Categories
мэдээ нийгэм

Бид баян таргандаа зээл аваагүй юм биш

Тэтгэврийн зээлгүй ахмадууд болон ахмадуудын эрхийг хамгааллах чиглэлээр ажилладаг ТББ-ууд нэгдэж тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан нь тэтгэврийн зээлтэй болон зээлгүй ахмадуудыг талцахад хүргээд байсан. Иргэдийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг УИХ-аар дэмжсэн. Энэ шийдвэртэй холбогдуулан хэвлэлийн хуралд оролцсон ахмадуудын төлөөлөл “Бид баян таргандаа зээл аваагүй юм биш. Зээл авчихаад нас барчихвал үр хүүхдэд минь төвөг болно гэж бодоод л тэсч тэвчиж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явна. Гэтэл биднийг ингэж ялгаварлан гадуурхаж байгаа явдал гомдолтой байна” хэмээн ярьж байлаа.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго:“Зээл аваагүй, оны өмнө зээлээ төлөөд дуусчихсан ахмадууд, яах болж байна. Иймд бүх ахмадуудад тэгш хандах хэрэгтэй. Мөн тэтгэврийн зээлтэй ахмадуудын 95 хувь нь Хаан болон Төрийн банканд байгаа. Тэр их мөнгө тус хоёр банкан дээр очиж байгаа нь хоёр банкийг хувьчлан авах гэж буй этгээдүүдийн далд санаа байж магадгүй. Зээлтэй ахмадад биш нийт ахмадад тэгш хуваарилалт хийх ёстой ахмадууд зээл авахыг хязгаарлаж болохгүй. Зээлдэгчдийн Холбоо, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвлэл болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын зохион байгуулж байгаа шударга хуваарилалтын төлөөх цуглаанд нэгдэж байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайд гарын үсэг цуглуулах ажил явагдана. Жигд хуваарилалт хийхийг дэмжиж байгаа ахмадуудыг Сүхбаатарын талбай дээр ирж гарын үсгээ зуран, нэгдэхийг хүсэж байна” гэлээ.

Сард 320 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан “Би зээл авдаггүй. Аргагүйн эрхэнд өвдөөд эм тарианы мөнгө хэрэг болоход ганцхан сараар зээл авдаг. Цагаан сарын үеэр хоёр сараар зээл авна гэж бодож байлаа. Зээл авдаг ч эргээд төлж чаддаггүй. Би хүүхдүүдээрээ зээл төлүүлж чадахгүй. Миний дөрвөн хүүхэд бүгд зээлтэй. Гэтэл биднийг бололцоотой гэж ярьж байна. Яагаад ингэж доромжилж байгаа юм бэ. Ерөнхийлөгч болоод төрийн өндөрлөгүүд 2019 оны 12 сарын 18-наас танилууддаа зээл тэглэнэ гээд хэлчихсэн байгаа юм. Танилууд нь 10-15 сая гээд л хичнээн их зээл аваа вэ. Тэгэхэд бид нэг сарын зээл авах гэж үгээ барж байна. Нам засаг сонгуулийн шоу хийж байна” хэмээн тэрбээр уйлан ярив.

Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь ахмадууд байдаг. Нийт ахмадуудын 71 хувь нь буюу 223 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй. Зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй гэсэн судалгаа байна. Харин тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмад байна.

У.МӨНХ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *