БНАСАУ “тагнуулын хиймэл дагуул” бүтээх судалгааны ажлын хүрээнд “чухал туршилт” явуулаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Ням гарагт өглөөний 07 цаг 52 минут орчимд Пёньян хотын Сунан нисэх онгоцны буудлаас баллистик бололтой нэг пуужин Япон тэнгис рүү харвасан тухай БНСУ-ын цэргийнхэн урьд нь мэдээлсэн юм.
“БНАСАУ-ын Үндэсний сансрын технологийн хөгжлийн газар (NADA) Батлан хамгаалахын шинжлэх ухааны академитай хамтран хиймэл дагуул бүтээх ажлын хүрээнд чухал туршилт явууллаа” гэж KCNA мэдээлсэн байна.
Туршилтын явцад “өндөр нарийвчлалтай гэрэл зургийн төхөөрөмж, өгөгдөл дамжуулах системийн техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны нарийвчлал”-ыг баталгаажууллаа гэж тус агентлаг онцолжээ.
Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн ням гарагт харвасан пуужинд суурилуулсан камераар авсан бололтой Солонгосын хойгийг сансраас авсан зургуудыг нийтэлсэн байна.