 хонож байна. Тэдгээр иргэдийн төлөөлөл болох иргэнтэй холбогдож ярилцлаа.



-Дэлхий дахинд коронавирус гарсантай холбоотойгоор гадаадад байгаа маш олон монголчууд эх орондоо ирж чадахгүй байна. Харин БНСУ-д нөхцөл байдал ямар байна вэ?

-Бид жагсаал суулт хийгээд 15 дахь өдрөө болж байна. Нийт дөрвөн шөнө консулын гадаа хоносон. Мэдээж дэлхийн бүх улс оронд цар тахал хурц яригдаж байна. Гэхдээ дэлхийн улс орнууд хэзээ ч хилийнхээ гадна өөрийн улсын иргэдийг хаясангүй. Ганцхан Монгол Улс л өөрийн улсын иргэдийг хаяад бүтэн жилийн нүүрийг үзэж байна. Аль хэдийнэ арваннэгдүгээр сард нислэгийн тасалбар болоод тусгаарлах байрныхаа төлбөрийг өгөөд түүнээс хойш гурван сар орчим хүлээж байгаа иргэд энэ урт хугацааны жагсаалыг хийж байгаа. Бидний хувьд маш олон хоног жагссан болохоор үнэхээр ядарч туйлдаж байна. Саяхан хоёр нислэгийн хуваарь зарласан ч энэ нислэгээр хэн явах нь тодорхойгүй байгаа учраас сэтгэл ханамжтай үр дүнд хүрсэнгүй.

-Яг одоогийн байдлаар энэ суултад нийт хичнээн Монгол иргэд нэгдсэн байгаа вэ?

-Өдрийн цагт 20-30 хүн, шөнийн цагаар 10-15 хүн хонож байгаа.

-УОК болон Засгийн газарт хандан санал хүсэлтээ илэрхийлсэн гэсэн. Холбогдох байгууллагуудаас эргээд холбогдсон уу?

-Сая 13 цаг хүртэл /өчигдөр/ холбогдох байгууллагуудаас нэг ч хариу өгөөгүй байсан. Харин түрүүхэн Ерөнхий сайдын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга И.Ганзориг гэж хүн фэйсбүүк хуудсандаа “Солонгос улс руу хоёр удаагийн нислэгийг товлохоор боллоо. Мөн хоёрдугаар сараас нислэгийн тогтмол хуваарийг гаргана” гэж бичиж оруулсан байсан нь холбогдох байгууллагуудаас өгч байгаа хариу гэж ойлгож болох юм шиг байна.

-Гадаадад гацчихсан байгаа иргэдийн амь нас, аюулгүй байдал эрсдэлд орсоор байна. Хоёрхон өдрийн өмнө тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх хүсэлтэй нэг хүн нас барсан гэж байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Гадаадад гацчихсан иргэдийн зүгээс өөрийн биеэр амь насаа алдах болон Монголд байгаа ар гэрт нь гачигдал гарах зүйл маш их тохиолдож байгаа. Тэр болгоныг албаны хүмүүс мэдээж зарлахгүй.

-Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бид эх орондоо харимаар байна суулт”-ыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлж байна. Та бүхнээс гишүүн рүү санал хүсэлт, захиа явуулсан уу?

-Бид нар С.Одонтуяа гишүүн рүү байнга санал хүсэлт явуулж бидний дуу хоолой болж өгөөч ээ гэж их хүссэн. Нэг хоёр удаа ярилцлага ч хийсэн.

-Каргоны онгоцоор нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүд эх орондоо ирээд байгааг иргэд УОК хэн мөнгөтэйд нь үйлчилж байна гэж шүүмжилж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Каргоны онгоцоор нэр нөлөө бүхий хүмүүс нь очоод байдаг мөртлөө жирийн иргэд нь явж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. УОК мөнгөтэй, албан тушаалтай хүмүүст л үйлчилж байна гэж хэлэхэд буруудахгүй.

-Солонгост цар тахлын тархалт ямархуу байгаа вэ. Монгол руу буцах гээд ажлаасаа гарсан, байраа хүлээлгэж өгсөн зэрэг олон асуудлууд гарч байгаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд иргэд маань ихэвчлэн хаана байрлаж, халдвараас өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Биднийг жагсаж эхэлж байхад өдөрт 1000 болон түүнээс дээш халдварын тохиолдол илэрч байсан. Харин сүүлийн долоо хоног халдварын тархац нэлээн буурч байна. Жишээ нь, өнөөдөр гэхэд 300 гаруй хүнээс халдвар илэрсэн байна. Бид арваннэгдүгээр сарын нислэг цуцлагдсанаас хойш таньдаг монгол хүн, хамаатан садан, найз нөхдийндөө л байрлаж байна даа. Гадаадад гацчихсан нийт монголчуудынхаа өмнөөс УОК болон Засгийн газарт хандаж хэлэхэд, сая БНСУ-руу хоёр нислэг зарлалаа. Тухайн хоёр нислэг нь бидний хүссэн шийдлийг бүрэн хангахгүй байна. Хоёрдугаар сард нислэгийг тогтмол хийнэ гэж хэлсэн. Тэр хувиараа маш яаралтай зарлах хэрэгтэй. Хоёрдугаар сарын хэд хэдний өдрүүдэд хэдэн онгоц явуулж хэдэн хүнийг авахаар төлөвлөж байгаа гэдэг төлөвлөгөөгөө яаралтай зарлаач ээ гэж хүсэх байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *