Categories
мэдээ цаг-үе

Биотехнологичид бактер, мөөгөнцрөөс түлш гаргах боломжийг хайж байна

Шинжлэх ухааны ололт амжилтаар нанотехнологийн салбар өдөр ирэх бүр улам баяжигдаж байгаа. Үүнтэй зэрэгцэн биотехнологи ч хүчээ авч байна. 2022 он гэхэд дэлхийн хөдөө аж ахуйн салбарт биотехнологи тэргүүлнэ гэсэн тооцоо гарсан байна. Ялангуяа АНУ, Европын холбоо, Япон, Хятад, Энэтхэг, Зүүн өмнөд Азид биотехнологи илүүтэй хөгжих хандлагатай байгаа аж.

Биотехнологи гэдгийг биологийн объектыг хувирган ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга, технологи гэж энгийнээр тодорхойлж болно. Биологийн объект гэдэгт амьд организм, тэдний эс, эд, бүрдүүлэгч нэгж хэсэг болох фермент, мембран гэх мэтийг багтаасан ойлголт. Биотехнологичид амьтан, ургамал, бактер, мөөгөнцөр гэх мэт ямар нэгэн амьд организмын ферментийн системийг ашиглан технологийн аргаар бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тэр нь хоол, эм, хувцас, компьютер гээд ямар ч бүтээгдэхүүн байж болно. Үйлдвэрт сүүг том тогоонд халааж ээдүүлж бүтээгдэхүүн хийдэг бол биотехнологичид тэр нүсэр том төхөөрөмжийг ажиллуулахын оронд сүүний бүрэлдэхүүн дэх ямар нэг уургийг нь аваад бактериа түүндээ үржүүлж бүтээгдэхүүн гаргаж авдаг гэсэн үг.

Олон улсын хэмжээнд биотехнологийн үйлдвэрлэлийн тэргүүлэх арван чухал чиглэлийг тодорхойлсон байна.

-Хүн төрөлхтөний хувьд сүүлийн 100 гаруй жил байгалийн баялгийнхаа тал хувийг хэрэглээд байгаа бөгөөд тэдгээрийг олборлох, боловсруулах, шатаахад их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байгаагаас дэлхийн дулаарал нэмэгдээд байна. Иймээс биотехнологичид тогтвортой үйлдвэрлэл явуулахад зохиомол биосинтез буюу бактер, мөөгөнцөр эсвэл ургамал зэрэг амьд биетээс түлш, химийн бодис, материал нийлэгжүүлэх боломжийг хайж байгаа аж.

-Өсөн нэмэгдэж буй дэлхийн хүн ам, тэдгээрийн элбэг хангалуун байдал нь хүн болоод мал амьтны хангалттай хоол тэжээл, төдийгүй биотүлшний шинэ эрэлт хэрэгцээг хангахыг шаардаж байгаа. Сүүлийн үед эсэргүүцэлтэй тулгараад байгаа ч генийн өөрчлөлттэй таримал нь энэ асуудлыг шийдвэрлэх гарц болж байгаа юм байна. Генийн өөрчлөлттэй таримал нь хуулиар зөвшөөрөгдсөн орнуудад ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өндөр өсөлтийг авчирч байгаа аж. Генийн өөрчлөлттэй таримлууд нь фермерийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр хүн амьтны тав тухтай байдлыг хангаж, үр тарианы мөөгөнцрийн бохирдлыг бууруулдаг гэнэ.

-Дэлхийн гадаргын 70 гаруй хувийг далайн ус бүрхдэг. Шинэ төрлийн биоүйлдвэрлэл нь далайд ургадаг зарим төрлийн замгийг биотүлш болгон хувиргах боломжтой. Энэ нь газар тариаланд ашиглах газар хомс, усны нөөцтэй улс оронд энергийн эх үүсвэрийг шийдвэрлэх гарц болох аж. Түүнчлэн далайн усанд амьдардаг бактер, бичил замгуудыг генийн инженерчлэлийн аргаар бүтээмж өндөртэй болгон биотүлш, полимер материал үйлдвэрлэх чадвартай болгон өөрчлөх боломжтой гэж үзэж байна.

-Биоүйлдвэрлэлийн технологи нь аж үйлдвэрийн хаягдал биомассаас түлш, эрчим хүч, нэмүү өртөг бүхий химийн бодис үйлдвэрлэснээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хаягдалгүй болгох юм. Энэ нь үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын хувьд мөрөөдөл төдий зүйл байсан. Өртөг багатай түүхий эд тухайлбал нүүрсхүчлийн хий, метан, илүүдэл дулаан зэргийг ашиглах дэвшилтэт технологиуд нэвтэрч байгаа бөгөөд үүнээс гадна хаягдал усыг цэвэршүүлэх, хоргүйжүүлэх боломжууд нээгджээ.

-Нүүрсхүчлийн хий, нүүрстөрөгчийн молекул нь дэлхийн дулаарлын гол буруутан болоод байгаа. Сүүлийн үед амьд биетүүд нүүрсхүчлийн хийг хэрхэн ашиглаж байгаад анхаарал хандуулах болсон бөгөөд нүүрсхүчлийн хийг ашиглах биологийн энэхүү системийн хүчийг ашиглан нүүрсхүчлийн хий болон бусад материалан түүхий эдийг энерги, түлш, химийн бодис болон дэлхийд шаардлагатай материал үйлдвэрлэхээр эрдэмтэд инженерчлэл хийсээр байгаа аж.

-Биотехнологийн чухал нэг салбар бол эрүүл мэнд. Хөгшрөлтийн эсрэг олон янзаар тэмцэж байгаа энэ эрин үед нөхөн төлжүүлэх эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй. Энэ нь эд, эрхтнийг лабораторийн орчинд ургуулан биеийн эд эрхтэн өөрөөрөө нөхөн төлжих боломжгүй болсон үед мэс заслын аргаар шилжүүлэн суулгах арга юм. Эрдэмтэд эдийг төрөл бүрийн биоматериал ашиглан инженерчлэх аргыг нээсэн нь тулгуур эс ялангуяа pluripotent хэмээн нэрлэгдэх эс нь энэ салбарт өргөн боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байдаг гэнэ.

-Вакцин, эмчилгээ, урьчилан сэргийлэх арга ажиллагаа хангалттай хөгжсөн. Биотехнологи нь эдгээрийн гол цөм нь байсаар ирсэн. Эмчилгээний уураг ялгаруулах амьд биетийн төрөлхийн уургийг идэвхжүүлэх, тухайн өвчний эсрэг үйлчлэх дархлааны системийн тодорхой төрлийн эсийг идэвхжүүлэх, хөгжүүлэх, хүний эрүүл мэндийг дэмжих эсрэг биет болон нана бүтцийг хослолыг үүсгэх зэрэгт биотехнологичид анхаарал хандуулан ажиллаж байна.

-Өргөн хүрээг хамарсан халдварт буюу биологийн энэ аюулыг биотехнологи богино хугацаанд оношлох, эмчилгээний арга боловсруулах, дэлхий нийтийн шийдлийг боловсруулах хөрс суурь нь болж байгаа юм байна. Зорилгыг тодорхой болгон нанотехнологи, мэдээллийн технологийн ололттой хослуулснаар богино хугацаанд, нарийн, тухайн хүнд зориулсан өндөр үнэтэй бус оношлогоо, урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

-Биотехнологийн анхдагч нь бичил биетийн бодис солилцоог ашиглан бохирдуулагч бодисыг арилгах биологийн нөхөн сэргээлт, биологийн процесс болон байгаль дээрх бичил биетний зохиомол өсгөвөр ашиглан ус, хөрсөн дэх биологи, амьд биетийн үйл ажиллагааг дэмжих нөхөн төлжүүлэлт, генийн өөрчлөлттэй зүйл ашиглан хөрс, усны бохирдлыг бууруулах зэрэг нөөцийг нөхөн төлжүүлэх цаашид чадавхийг нь сайжруулах боломжтой.

-Хүний генийн мэдээллийг бүрэн тодорхойлоход 13 жил, 1.5 тэрбум ам.доллар шаардагдсан бол өнөөдөр хүний генийг нэг өдөрт багтаан 1000 ам.доллараас бага үнээр тодорхойлох боломжтой болсон билээ. Баримжаагаар тооцоолбол хүний генийн мэдээлэл нь гурван тэрбум хос азотлог суурийн хэлхээ бөгөөд бид энэхүү азотлог суурийн дарааллаар хоорондоо ялгагддаг. Ирээдүйд шинэ төрлийн эм нь генетик ялгаа, суурийн дараалалд чиглэгдсэн байдлаар зохион бүтээгдэх бөгөөд генийн дарааллыг ашиглан эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *