Categories
гадаад мэдээ

Биньямин Нетаньяху: Юу болоод өнгөрөв өө DNN.mn

Түүхэнд “Зургаан өдрийн дайн” гэж нэрлэгдсэн дайнд алдсан газар нутгаа буцаан авах зорилгоор хийсэн ЗХУ-ын шууд дэмжлэг, Египет, Сирийн арми голлосон Арабын улсуудын эвсэл болон Израилийг дэмжсэн эвслийн хооронд болсон “Араб-Израилийн 1973 оны дайн”-аас нь яг 50 жил нэг хоногийн дараа бас л бямба гарагт, бас л жүүдүүдийн баярын өдөр террорист “цол”-той Хамас бүлэглэл Израиль руу олон мянган пуужин харвасны дараа хилийн бэхлэлтийн хашааг түвэггүй нэвтэрч, Газын зурвасаар Израилийн суурин газруудад дайран оров. Газын босогчид Израиль руу нэвтэрснээс хэдхэн цагийн дараа Иордон голын Баруун эрэг, тэр дундаа Израилийн булаан авсан зүүн Иерусалимыг хамарч хүчирхийлэл, аллага үйлдэж эхэлсэн байна.

Израилийн эрх баригчид тус улс руу 2200 пуужингаар харвасан гээд халдлагын орой гэхэд өөрийн талаас амиа алдагсдын тоо 250-д хүрч, 1452 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдэгдэв. Мөн уг өдрийн турш ХАМАС-ын дайчдад алагдсан эсвэл зодуулж олзлогдсон Израилийн цэргийн болон энгийн иргэд Газын зурваст хүргэгдэж буй тухай олон тооны видео бичлэгүүд интернетэд нийтлэгдэв. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн оршин суугчдад хандсан видео илгээлтдээ болж буй үйл явдлыг бүрэн хэмжээний дайн гэж нэрлэв. Израилийн Батлан хамгаалахын сайд нөөц цэргийн татлага эхэлж буйг зарлав. Израилийн хотуудад кафе, ресторан гэх мэт үйлчилгээний газрууд шууд хаагдан хотын гудамж эл хуль болж эзэд нь эр, эм гэлтгүй цэрэг татлагын цэгүүд рүү яаран очив. Энэ өдрийн орой нь Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху иргэддээ хандаж хэлсэн үгэндээ, Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурваст цохилт өгч эхэлсэн бөгөөд би Хамас бүлэглэлийн зэвсэгт дайчид болон дэмжигчдийн нуугдаж болох бүх газрыг балгас болгон сүйрүүлнэ гэж амлаад Газын зурвас газар нутгийн оршин суугчдыг уг газрыг орхин гарахыг уриалав.

Барууны орнууд Израилийг ямар ч эргэлзээгүйгээр дэмжиж байгаагаа илэрхийлэв. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, түүнчлэн Их Британи, Итали, Испани, Нидерланд болон Европын бусад орны төлөөлөгчид зэрэг Европын олон удирдагчид исламистуудын үйлдлийг эрс буруушааж, Израилийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, тэдний өөрсдийгөө хамгаалах эрхийг онцлон тэмдэглэв. ХАМАС-ын халдлагын нөхцөл байдалд Европын холбоо Израилийн талд зогсож, Палестинчуудын үйлдлийг буруушааж байна гэж ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррел мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тусгай видео мессеж илгээж, Израильд шаардлагатай бүх дэмжлэг үзүүлнэ гэж амлав.

Тэгвэл Израилийн эсрэг Хамасын довтолгоог дэмжиж, уг хурцадмал байдалд Израилийг буруутгасан мэдэгдлийг Иран, Сири, Ирак, Кувейтийн эрх баригчид хийсэн байна. Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани Израилийн эсрэг халдлага үйлдсэнтэй холбогдуулан Хамас бүлэглэлд баяр хүргэж “Өнөөдрийн ажиллагаа нь эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэл, зэвсэгт ажиллагааны салбарт шинэ хуудас нээлээ” гэж хэлжээ. Ираны дээд удирдагч Али Хаменеигийн зөвлөх Рахим Сафави “Бид Палестины дайчдыг бүрэн дэмжиж байна. Палестин, Иерусалимыг бүрэн чөлөөлөх хүртэл бид Палестины дайчидтай хамт байх болно” гэж мэдэгджээ. Тэрээр Израиль руу хийсэн халдлагыг “бахархмаар ажиллагаа” гэж нэрлэсэн байна. Мөн Сирийн ГХЯ ХАМАС-ын халдлагыг “хүндэт амжилт” гэж нэрлээд, “Палестины ард түмэн” болон “сионист терроризмтой тэмцэж буй хүчин”-ийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Саудын Араб, Кувейт, Ирак, Катар, Оман зэрэг бүс нутгийн хэд хэдэн орон мэдэгдэлдээ ХАМАС-ын халдлага нь “Палестины ард түмнийг эзлэн түрэмгийлж, хууль ёсны эрхийг нь хөсөрдүүлсний үр дүн” гэж онцолсон байна. Гэхдээ Саудын Арабын мэдэгдэл арай даруу байсан бөгөөд “хоёр тал хурцадсан байдлыг нэн даруй зогсоож, энгийн иргэдийг хамгаалж, үүссэн байдалд хүлээцтэй хандах ёстой” гэж уриалав.

