Categories
гадаад мэдээ

BBC: Ираны байр суурь эрс зөөлрөв DNN.mn

BBC-ийн “Иран яагаад Хезболлагийн талд орох гэж яарахгүй байна вэ?” нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Өнгөрсөн долоо хоногт Ливан дахь Хезболла бүлэглэл урьд өмнө болж байгаагүй хэд хэдэн халдлагад өртсөн нь тус бүлэглэлд сүүлийн 40 жилийн хамгийн гүн хямрал үүсгэсэн гэж зарим хүмүүс үзэж байна. Нэгдүгээрт, орон даяар тус бүлгийн гишүүдийн хэрэглэж байсан холбооны хэрэгсэл болох пейжер, холбооны гар станцууд дэлбэрч, олон арван хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсан. Үүний дараа Израилийн агаарын довтолгоо Хезболлагийн объектуудад цохилт өгч, дээд командлагчдыг нь устгасан. Өөрөөр хэлбэл, тус бүлэглэлийн хувьд 2006 оны Израильтай хийсэн дайнаас хойших хамгийн том цус урсгасан явдал болсон. Хезболла бол Израильтай дайсагнагч бүс нутгийн зэвсэгт бүлэглэлийн эвслийн “эсэргүүцлийн тэнхлэг” гэгддэг хамгийн том зэвсэгт бүлэглэл юм. Иймээс Хезболлаг ихэвчлэн “дэлхийн хамгийн хүчирхэг төрийн бус арми” гэж нэрлэдэг. Байгуулагдсан цагаасаа л Ираны бүрэн бөгөөд гуйвшгүй дэмжлэгийг хүртэж ирсэн байдаг. Иймээс Хезболлаг ноцтой сүйтгэсэн, урьд өмнө хэзээ ч байгаагүй Израилийн эдгээр хүчтэй цохилтын дараа Иран шийдэмгий хариу үйлдэл үзүүлнэ гэж олон хүн хүлээж байв. Гэсэн хэдий ч ийм хариу үйлдэл хараахан гараагүй байна.

Хэдийгээр Иран Хезболла “улаан шугам” давагдангуут тулаанд орно гэж олон жилийн турш мэдэгдэж, “Хезболла”-гийн удирдагч Хассан Насралла саяхан Израиль “бүх улаан шугамыг давсан” гэж байсан ч Иран одоогоор ямар ч шийдэмгий хариу үйлдэл үзүүлээгүй байна. Израилиас өшөө авах тухай Ираны галтай үг хэллэг хүртэл энэ удаад мэдэгдэхүйц дарагдсан шинжтэй сонсогдов.

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон Ерөнхийлөгч Масуд Пезешкяны хэлсэн үгнээс Ираны байр суурийг олж харж болно.

Америкийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын аудио бичлэгээс үзвэл, Пезешкян ер бусын гэмээр мэдэгдэл хийж, Израилийн үйлдэлд Иран цэргийн хүч хэрэглэхгүй байж магадгүй гэдгийг харуулав. Энэ нь хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Тегеранд ХАМАС-ын удирдагч Исмаил Ханиегийн амь насыг бүрэлгэсний дараа Иран Израильд хатуу хариу үйлдэл үзүүлэхээ амлаж байсан Ираны байр сууринаас эрс ялгаатай сонсогдов. Нью-Йоркт Иран илүү эвлэрэх өнгө аяс руу шилжсэн үг хэлсэн нь үнэхээр олон нийтийн гайхширлыг төрүүлсэн тул Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Иран Израильтай харилцаагаа сайжруулахад бэлэн байна гэсэн ойлголт байхгүй” гэж яаран мэдэгдэв. Харин Ираны Гадаад хэргийн сайд асан, одоо тус улсын дэд ерөнхийлөгч болсон Мохаммад Жавад Зариф олон нийтийн сүлжээгээр Пезешкяны хэлснийг дэмжиж “Манай ерөнхийлөгч үнэн хэрэгтээ Израилийн гэмт хэргийг буруушааж, Ираныг бүс нутгийн энх тайвны төлөө тэмцэгч, цөмийн зэвсгээс ангижрахыг дэмжигч гэж танилцуулсан” гэж онцолжээ. Зариф Израилийг Ираны санаа зорилгын талаар аюултай, худал мэдээлэл тарааж байна гэж буруутгаад, Израилийн худал мэдэгдлийн эсрэг Иран дайн хийхийг эрмэлзэхгүй” гэж бичсэн байна. Ираны ерөнхийлөгч Пезешкян Америкийн сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагадаа “Бид дайн хүсэхгүй байна” гээд Израилийг ялагч гэж байхгүй дайнд Ираныг татан оруулах урхи тавьсан гэж буруутгасан билээ.

Мөн Израиль, АНУ-ын талаар хамгийн хатуу байр суурьтай байдаг Ираны дээд удирдагч, аятолла Али Хаменеи хүртэл Хезболлагийн пейжер болон гар станцыг дэлбэлснээс гурав хоногийн дараа олон нийтийн өмнө үг хэлэхдээ Ливаны талаар товчхон дурдаад үүний оронд тэрээр Исламын улс орнуудыг Израилийн эсрэг нэгдэж, эдийн засаг, улс төрийн харилцаагаа таслахыг уриалсан билээ. Энэхүү чиг хандлага Израилиас өшөө авахыг уриалдаг уламжлалтай Ираны засгийн газрыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хүртэл илэрч байна. Олон жилийн турш өшөө авахыг уриалсан ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй эдгээр эх сурвалжууд өшөө авалтын оронд Израилийн эсрэг Исламын эв нэгдэл хэрэгтэй болоод байна гэх мэт санаануудад илүү анхаарал хандуулж эхлэв. Эдгээр олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Израилийн пуужингийн цохилтын аймшигт гэрэл зургууд гарсаар байгаа ч өс хонзонгийн өнгө аяс алга болжээ. Жишээлбэл, хэт консерватив хуучинсаг “Kayhan” сонин хүртэл саяхан Израилийн эсрэг “Цаг явж эхэллээ!” гэсэн гарчигтай редакцийн нийтлэл нийтэлсэн ч Израилийн технологи, тагнуулын давуу талыг аядуухан хүлээн зөвшөөрч, үүнийг барууны дэмжлэгтэй холбон тайлбарлаад, харин Хезболлаг зөвхөн Иран, Палестин, Йемен болон Ирак дахь эсэргүүцлийн бүлгүүд дэмждэг гэж бичжээ. “Kayhan”-ы энэхүү өнгө аяс Израилийн сүйрлийн цохилтуудын оршил болсон Хезболлагийн харилцаа холбооны хэрэгслийн дэлбэрэлт гэх мэт нарийн төвөгтэй ажиллагаа Хезболлаг гайхшируулаад зогсохгүй, Ираны удирдлагад ноцтой эргэцүүлэл төрүүлсэн байж магадгүй гэдгийг нотолж байна. Эдгээрийг Иран өшөө авалтаас татгалзаж байна гэж тайлбарлаж болно. Гэхдээ зарим эх сурвалж “Энэ нь Иран гэнэтийн хариу цохилт өгөхөөр төлөвлөж байгааг илтгэж байна” гэж үзэж байна. Одоогийн байдлаар ингэх магадлал бага байгаа мэт боловч Ойрхи Дорнод нь эрт дээр үеэс урьдчилан таамаглах аргагүй үйл явдлууд тохиодог бүс нутаг байсаар ирсэн гэдгийг мартаж болохгүй.

BBC-ийн энэхүү нийтлэл дээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Израилийн засгийн газрын тэргүүний хэлсэн үгийг нэмж дурдах нь зүйтэй юм. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Хэрэв Тегеранд байгаа дарангуйлагчид бидэн рүү дайрвал бид ч бас адилхан та нар руу дайрах болно. Израилийн урт гар хүрэхгүй газар Иранд байхгүй. Энэ бол бүх Ойрхи Дорнодод хамаатай зүйл. Израильчууд Ливантай хиллэдэг нутаг дэвсгэрт байгаа гэр орондоо өөрийн иргэдийг тайван амгалан буцаж ирэх хүртэл бид Хезболлаг устгасаар байх бүрэн эрхтэй. Хэрэв хил орчмынх нь иргэд дайжиж хоосорсон хотууд үлдвэл АНУ-ын засгийн газар үүнийг хэр удаан тэвчих вэ? Энэ тэвчих ёсгүй нөхцөл байдлыг бид бүтэн жилийн турш тэвчиж байна” гэж хэлсэн юм. Үнэхээр ч түүнийг НҮБ-ын индэр дээр эдгээр үгийг хэлж байхад Израилийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд Бейрут хотын Дахия хороололд байрлах энгийн иргэдийн олон давхар орон сууцны дор, тусгай бэхлэлт, хийн байрласан Хезболла бүлэглэлийн төв байрыг тусгай бөмбөг ашиглан сөнөөж тус бүлэглэлийн тэргүүн Хассан Насраллатай нь хамт дээд удирдлагуудыг нь устгав. Үүнээс өмнө Хезболлагийн тусгай хүчнүүдийн удирдлагуудыг устгаад байсан билээ.

Ийнхүү Хезболла ганцхан долоо хоногт дээд, дунд тушаалын удирдлагагүй болов. Бейрут дахь тоймч Зейна Ходр тус бүлэглэлийн удирдагч алагдсан явдлыг “Хассан Насралла бол зүгээр нэг бэлгэ тэмдэг биш, тэр бүлэглэлийн стратеги, цэргийн тархи нь болж байсан хүн юм. Түүний үхэл Хезболлад ноцтой үр дагавар авчрах нь эргэлзээгүй. Энэ нь тэд байнгын удирдагчаа төдийгүй хөл доорх газар шороо, тулгуураа алдсан гэсэн үг” гэжээ. Мөн олон цэргийн шинжээч Хезболла Израилийг эсэргүүцэх чадваргүй болон тарж, бутарч буйг онцолж байна. Үнэхээр ч Израилийн Агаарын цэргийн хүчин Йемений Ходейда, Рас Иса дахь Хуситууд гэх террорист бүлэглэлийн цэргийн байгууламжуудад цохилт өгч эхлэв. Учир нь Иран Ливанаас гадна, Йемен, Сири, Иракт нөлөөгөө тогтоогоод байгаа билээ. Ийнхүү Ираны дэглэм өөрсдөө Хезболлагийн удирдлагын хувь заяаг давтаж магадгүй болсон тул Израилийн эсрэг террорист бүлгүүдэд туслах боломжгүй болов.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *