Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж Үндэсний их баяр наадмын салбар хороодын бүрэлдэхүүн, зохион байгуулах хороо болон салбар хороодын ажлын төлөвлөгөө, баяр наадмын төсвийн төслийг хэлэлцлээ.
Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойг зохион байгуулах үндэсний хороо есөн салбар хороо, нэг ажлын хэсэгтэй, нийт 177 хүн ажиллаж, 285 ажил үйлчилгээ хийхээр төлөвлөжээ.
Баяр наадам зохион байгуулах төсвийг өнгөрсөн жилийн наадмын зардлаас илүү гаргахгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж, төсвийг энэ бямба гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар хэлэлцэж байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хэллээ.
Хурдан морины уралдааныг гар утас болон интернэтээр үзэх боломж олгох GPS төхөөрөмжийн талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанд наадмын төсөв, хийх ажлын төлөвлөгөө, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж хэлэлцүүлэхээс өмнө буюу энэ сарын зургааны баасан гарагт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн байр байдалтай газар дээр нь танилцана гэж баяр наадмыг Зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ.