Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Бид амь дүйсэн орчинд ажиллаж байна

Дайны үеийн сурвалжлагчид амь дүйсэн нөхцөлд ажиллаж байсан. Харин бид заримдаа өөрсдийгөө фронтын сурвалжлагчид гэж бодохоор байдаг. Уржигдархан манай “Өдрийн сонин”-ы байртай хаяа нийлэн баригдаж байгаа “Астра бьюлдинг” компанийн барилгаас хавтан унаж, Дашчойлин хийд рүү урууддаг замаар явж байсан машины салхины шилийг хагалсан. Хүн өртөөгүй нь бурханы аврал гэл тэй. Хөршийн 13 давхар барилгын хананд “Аюултай орчин, болгоомжтой яв” гэсэн сануулга үзэгдэнэ. Барилга тойроод, автомашины замаас өөр гарцгүй тул баригдаж байгаа барилгын доогуур гарахаас өөр аргагүй. Зөвхөн сонины ажилтнууд төдийгүй хүмүүс байнга хөлхөж байдаг газар. “Дээрээс юм уналаа”, “Шороо, чулуу нурж ирлээ” гэж гомдоллосон хүмүүс ч орж ирдэг. Болгоомжтой явна гээд яалтай билээ. Заримдаа өмнө, хойно юм унаж л байдаг. Өртөөгүй нь зол гээд явна. Барилгаас үе үе тэнгэр нураад ирэв үү гэлтэй их дуу чимээ нүргэлнэ. “Цонхоор барилгын кран нураад орж ирж байгаа юм болов уу” гэж цочсон удаатай. Их дуу чимээнээс болоод хөл хүндтэй эмэгтэй ажилтнууд төрчих вий гэсэн айдастай үе ч байлаа. Дайны үеийн бөмбөгдөлтийн дараахь орчин төсөөлөгдөнө. Нуувчнаас цухуйж байгаа мэт гэтэх шахдаг үе ч бий. Сонины өглөөний ярианы үеэр заримдаа албаар төмөр нүдэж байгаа мэт их чимээ гарна. Бие биенийхээ хэлж байгаа үгийг амны хайрцгаар нь таамаглах, хашгирах шахам ярилцах нь цөөнгүй.

Бороо, цасны дараа цементлэг саарал, нялцгай шавар туучна шүү дээ. Хашааны булан, шон руу “сарьсан” гүнзгий ул мөр үлджээ. Мөсөн доширхуу юм харагдах боллоо. Бодвол энэ барилгынхан бие засах газрын асуудлаа шийдээгүй бололтой. Бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаад хоёр сар болж байна. Огт хариу өгсөнгүй. Байцаагч гэх нэг нөхөр ирээд, хэмжилт хийгээд буцсан. Төр төлөөлж байгаа энэ байгууллагын зүгээс өөр ямар ч үйлдэл хийсэнгүй өнөөдрийг хүргэлээ. Барилгын эздийн зүгээс хэлдэг үг нь “Наадах чинь том даргын байшин шүү дээ. Тоосгонд нь толгойгоо хагалуулчихгүй амьд байвал боллоо биш үү” гэж сүүлдээ дооглодог боллоо. Одоо бүр зарим нь энэ сэдвийг улстөржүүлээд эхэлсэн. Сөрөг хүчнийхний зүгээс манайханд хандаж байна аа. “Жил гаруйхны дараа сонгуулиар бид ялна. Манай намыг дэмж. Танайхыг дарчих шахаад босч байгаа наад байшинд чинь улс төрийн мөнгө орсон юм байна лээ. Бид эздийг нь улс төрөөс зайлуулж байгаад наад байшингийн чинь асуудлыг бүрэн шийдэж өгье” гэдэг болсон.

Ийм л нөхцөлд ажиллаж байна даа, бидний хэдэн сэтгүүлчид.

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *