Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бидний сэтгэлийн бэрхшээл тэднийг хөгжлийн бэрхшээлтэй болгодог

Жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний өдөр болдог “Үндэсний өгөх өдөр” бидний дунд нэг л танил бас сэтгэлд ойрхон байдаг болжээ. Хэн нэгнээс авах тухай биш өгөх тухай ярьдаг болохоор сэтгэлийн гүн дэх бүлээн бүхнийг оргилуулдаг байж ч болох юм. Өнөө жилийн Өгөх өдөр бол биднийг тархины саажилттай хүүхдүүд, хүмүүсийн тухай зөвөөр ойлгож мэдээсэй, тэр хүмүүсийн тухай бодол, ойлголт, хандлага чинь зөв, эерэг байвал тэдэнд болон гэр бүлд нь хэчнээн том тус болох билээ гэдгийг ойлгуулахад зорьж байгаад туйлаас баяртай байна. Учир нь би ч бас тэр хүмүүсийн тухай ойлголт маруухан, хандах хандлага маань өөр нэгэн байсан юм.

Ер нь монголчууд бидний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ ханддаг хандлага маань тун эрүүл бус гэдэг нь өөр иргэншил, өөр коммунитид очихоор тод анзаарагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “Хөөрхий дөө” гэж эвийлдгээ бид тусалж байна гэж ойлгодог. Тэднийг тэргэнцэртэй юм байж хүйтэн өвлөөр юунд гудамжаар явах, гэртээ хэвтэж байхгүй дээ, дүлий амьтан яах гэж гэрээс гарч байдаг юм, машин сигналдахыг ч сонсохгүй дайруулчихна гэж ярина. Тэгээд үүнийгээ тэдэнд тустай сэтгэлээр хандаж байна гэж боддог юм. Үнэндээ тэд яг л бидэнтэй адил нийгмийн амьдралд орох эрхтэй бас хүсэлтэй. Харин түүнийг нь бид дандаа үгүйсгэж ханддаг хандлагаараа тэднийг жинхэнээс нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг билээ. Тэдний бэрхшээл бие махбодийн дутууд байдаггүй. Бидний, тэдний гэр бүлийнхний, манай нийгмийн сэтгэлийн бэрхшээл тэднийг хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг.

Гэхдээ энэ сэтгэлийн бэрхшээлийг давж, гэтэлж болдог юм билээ. Одоогоос хоёр жилийн өмнө Австралид нэгэн сургалтад суусан маань намайг ихээхэн өөрчилсөн. Тэгэхэд би яг л энэ нийгмийнхээ бүтээгдэхүүн учраас тийм хүмүүст ханддаг хандлага маань бусадтайгаа адил байв. Өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөн хайрладаг гэж бодно. Тэгсэн атлаа тийм хүмүүсээс жаахан цэрвэнгүй. Нэгэн удаа багш Кара Элликсон маань “Өнөөдөр нэг мундаг эмэгтэй ирж та нарт лекц уншина” гээд тун баяртай байлаа. Удалгүй тэргэнцэр дээр суусан, толгой нь нэг тал руугаа учиргүй далийсан, гар нь чангарч мушгирсан эмэгтэйг ороод ирэхэд Кара маань тэвэрч авч үнсээд сүйд болов. Тэгэхэд надад төрсөн анхны бодол “Яаж ийм хүнийг тэвэрч аваад үнсч чадаж байна аа”. Үнэндээ хэлэхэд ичгэвтэр байгаа ч надад ийм л бодол төрсөн юм. Би бол чадахгүй ээ гэж толгойд бууж байв. Өнөөх эмэгтэй маань аа, уу гэсэн авиа гаргахаас ярьж чадахгүй, тэгсэн атлаа таблетаа ажиллуулж өөрийнхөө талаар тод сайхан хоолойгоор уншсан бичлэгийг тавьж лекцээ “уншиж” эхэлсэн юм. Тэрбээр Өмнөд Австралийн хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг нэгэн байлаа. Лекцийн эхэнд төрж байсан “Гэртээ байж байхгүй юунд ингэн, ингэн явна вэ” гэсэн бодол маань хичээл дуусахад нэлээд өөрчлөгдсөн байлаа.

Бас өөр нэгэн эрхэмтэй уулзсан маань дараагийн том нөлөөллийг үзүүлсэн билээ. Бас л тэргэнцэр дээр суудаг, босоод явбал нэлээд лужир эр байхаар хүн. Гэхдээ тархины саажилтын улмаас биеийн зарим нь мэдээгүй болж суларснаас тэр үү нугдайчихаар жижиг ч харагдана. Тэр хүн өөртэйгөө адил тэргэнцэр дээр суудаг, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст зориулж олон нээлт санаачилгыг хийсэн юм билээ.

Өмнөд Австралийн Адейлэйд хотын нийтийн тээврийн 80 хувь нь тэргэнцэртэй хүмүүсийг суулгахад зориулсан гулгуур хавтан төмөртэй. Жолооч нь өөрөө бууж ирээд тэр хавтангаа буулгаж тэргэнцэртэй зорчигчоо оруулчихна. Бас дотор нь тэргэнцэртэйгээ байрлахад зориулсан сул зайтай. Энэ бүх санаачилгыг өнөөх эр санаачилж, бүх нийтийн хэрэглээ болгожээ. Өөртэйгөө адил хүмүүсийн зовлонг мэдэрч, тэдний төлөө хийсэн бүхнийг нь сонсч мэдрэхээр үнэхээр тэвэрч авахад багадам санагдсан. Тэр хүмүүсийг гаднах байдлаар нь бус хүн байгаагаар нь, хийж чадсанаар нь хүсэл эрмэлзлээр нь ойлгох ёстой юм билээ.

Тархины саажилттай хүмүүсийг оюуны хомсдолтой гэж боддог маань буруу байжээ гэх олон хүнтэй таарсан. Үнэндээ цус харвалтын улмаас насанд хүрэгчид сааждагийг бид мэднэ. Бас төрөх үйл явц болоод төрсний дараахан нярай хүүхдүүд саажих эрсдэлтэй. Сүүлийн үед тархины саажилттай хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Үнэндээ мэдлэг мэдээлэлтэй бол бас ч гэж урьдчилан сэргийлэх боломжтой. Төрсний дараахь нярайн шарлалтыг маш сайн анхаарах ёстой юм билээ. Нярайн шарлалтын 70 хувь нь саажилтын эрсдэл дагуулж байдаг гэдэг нь нэгийг хэлнэ. Бас бүтэлттэй төрсөн тохиолдолд хүчил төрөгчөөр дутаахгүй бай гэж эмч хэлсэн бол бараг л өдөр, шөнөгүй агаарт байж, саажих асуудлыг ардаа хийж болох жишээтэй. Нэгэнт саажилт өгчихсөн бол ийм л юм боллоо гээд орхиж болохгүй. Бас тэр хүүхдийн эмч, энэ мэдрэлийн эмч сайн гэж цаг алдалгүй шууд сэргээн засах эмчилгээнд орох хэрэгтэй юм билээ. Сүүлийн хориод жил энэ чиглэлд ажиллаж байгаа Монголын тархины саажилтын холбооны дэргэдэх сэргээн засах төвийн ажилтан С.Энхбат “Сэргээн засах үйл явцыг цаг алдалгүй хийж чадвал хүүхэд хөл дээрээ босох бүрэн боломжтой. Бүр хоёр нас хүрэх үедээ энгийн хүүхдүүдээс дутахгүй болсон олон хүүхэд бий” хэмээн ярьж байсан. Ерөнхийдөө саажилт гэдэг маань тархинд цус харвалт өгснөөр хэл ярианы чадвар буурч, зарим эд эрхтний хөдөлгөөн буурна. Нүүрний булчингаа хянах боломжгүйгээс амаа ангайх, татвалзах ч явдал бий. Энэ бол ердөө харагдах л байдал. Гэтэл тэд хэчнээн ухаантай, хэчнээн цовоо хүүхдүүд байдаг гээч. Хэрийн хүний бодож, сэтгэж чадахгүйг тэд чаддаг. Уг нь тэднийг бэрхшээлтэй байна, дутуу байна гэж хандахаасаа чи чадна, бид адилхан гэж ялгаварлахгүй хандвал тун чухал байдаг гэдэг.

Сүүлийн үед тархины саажилттай хүүхдүүдээ дагуулсан залуухан ээж, аав нар олон ирэх боллоо гэж дуулдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тун гоочтой хандаж, үр хүүхэд нь ийм төрсөнд эцэг, эхийг нь буруутгадаг нийгэмд амьдардаг болохоор тэдэнд ийм байдал чамгүй хатуу тусдаг билээ. Ихэнх гэр бүл үүнийг давж чадалгүй хоёр тийшээ болох нь бий. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа эмч “Одоогоос хориод жилийн өмнөөс нэг эцэг, эхийг мэдэх юм. Маш мундаг, чадалтай залуус байсан. Гэтэл хүүхэд нь тархины саажилттай төрсөн. Хүүхдийнхээ төлөө бүгдийгээ зориулж яваа хүмүүс, гэхдээ жилээс жилд шантарч, гутарч нүдэн дээр өөрчлөгдөхийг нь харах гунигтай байсан” гэж билээ. Үнэндээ бид ийм хүмүүстэй хэрхэн харьцах вэ, гэр бүлд ийм асуудал гарвал хаана хандах вэ, цаашлаад тархины саажилттай хүүхдээ хэрхэн асрах вэ гэдэг ямар ч мэдээлэл байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдрэгдэх ялгаварлан гадуурхалт, дарамт хамгийн түрүүнд гэрийнхнээс нь, эцэг эхээс нь ирдэг гэдэг.

Бидний л хандлага эцэг, эхэд нь дарамт болон мэдрэгдэж, магадгүй нөгөө хүмүүстээ уур бухимдлаа гаргадаг байх. Тархины саажилттай хүүхдийг бага байхад нь зөв асаргаа тордлогоо хийвэл хөл дээрээ босч алхаж, гишгэх боломж бүрэн байдаг ажээ. Гэвч манайхан энэ чиглэлийн мэдээлэл үгүйгээс хэвтэрт, тэргэнцэр дээр суух хувь заяаг олноор бэлдэж байна. Тиймээс өнөө жилийн “Үндэсний өгөх өдөр”-ийн бэлэг болгож юуны өмнө энэ хүмүүсийн бодит байдлыг ойлгож, тэдэнд хандах хандлагаа өөрчлөөч ээ гэж. Бас тэднийг ойлгож хандлага тань өөр болж байгаа бол тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд тун чухал нөлөө үзүүлдэг “Спайдер кэйж” тоног төхөөрөмжийг авахад шаардлагатай 12 мянган ам.долларыг босгох сэтгэлийн өглөгт нэгдээч ээ хэмээж байгаа юм. Нэгэнт тархины зарим хэсгийн эд эс нь саажиж мэдээгүйжсэн бол дахиж сэргэнэ гэж байхгүй. Харин үүний улмаас хөдөлгөөн хязгаарлагдаж муудсан бол түүнийг сэргээн засах аргаар механикаар сэргээж болно. Аалз шиг арвагар сарвагар уяан дунд бяцхан жаалыг хийгээд тоглоом авахуулах, тоглуулах зарчмаар хөдөлгөөнийг нь суулгаж өгдөг энэ төхөөрөмж тун чухал гэсэн. Тэгвэл олон хүүхдийн хувь заяа өнөөдрийнхөөс арай гэгээлэг болох гээд байна. Түүн дээр таны, миний тэдэнд ханддаг хандлага өөрчлөгдөх юм бол жинхэнэ гэрэлтэх билээ. Таны халаасанд хэн нэгэнд илүүчлэх мөнгө байхгүй байж болно. Гэхдээ таны сэтгэлд бусдадаа өгөх зүйл маш их байдаг юм шүү. Хандлагаа өөрчилж бусдад өгье. Төгсгөлд нь та бүхэнд тархины саажилттай Ц.Мөнхтулга хүүгийн “Гэрлэлт-хүргэн оръё” шүлгийн мөрүүдээс хүргэе. Саажилттай хүүхдүүдийн төлөөлөл болсон энэ хүү СУИС-ийг номын санч мэргэжлээр төгссөн, хэд хэдэн шүлгийн ном хэвлүүлсэн нэгэн юм.

“…Угсаа удам минь муу нэртэй биш

Урд хойноо дагавар хүүхэдтэй биш

Ураг үр минь заяагүй төрөх биш

Ухаан санаа минь сааталд байх биш

Эцэгт минь хадаг олдохгүй биш

Эжийд минь ерөөл үгүй биш

Энэ биенд минь нөхөд үгүй биш

Эргэж харахгүй хол одох ч биш

Яадаг юм бэ? Хадам аав аа

Яваандаа хүргэн чинь болчихно доо”

One reply on “Бидний сэтгэлийн бэрхшээл тэднийг хөгжлийн бэрхшээлтэй болгодог”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *