Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бензиний өндөр үнэ бол популизмын төлбөр юм

Дэлхийн зах зээлд
шатахууны үнэ манайхаас хоёр дахин хямд байгаа. Харин Монголд гурван жилийн
өмнө ямар байсан яг тэр үнэ огт хөдлөхгүй юм гэж нийгэм даяар шүүмжилж байна.
Шатахуун, түлшний үнийг хямдруулж, гадаад улс орнуудын одоогийн жишигт аваачих
саналыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар гаргасан. Сошиал ертөнц ч эдгээр нэр бүхий
гишүүдийг дэмжиж хөөрсөн хүмүүсээр дүүрэв. Тэд “НИК”, “Шунхлай” зэрэг шатахуун
импортлогч томоохон компаниуд Монголыг шулж дууслаа, хагартлаа баяжицгаалаа”
гэж дайрч байна. Тэр байтугай “НИК”-ийн хувьчлалыг буцаая гээд шуугиж байх юм.
Хэдүүлээ саяхан болсон нэг үйл явдлыг саная. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод
оюутны 70 мянга, хүүхдийн 20 мянга, алдарт эхчүүдийн одонгийн мөнгө,
цэцэрлэгийн багачуудын хоолны мөнгө гээд улсаас өгдөг халамжийг таная гэж
уриалсан. Тэрбээр төрийн халамжийг ялгавартайгаар олгож байх санал
дэвшүүлснээсээ болж түмэн эсэргүүцэлтэй тулгарч, бараг толгойгоо хага
цохиулахаа дөхсөн шүү дээ. Тэгвэл төр энэ бүх халамжийн мөнгийг юунаас гаргаж
өгч байгаа юм бэ. Гаалийн онцгой албан татвараас бүрдүүлж байна. Хил гаалиар
орж ирж байгаа зарим нэр төрлийн бараанд онцгой албан татвар тавьдаг. Архи,
тамхи, автомашин, шатахуун гээд хуруу дарам эдгээр нэр төрлийн бараа
бүтээгдэхүүнд л хамаатай. Тухайн барааг хилээр нэвтрэх эрх олгохын тулд гаалийн
онцгой албан татварыг төр бодлогоор зохицуулдаг. Жишээлбэл, гадаадаас авч
байгаа бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өссөн байвал энэ онцгой албан
татварыг багасгадаг. Бүр тэглэх тохиолдол ч байна. Харин тэр бүтээгдэхүүний үнэ
дэлхий дахинд буурвал эсрэгээрээ онцгой албан татварыг нэмдэг. Өнөөдрийн нөхцөл
байдлаас харахад шатахуун дээр тавьж байгаа онцгой албан татварыг 50 хувиар
нэмсэн байх. Тиймээс манай улсад шатахуун үнэтэй байхаас аргагүй. Энэ нь ард
түмэнд хүнд тусч байгаа нь ч үнэн. Гэхдээ асуудлын гол зангилаа нь
популистуудын нэхээд байдаг тэр их халамжийн мөнгийг өгөхийн тулд ийм арга
хэмжээ авч байгаа юм. Үүнийг Засгийн газар “Та нарын мөнгийг эндээс авч байна
шүү дээ” гэж олигтойхон хэлчихгүй юм даа. Харин шатахууны үнэ хөдлөхгүй байгаа
шалтгааныг Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбож, ард иргэдийн дургүйг хүргэмээр
тайлбар хийгээд нэр хүндээ алдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулж,
бондын хөрөнгөөс мөнгө авсан олигархиудын компаниуд шатахууны үнийг таван
жилийн хугацаатай гацаасан гэсэн ойлголт нийгэмд бий. Уг нь гаалийн онцгой
албан татвараас шалтгаалж бензин түлшний үнэ
өсдөг гэж шатахуун импортлогчид өөрсдөө ч дуугарахгүй юм. Популистуудын
шаардсан мөнгийг өгөхийн тулд шатахуун өнөөдөр үнэтэй байгааг яагаад хэлж
болохгүй гэж. Үнэндээ “НИК”, “Шунхлай” зэрэг компаниуд хагартлаа баяжсан юм
байхгүй л байгаа.

Нийгмийн түрүүнд
явах ёстой сэтгүүлчид үүнийг юунд үл анзаарна вэ. Дэлхийн зах зээлд шатахууны
үнэ буучихаад байхад яагаад Монголд үнэтэй хэвээр байна вэ гэх улстөрчид ч тэр,
сошиал ертөнцийнхөн ч тэр бодит үйл явцыг нь ухаж ойлгохгүй улстөржүүлээд
байна.

Популистууд
“Мөнгөө өг” гэж орилоод байгаа хэрнээ онцгой албан татварыг багасга гэж
шаардаад байгаа. Тэгэхээр тэр их халамжийг та нарын амны хөөсөөр өгөх болж
байна уу. Бензиний өндөр үнэ бол популизмын төлбөрийг л өгч буй хэрэг юм шүү
дээ.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *