Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бөхийн холбооны мэдэгдлээр бол Б.Бат-Эрдэнэ аварга Баянаагаа амлаад “ноолж” болох нь ээ DNN.mn

-Наадмаар дархан аваргуудын эрэмбийн хэрүүл дахиад гарах нь –


Энэ жилийн наадмаар дархан аваргуудын эрэмбийн маргаан дахиад л гарах нь бололтой. Дархан аварга А.Сүхбат Төв аймгийнхаа 100 жилийн ойгоор Цэнгэлдэхэд цолоо дуудуулахаар бэлтгэлдээ гараад байна. Г.Өсөхбаяр аварга ч “Бөх билэгт” дэвжээгээ ахлаад наадмын бэлтгэлдээ гарсан. Мөн л Архангай аймгийн 100 жилийн ой тохиож байгаа тул дэвжээнийхээ залууг дэмжихээр наадамдаа зодоглоно.

Сая МҮБХ-ноос дархан аваргуудын эрэмбэтэй холбоотойгоор мэдэгдэл гаргав. Үүнд “Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбийн талаарх тайлбарыг дахин гарган толилуулж байна.

МҮБХ нь УИХ-аас баталсан хууль, Засгийн газрын тогтоолыг удирдлага болгон бөхчүүдийн эрэмбийг гаргасаар ирсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актуудад дараах зохицуулалтууд байна.

“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 15-р зүйлийн 15.1.1-т “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан.

Энэхүү заалтын дагуу Засгийн газраас 2022 оны 257-р тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталжээ.

Уг дүрмийн 2-р зүйлийн 2.10-т “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ:

2.10.2. нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр; гэж заасан байдаг

Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат нар нэг өдөр “Дархан аварга” цол авсан тул дээрх дүрмийн дагуу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлэх юм. Өмнөх цолны буюу “Даян аварга” цолны эрэмбийн хувьд үзүүлсэн амжилтаар Г.Өсөхбаяр нь илүү байгаа” гэжээ. Өөрөөр хэлбэл Г.Өсөхбаяр А.Сүхбатын дээр эрэмбэтэй гэх мэдэгдлийг МҮБХ-ноос гаргаж. Дашрамд хэлэхэд Г.Өсөхбаяр нь МҮБХ-ийн тэргүүлэгчээр ажилладаг.

Үндэсний бөхөд дархан аваргуудыг амжилтаар нь эрэмбэлдэггүй. Цолоо дархалсан гэдэг утгаараа хэн түрүүлж дархан аварга цолны болзол хангасан нь дээр нь зогсдог хуультай. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын дархан аваргуудын тухайд А.Сүхбат нь 2004 онд буюу түрүүлж дархан аварга цолны болзол хангасан байдаг. Харин Г.Өсөхбаяр 2009 онд түрүүлсэн амжилтаараа дархан аварга цолыг нөхөж авсан. Энэ үндэслэлээр бол А.Сүхбат ямар ч эргэлзээгүйгээр Г.Өсөхбаярын өмнө нь зогсохоор байгаа юм.

Харин сая МҮБХ-ноос гаргасан мэдэгдлийн дагуу бол улсын наадамд 11 түрүүлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн дээр эрэмбэлэгдэх нь. Х.Баянмөнх аварга наадамдаа зодоглолоо гэж үзвэл Б.Бат-Эрдэнэ аваргын доор зогсож таарах нь. Б.Бат-Эрдэнэ аварга Х.Баянмөнх аваргыг амлаж аваад “ноолж” болох нь. Сүүлд нь хэлэхэд А.Сүхбат 2014 оны наадмаар Г.Өсөхбаярыг гурвын даваанд амлаад барилдалгүй элэг бүсээ тайлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *