Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн хүүхдийн баяр эхэллээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /2014,05,31/ 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулж байна. Харин нийслэлийн хэмжээнд маргааш Чингисийн талбайд “Хүүхдийн баяр” албан ёсны арга хэмжээ 11:00 цагаас эхлэх бөгөөд тайзыг өвөрмөц, сонин байдлаар засахаар төлөвлөж өнөөдрөөс ажлхх эхлүүлсэн байна. Тухайлбал талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлахаар зураг гарсан бөгөөд тайз  нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтой, талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулна. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор маргааш Чингисийн талбайн 2 талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хаана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.