Categories
мэдээ нийгэм

Баянхошуу, Өнөр хорооллын болон Нарны замыг өргөтгөнө

НИТХ-ын IX хуралдаан өнөөдөр болж, “Улаанбаатар хотын тогтвортой зам тээврийн хөгжил төсөл”-ийг хэлэлцлээ. Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хурцадмал байдалд ороод байгаа. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд нийслэл боломжит бүх хувилбарыг ашиглаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж буй юм. Тэдгээрийн нэг нь Дэлхийн банк. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр “Улаанбаатар хотын тогтвортой авто замын төсөл”-ийг Дэлхийн банкны зүгээс дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн НИТХ-д танилцуулж, дэмжлэг хүссэн.

“Улаанбаатар хотын тогтвортой авто замын төсөл”-ийн хүрээнд Баянхошуу орчмын 5.6 км, Өнөр хорооллын 2.3 км, Нарны замын 9.8 км нийт 17.7 км замыг сэргээн засварлаж, өргөтгөхийн дээр авто замын зурваст явган хүний зам, автобус давуу эрхтэй зорчих эгнээ, дугуйн зам гаргахаар тусгажээ. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх явцад тээврийн ухаалаг систем нэвтрүүлнэ. Мөн шинэ хэвтээ тэнхлэгийн авто замыг бий болгох зорилгоор Нарны замын баруун өргөтгөл 6.9 км, Нарны замын зүүн өргөтгөл дөрвөн км, шинэ босоо тэнхлэгийн коридор 6.7 км, нийт 17.6 км авто замын өргөтгөлийг хийнэ.

Түүнчлэн тээврийн ухаалаг систем буюу замын гэрлэн дохионы удирдлага, ашиглалтын компьютержсон систем ба түүний тоног төхөөрөмжийг багтаасан замын хөдөлгөөний удирдлагын төвлөрсөн системийг шинэчлэх, авто зогсоолын удирдлагын ухаалаг системүүдийг бий болгохоор тусгасан байдаг. Энэхүү төслийн ТЭЗҮ, судалгааг ирэх 2022 онд хийж, бүтээн байгуулалт 2023 оноос эхлэх юм. Төслийг хэрэгжүүлэхийг НИТХ дэмжихээ илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *