БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ОХУ-д энэ сарын 20-22-ны өдрүүдэд айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хэлэлцээр хийж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргалаа.
Айлчлалын зорилго нь Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх явдал байв. Ялангуяа хоёр улсын 2030 он хүртэлх эдийн засгийн хамтын ажиллагаа нь санхүү, худалдаа, тээвэр, эрчим хүч, түүний дотор “Сибирийн хүч-2” хийн хоолойн бүтээн байгуулалтад чиглэгдэх төлөвтэй байна.
“Хэлэлцээ нь хоёр талын харилцааны мөн чанарыг бүрэн илэрхийлсэн, стратегийн түншлэлийн үлгэр жишээ болсон халуун дулаан, нөхөрсөг, бүтээлч уур амьсгалд боллоо” хэмээн Ерөнхийлөгч В.Путин мэдэгдээд, гарын үсэг зурсан стратегийн баримт бичгүүдийг “цаг алдалгүй” хэрэгжүүлж эхлэхийг бизнесийн хүрээнийхэнд уриаллаа.
Хэлэлцээний төгсгөлд Ерөнхийлөгчид олон улс хоорондын харилцааны өвөрмөц шинж чанарыг онцолсон, хоёр талын байр суурийг илэрхийлсэн хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Хамтарсан мэдэгдэлд, талууд хамтын ажиллагаагаа “Орос-Хятад-Монгол” гэсэн форматын хүрээнд хөгжүүлэхээ илэрхийлсэн нь Монгол Улсад чухал ач холбогдолтой юм.[1]