БНАСАУ өнөө өглөө Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харвасан талаар Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
Нийслэл Пёньян хотын зах орчмоос 08:00 цагийн үед харвасан пуужин 350 орчим км зайд нисэж, Солонгосын хойгийн зүүн эргийн орчимд унасан бөгөөд нислэгийн дээд өндөр нь 100 км байсан гэж тус яам мэдээлжээ.
БНАСАУ 2022 он гарсаар 37 дахь удаагаа пуужин харвасан нь энэ юм. Ингэснээр энэ онд түүхэндээ хамгийн олон удаа туршилт явуулаад байна. Тус улс хамгийн сүүлд 12 дугаар сарын 23-ны өдөр пуужин харваад байв.
Цэнэгт хошуунууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой байгаа бөгөөд нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Ерөнхий сайд Фүмио Кишида олон нийтэд шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэж, нисэх онгоц, хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй нөхцөл байдалд бэлтгэлтэй байхыг холбогдох албаны төлөөлөгчдөд үүрэг болгосон талаар түүний ажлын албанаас мэдэээлсэн байна.
Японы Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдлийг эсэргүүцэж байгаагаа Бээжин хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулан БНАСАУ-д илэрхийлжээ.
Мөн АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлал мэдэгдэхдээ, БНАСАУ-ын үйлдэл АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн, нутаг дэвсгэр, мөн Япон болон бусад холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй гэдгийг тэмдэглээд, харин Пёньяны хууль бус үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн тогтвортой байдлыг алдагдуулах үр дагаврыг тодоор харуулж байна гэдгийг онцолсон байна.