Categories
мэдээ нийгэм

Баяр, амралтын өдрөөр АТГ ажиллана

Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх хуультай байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц байдал 91.2 хувьтай байна. Энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 270 албан тушаалтан байгаагаас энэ сарын 4-ний өдрийн байдлаар тэдгээрийн 171 нь мэдүүлгээ бүртгүүлээд байна.

Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх хуулийн хугацаатай сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа. Тиймээс АТГ энэ жилийн хувьд мэдээлэл, сурталчилгааны ажлыг өмнөхөөс идэвхжүүлж, мэдүүлэг бүртгэх чиг үүргийн албан хаагчдыг уртасгасан цагаар, мөн амралтын өдрүүдэд ажиллуулж байна. Түүнчлэн сар шинийн өдрүүдэд тусгай хуваарийн дагуу ажиллуулна. Сар шинийн баяраас өмнө амжиж өгөх бүрэн боломжтой.

АТГ-ын зарим албан хаагчид 6, 7, 13, 14-ний бямба, ням гарагт ажиллана. Цахим бүрдүүлэлтийн www.meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулж байгаа. Тиймээс мэдүүлэг гаргагчид заавал хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-наар дуусахыг хүлээлгүй, наана нь мэдүүлгээ бүртгүүлэх ёстой. Хэрэв хугацаандаа багтаж ХАСХОМ-ээ өгөөгүй бол Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу ажлаас халах, албан тушаалаас чөлөөлөх хүртэл хариуцлага хүлээлгэнэ гэж АТГ-аас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *