Манай нүүрсний үнэ 30 ам.доллар байснаа 50 ам.доллар болж нэмэгдэж биднийгээ баясгав. Хямралтай хэцүү цаг дор нэг ч гэсэн зүйл маань үнэд хүрч байвал аятай юу гэж хэрэндээ магнай тэнэгэр сууж байтал Өмнөд Монголын Баяннуур аймгийн Урдын дунд хошууны дарга Ганц модны боомтоор Хятадын зах зээл рүү гарч байгаа Монголын нүүрснээс хураамж авах шийдвэрийг гаргачихав. Уг шийдвэр нь энэ сарын нэгнээс хэрэгжээд эхэллээ. Үйлчилгээний хураамж хэмээн түүхий эдийн тонн тутмаас найман юань буюу 2800 төгрөг, автомашин тус бүрээс арван юань буюу 3500 төгрөг, зэсийн тонн тутмын үнэ арван мянган юаниас давсан тохиолдолд экспортын дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авахаар болж байгаа юм. Үүгээр бол хамгийн бага дүнгээр бодоход өдөрт зөвхөн нүүрснээс 560 сая төгрөгийн үйлчилгээний төлбөр авах тооцоо гарч байгаа бөгөөд нэгтгээд тооцвол бид сард ойролцоогоор 40 гаруй тэрбум төгрөгийг үйлчилгээний төлбөрт өгөхөөр болсон гэсэн үг. Байгаа нүүрсээ арайчүү үнэд хүргэж эдийн засагтаа жаахан ч гэсэн нэмэр болох гэж мэрийж байхад Өмнөд Монголын нэг сумын Засаг дарга ингэж бидэндээ юунд хатуурхнам хэмээн эмзэглэнгүй бодогдовч бас тэгж шууд гомдлын үг унагаж хушуугаа унжуулж боломгүй шалтгаан байна, цаана нь. Эрүүл ухаанаар харвал өмнөд монголчууд минь биднийгээ арай ч тэгж чангалахыг хүсээгүй нь тодорхой. Тэгж чангалахыг чин сэтгэлээсээ хүсээд өөрсдийн дураар хийчихсэн ч юм биш. Мэдээж хэрэг дээрээс нь, цаанаас нь улс төрийн шинж чанартай дарамт, шахалт ирж тэднийхээ бодлогоор ийм алхам хийсэн гэдгийг ойлгож байна.
Энэ бүхэн саяхан манай улсад ирсэн Далай ламын айлчлалтай холбоотой гэдэг нь хэнд ч мэдэгдэж байна. Далай багшийг айлчлаад буцсаных нь дараа Хятадын талаас хоёр талын айлчлал, гэрээ, хэлэлцээрүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн. Чухам ямар айлчлал, гэрээ мэрээ байгуулах гэж байсныг эгэл жирийн иргэд төдийлөн мэдээгүй ч Хятадын талаас хийсэн мэдэгдэлд хамгийн ихээр бачуурч, зангиагаа займчуулан байж амьсгал нь давчидсан улсууд бол улстөрчид. Бэлэн мөнгөтэй болж, зээл оруулж ирэх гэж байсан ажил нь зогсчихоор тэгэлгүй л дээ.
Далай ламыг аль дарга нь урьж, хэн гэдэг дарга нь түүнийг нь эсэргүүцэж, яасан ийснийг нь нарийн мэдээгүй ч уг айлчлалыг зохион байгуулахад гар бие оролцож Далай багшийн визний асуудлыг нь шийдэж өгсөн консулыг дуудаж авчраад ихээхэн донгодоод ажлаас нь халсан сураг сонсогдож л байна. Улс төр судлаачид эл айлчлалаас улбаатай хоёр орны хооронд үүсээд буй уг таагүй байдал хагас жилийн дараа зөөлөрч хэвийн болно гэж таамаглаж байгаа юм. Энэ ч яахав.
Ганц модны боомт орон нутгийн чанартай боомт. Тийм болохоор тэндээ хошуу, сумынх нь засаг ноён том байгаа юм шүү дээ. Монгол, Хятад улс хоёул Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд. Тус байгууллагын дүрэм журмыг хоёр тал мөрдөж ажилладаг ч Ганц модны боомт дээр тэр дүрэм нь үйлчилдэггүй. Тэнд үе үе асуудал үүсгэдгийг манайхан мэддэг болсон. Ганц модыг чиглэсэн төмөр замаа барьж байгаа, уг нь. Зураг төслөө хийхдээ төмөр замаа угтуулахдаа 30 км-ээр зөрүүлчихсэн гэдэг. Тэр зөрүүгээ хоёр талаасаа хэлэлцэж 15, 15 км-ээр нь барьж дундаа уулзъя ч гэдэг. Ингэсэн тохиолдолд уг төмөр зам манайд маш их ашиг өгөх бөгөөд Монголыг Хятадад төдийгүй дэлхийд гаргах зам болно гэж ярьцгаадаг билээ. Бид ингэж л хөөрцөглөж баярладаг. Гэтэл энэ төмөр зам ашиглалтад орчихвол хөршийн талаас захын нэг, дуртай Засаг дарга, хошуу, гацааны тэргүүлэгч нь гарч ирээд элдэв төлбөр, хураамж шаардаад хориг тавиад хөндлөн суучихаж мэдэхээр байна. Бид энэ бүхнийг сайн анзаарч, одоо үүсээд байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй шууд л төмөр замаа барьчихъя, тэгэнгүүт л мөнгө урсаад ороод ирнэ гэж эндүүрч болохгүй аж. Ер нь монголчууд бид чинь ийм ухаангүй, болчимгүй, алсын хараагүй ажил хийдэг мал болчихсон юм уу, эсвэл биднийг мал шиг ажиллаж, тийм байлгах гадны бодлого удирдаад байгаа юм уу.
Хаа байна, нөгөө хоёр хөршийн маань Ерөнхийлөгч, дарга ээлжлэн ирж айлчлаад ах дүү, найз нөхөд, хөрш гэж мөр алгадаж, гар барьж “Хамтдаа элэг бөөрөө нийлүүлэн байж эвтэй сайхан, гоё амьдарч диваажин бий болгоно” гээд сүрхий сүржин байсан нь. Өнөөдрийн нөхцөл байдлаа хар. Алхам тутамдаа Монгол Улсыг дээрэлхэж, дээрэнгүй хандаж, ширэв татаад байгаа нь илт мэдрэгдээд байна.
Эсвэл хоёр хөрштэйгөө удаан жилийн найрамдалтай харилцаатай, ойр дотнын улс минь гэж тэврэлдэж хүзүү сээрээрээ холбогдож хэт ойртсоны маань гай нь энэ гэж үү. НҮБ-аас Хойд Солонгост хориг тавивал тус улсаас нүүрс авдаг БНХАУ тэргүүтэй Зүүн хойд Азийн орнууд Монголоос нүүрсээ татах гарц нээгдэхээр байсан. Үүнд ч Хятадын тал өөрсдийн байр сууриа илэрхийлж, манайхан дотроо нүүрсээ гаргах нь гэж тооцоолж хүлээсэн. Си дарга аа! Хятад хүн хэлсэн үгэндээ хүрдэг гэж та манай парламентын танхимд үг хэлж, шүлэг уншихдаа дурдаж байсан шүү дээ. Та манай улсад айлчилж ирснээ өөрийнхөө орны нэг хэсэгт ирсэн гэж андуурсан юм уу, эсхүл. Тусгаар тогтносон оронд хэн ч ирж, хэнбугай ч айлчилж л байдаг. Улс орны тэргүүнүүд, олны танил эрхмүүд, одод, нэр хүндтэй хүмүүс, энгийн иргэд, жуулчид гээд бүгд л ирж буцаад явдаг. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг гэж монгол үг бий. Эрт үеэс эдүгээ хүртэл монголчуудын зочин гийчин, холын хүнд дотно халуун сэтгэлээр хандаад хүндэтгэн үддэг заншил сарниагүй юм шүү. Бид ийм л ард түмэн. Үүнтэй адил хятад хүмүүс уужуу тайван, хүлээцтэй гүндүүгүй гэж Си дарга та хэлж л байсан сан.
Уг нь том гүрэн, хаяа сайтай айл саахалтаа ширвэдэггүй юм л. Уур нь хүрсэн өдрөө хөмсөг зангидан загнаж, сайхан зан нь хөдлөхөөр тэвэрч аваад нялганадаг ааштай муу авгай шиг харилцааг том гүрэн гаргадаггүй. Жаахан асуудлаар өөнтөглөж жижиг орнуудыг дээрэлхэнэ гэдэг чинь бүл муутай саахалтаа нүд үзүүрлэж хаяа муутай гэдгээ харуулж байгааг илтгэнэ.
Ганц модны боомтыг даруй олон улсын боомт болгож, холбогдох хууль дүрмээ сайжруулж, энэ асуудлыг Дэлхийн худалдааны байгууллагын сонорт хүргэхгүй бол хөрштэйгөө ах дүүс, найз нөхөд гэж наалдаад дэмий санж. Ер нь ямар ч зүйлд хэт хувийн орон зай үүсгэхээс татгалзаж дэлхийн жишгээр, дипломат ёсоор, олон улсын стандартын дагуу мөрдөх хэм хэмжээгээ даган хандаж, харьцах нь зүйтэй юм гэдгийг энэ үйл явдал харуулав. Ганц модны боомтыг олон улсын боомт болгочихвол Баяннуур аймгийн Урдын дунд хошууны ноёдод боомтыг дураараа хаах, үйлчилгээний хураамжаа үндэслэлгүйгээр дураараа нэмэх зэрэг зүй ёсны бус үйлдэл гарахгүй л дээ.
Цаанаас авсан даалгавраар хөдөлж байгаа Өмнөд Монголын хошууны даргыг буруушааж түвдэхгүй ч монголчуудын эдийн засаг ямар байх вэ, нүүрс ашигт малтмалаа хэрхэн яаж гаргах вэ гэдэг асуудал явж явж Өмнөд Монголын захын нэг сумын Засаг даргын мэдлийн хэрэг болчихоод байгаа нь харагдаж байгаа юм.
Уг нь аливаа улсын эдийн засаг Балбын дархан балбаж хийсэн балбар илдээр цохиод ч, Түвдийн дархны давтаж хийсэн алхаар дэлсээд ч унахааргүй хүчирхэг байх атал манай хувьд гацааны ноёны аашаас л хамааралтай хэврэгхэн эдийн засагтай болчихоод байгаа нь энэ. Биднийг ямархуу амьдруулах вэ гэдгийг Өмнөд Монголын нэг сумын Засаг дарга л эрх мэдлийнхээ хүрээнд шийддэг болчихлоо гэж үү.