Орос улс Израилийг дэмжихээ илэрхийлээгүй бөгөөд бүх талуудтай байдлыг хэвийн болгох талаар ярилцаж байна гэж мэдэгдээд ОХУ-ын Гадаад хэргийн яам мөргөлдөөнд оролцогч талуудыг “хүлээцтэй” байхыг уриалав. Орос улс Европын холбоо, АНУ, Израилиас ялгаатай нь ХАМАС-ыг террорист байгууллага гэж үздэггүй бөгөөд тус бүлэглэлтэй сайн харилцаатай байдаг юм.

Палестины ХАМАС бүлэглэлийг Иран санхүүжүүлдэг гэдгийг бүгд мэднэ. Харин баруун хойд талаасаа “Нэг арми, хоёр улс” гэх гэрээ байгуулсан Турк, Азарбайжан, зүүн өмнөд талаасаа шашны том зөрчилдөөнтэй бас цөмийн зэвсэгтэй Пакистан, баруун урд талаасаа Саудын Араб зэрэг бусад Арабын улсын нэгдэл болон АНУ, Израилийн цэргийн эвсэлд бүрэн бүслэгдсэн Ираны удирдлага ийм зүйл хийхгүй байх магадлал үндсэндээ 100 хувь. Харин АНУ, Израиль болон зарим “ислам”-ын улсууд нэгдэн Ирантай байлдвал барууны улсууд татагдан орж, Украинд өгөх тусламж буурна гэж үздэг Кремлийн “урт гар” үүнийг хийсэн байх магадлал бараг 100 хувь. Чухам үүнээс л эмээж Израиль Укрианд цэргийн тусламж үзүүлэхгүй янз бүрээр цааргалж өнөөдрийг хүрсэн нь ойлгомжтой болж орхив. Тэгээд ч ХАМАС-ын довтолгоон оросоор “Война Судного дня” гэгддэг “Араб-Израилийн 1973 оны дайн”-аас нь яг 50-н жил нэг хоногийн дараа буюу В.Путины төрсөн өдрийг тохион эхлэв. Харин энэ өдрийг хүлээж байсан Украины арми Кремлийн удирдагчид бэлэг барих гэсэн Оросын цэргийн довтолгоог бут цохин Мелитополийн чиглэлд урагшилж чадсан билээ.

Ийнхүү Биньямин Нетаньяху дотооддоо ардчилалд харш хууль батлан зөрчилдөөн үүсгэн иргэдээ хоёр хувааж, хөшигний ард дарангуйлагч эзлэн түрэмгийлэгчтэй тохиролцоо хийвэл юунд хүргэдгийг бидэнд баталж өгөв. Маш товчоор саяхныг хүртэл монголчууд “Юу болоод өнгөрөв өө? Дурлачихлаа гэж үү?” гэж дуулдаг байсан бол харин энэ удаа Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Юу болоод өнгөрөв өө? Оросууд надад дурлахаа больчихлоо гэж үү?!” хэмээн бусдын нүднээс далд хашгирахаас өөр аргагүйд тулав. Тусгаар улсуудын хооронд хайр дурлал, найз нөхөрлөл бус эрх ашиг л байдаг. Биньямин Нетаньяху Оросын эрх ашгийг зөв тооцоолж чадсангүй. Тэр өөрөө ч, өөрийнх нь сонгож томилсон тагнуул болон цэргийн дарга нар ч үүргээ биелүүлж чадсангүй. Гэхдээ Израилийн хувьд одоо буруутныг хайх бус дайснаа устгах нь л чухал цаг тулаад байна. Үүнийгээ ч тэд хийж чаддаг улс. Мөн АНУ өнөөг хүртэл дайнд хэрэгтэй цагт хавсрага болон орж аль тал ялахыг шийдэж байсан. Гэтэл тэд энэ удаа өөрөө голлож, бусад нь хавсрага болж Хятад хэмээх том армитай хуурай газарт байлдах магадлал өндөр болоод байна. Иймээс тэдэнд хуурай газарт босогчидтой бус ямар нэг улсын иж бүрэн армитай байлдан ядаж л зэвсгээ шалгаж, баараггүй болгох шаардлага үүсээд байгаа юм. Мөн Иран бас Оросын дарангуйлагч дэглэм нуран унаж байж л иргэд нь хонгилын үзүүрт гэрэл харна гэдэг нь бүгдэд тодорхой болсон. Иймээс энэ шаардлагыг Иран бүрэн хангаж байна. Дурдагдаж буй эдгээр эрх ашиг нийлэн энэ бүс нутагт юу болох гээд байгааг бидэнд илүү ойлгомжтой болгож орхив.

Бүс нутгийг хамарсан дайны эхлэл байх бүрэн магадлалтай орон нутгийн дайн үргэлжилж байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *