Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны бодлогын чиглэлийн хүрээнд Татварын ерөнхий газрын дэргэд хэрэгжүүлж буй “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх”зах зээлд нэвтрүүлэхэд технологийн бэлэн байдлыг хангах, хуулийн хэрэгжилт эхлэх өдөр үүсэх хүндрэл болон бэрхшээлийг урьдчилан төлөвлөх түүнийг багасгах, олон нийтэд системийг таниулах зорилгоор бодит орчинд бүх түвшний туршилт хийхээр “Баянзүрх худалдааны төв”-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем”-ийн туршилт хийгдэж байна.
Туршилтанд “Баянзүрх худалдааны төв”-ийн борлуулагч буюу НӨАТ-ын урамшууллын системд холбогдсон цэгүүд орж байгаа бөгөөд тухайн цэгээс худалдан авалт хийн баримт авсан иргэд хамрагдах боломжтой. Туршилтанд Ариг, ХХБ, Хаан, Хас, Голомт, Төрийн банкууд карт уншигч төхөөрөмж болон сугалааны азтанд олгох гарын бэлгээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа. Кассын тоног төхөөрөмж нийлүүлэгч НаноМэп ХХК, Банкью Тех ХХК, Электромон трэйдинг ХХК нь шаардлагатай төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлсэн байна.
Уг туршилт өнөөдөр өдрийг дуустал үргэлжлэх юм.
Туршилтанд одоогийн байдлаар хамрагдсан цэгийн тоо 70 хүрсэн байна. Холбогдсон цэгүүд борлуулалтын гүйлгээ бүрт сугалааны дугаартай баримт хэвлэн өгснөөр хамрагдана. Худалдан авагч баримтан дээрх сугалааны дугаараар газар дээр нь сугалаанд орох бөгөөд тохирол таарсан тохиолдолд урамшууллаа авах аж.