Олон улсын хүүхдийн Найрамдал төвд “Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулган үргэлжилж байна. Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгуулж буй энэхүү чуулган нь Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд ирээдүйн манлайлагч, улс эх орны хөдөлгөгч хүч болсон хүүхдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, манлайллыг дэмжих зорилготой юм.
Тус үндэсний чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн 500 гаруй хүүхэд оролцож байна. Чуулганы төлөөлөгч хүүхдүүд “Хүүхдэд нээлттэй микрофон” хэлэлцүүлгээр Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийг хувь хүн, нийгэм, гэр бүл, сургууль, олон нийт гэсэн агуулга бүхий 5 дэд хэсгээр хэлэлцэн өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо шийдвэр гаргагч, олон нийтэд хүргэх юм байна.
Чуулганы үйл ажиллагаанд ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес, “Дэлхийн зөн монгол” Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Винсент Эдуардс нар оролцож байна.