“Монголын кино үдэш” арга хэмжээ энэ сарын 25-нд Берлин хотын “Бабилон” театрт боллоо.
Монголын кино урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан тус арга хэмжээнд кино урлаг судлаач, шүүмжлэгч, сонирхогчид өргөнөөр оролцож, найруулагч Д.Золбаярын найруулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног үзэж сонирхсон байна.
Монголын ахуй амьдрал, зан заншил, өв уламжлалыг тод томруунаар харуулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь “Оскар”-ын 90 дэх удаагийн наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөхөөр нэр дэвшиж байсан бүтээл юм. Тус киноны продюссер Д.Дэлгэрцоо, зургийн дарга Г.Цогтгэрэл нар уг арга хэмжээнд оролцож, кино шүүмжлэгч, сонирхогчидтой санал сэтгэгдлээ хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн аж.