Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Батдоржтой ярилцлаа.
-Морь хурдан, уяа эвлэг байна уу. Таны тухайд Ардын хувьсгалын 100 жилийн ойд хаанаас зорьж ирэв?
-Морь хурдан уяа эвлэг сайхан байна. Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас 800 гаруй км замыг туулж ирлээ. Миний тухайд улсын наадамд мордуулахаар 10 орчим тооны адуутай ирсэн юм. Манай аймгаас 20 гаруй уяач ирсэн. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад эхнээсээ морьдоо ачаад буцаж байна.
-Залуусын төлөөлөл “No Naadam” жагсаал зохион байгууллаа. Улмаар Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Уяачдын байр суурийг сонсох гэсэн юм?
-Жагсаал зохион байгуулж үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгэмд нээлттэй. Аж ахуйн нэгжийн төлөөлөл үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал хийж байгаа болов уу гэж бодсон юм. Газар дээрээ бол нөхцөл байдал тэс өөр байсан. Цэвэр улс төрийн зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа болоод өнгөрлөө. Сонгуульд ялагдсан намын зүгээс залуусыг хөлсөлж жагсаалд оролцуулаад засаг унагахыг санаархсан нь талаар боллоо. Хамгийн хорлонтой Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаа цуцлах шийдвэр гаргаж түүхэнд хар толбо үлдээлээ. Засгийн газраас гаргасан шийдвэр ч таван төгрөг авч талбайд жагссан хүүхдүүдийн өмнө сөхөрдөг болж. Ямар ч дархлаагүй болсон байна. Энэ шийдвэрийн ард олон мянган уяач, наадмаа хоног тоолж хүлээсэн олон зуун мянган иргэдийн эрх ашиг хохирлоо. Миний тухайд наадмыг Улаанбаатарт хийх шийдвэрийг сонсоод л сумаасаа гарсан юм. Харамсалтай нь тулгаж ирээд л амнаасаа буцчихлаа. Зургадугаар сарын дундуур л ийм шийдвэрээ танилцуулчихсан бол олон мянган уяач зардал чирэгдэл болж Улаанбаатар луу ирэхгүй байлаа шүү дээ. Уяач хүн туслах уяачаа цалинжуулна. Унаач хүүхдүүдээ ч цалинжуулна. Хажуугаар нь морины тэжээл, шатахуун гээд асар өндөр зардал гаргадаг. Уяачид бүгд хохироод үлдлээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Түүхэн ач холбогдол талаас нь харвал тэмдэглэхгүй өнгөрч болохгүй үйл явдал. Эхнээсээ л сум сумандаа баяр наадмаа цомхон тэмдэглэчих байсан юм. Аймагтаа наадах нь аймагтаа, сумандаа наадах нь сумандаа бөхөө барилдуулаад, морио уралдуулаад явчихсан бол хаа хаанаа хүндрэл гарахааргүй байлаа. Ингэж бөөгнөхөл үүсэхгүй байсан юм. Засгийн газрын ямар ч тооцоогүй шийдвэрийн хар гор ингэж гарлаа. Хөл хорио тогтоогоод аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хорьж цагдаад л байдаг. Ямар ч үр дүнгүй байна шүү дээ. Сонгуулиар бол цар тахалтай байсан ч тоохгүй, хэдэн зуун хүн цугладаг юм билээ.
-Цар тахлын улмаас өдөрт 10 хүн нас барж байхад баяр наадам ярилаа гэж дургүйцэж байна лээ?
-Энд нэг зүйлийг онцолъё. Энэ цар тахал цаашид хэзээ ч арилахгүй. Бид хөл нийлүүлж алхахаас өөр арга байхгүй. Вакциндаа хамрагдаад л цар тахалтай хамтдаа цаашилна. Олон улс ч өнөөдөр ийм л байгаа. Европ тивд олныг хамарсан үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хэдий болтол хааж боох юм бэ. Бидний тэвчээр ч үнэндээ тасарч байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ч нээх хэрэгтэй. Баяр наадмаа ч тэмдэглэх хэрэгтэй. Бид чинь өв соёлоороо ондоошдог ард түмэн. Баяр наадам бол бидний үндэсний бахархал. Өнөөдөр залуус үүнийг үгүйсгэх хандлага гаргах гээд байдаг болчихож. Тусгаар тогнолоо бид ямар их үнэ цэнээр олж авсан билээ. Өвөг дээдэс минь ямар их цус урсгаж эх нутгаа хамгаалж үлдсэн билээ. Үүнийг ухамсарлахаа больж. Өв соёлруугаа өшиглөж байгаа залуусыг хараад гол харлах юм. Биднээс цааш хэн авч үргэлжлүүлж авч явах гэж ч санах юм. Улс үндэстнүүд бахархлаа хамгаалдаг. Токиод олимп хойшлуулсан хэрнэ ээ сумогийн башёг хэвийн явуулаад байна шүү дээ. Сумо бөх бол тэдний өв уламжлал, бахархал нь болохоор л тэр шүү дээ. Залуус минь өв уламжлал руугаа нулимж хэрхэвч болохгүй. Дахин онцлоход бид өв уламжлалаараа ондоошдог үндэстэн шүү дээ. Үүнийг л ухамсарлах хэрэгтэй.
-Жагсаалд оролцож буй залуус наадмын төсвийг эрүүл мэндэд зарцуул гэх шаардлагыг тавьж байна лээ.
-Тийм. Наадмын төсвийг уяач бөхчүүд хуваагаад идээд уучихдаг гэх ойлголт нийгэмд яваад байх шиг байна. Тийм биш. Төсвийн 80 орчим хувь нь нээлтийн арга хэмжээ, дуучин, бүжигчин хүмүүст зарцуулагддаг. Бөхчүүд, уяач нарын байнд нэг их төсөв шаардаад байдаггүй юм шүү дээ. Анх Соёлын сайд “Наадмын төсвийг 10 тэрбум төгрөг” гэж хэлээд л хүмүүсийн хэнээг хөдөлгөчих шиг болсон. Хажуугаар нь төсвөөс хулгай хийдэг хүмүүс олон байх шиг байна. Энэ бүхэн л наадмыг үзэн ядагчдыг олшруулаад байна гэж би хувьдаа үзэж байна. Үр дүнд нь энэ олон жил тээж ирсэн өв соёл маань эрсдэлд орчихлоо. Энэ жилийн наадмын нээлтэд хэдэн төгрөг зарцуулсан, хэн нь хэдэн төгрөг авсан бүгдийг нь ил болгож гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн бөхчүүд, уяачид хуваагаад идчихсэн юм шиг ойлголт нийгэмд яваад байна. Бид нар бүх зардлаа хувиасаа гаргаж наадамладаг улс. Энэ жилийн тухайд нэг төсөв гэлгүйгээр цомхон тэмдэглэж болох гарц байсан шүү дээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад Хүй долоон худагт том гэрүүд бариад л тайз засч сүржигнэх шаардлага ерөөсөө байгаагүй. Хамаг төсөв чинь тийшээ урсчихдаг байхгүй юу.
-Хажуугаар унаач хүүхдүүдийн амь нас энддэг асуудал хүүхдийн эрхийн байгууллагуудын анхааралд өртөөд байна л даа. Сая л гэхэд хоёр ч хүүхэд мориноос унаж эндсэн байна лээ?
-Наадам дөхөхөөр л гарч ирж энэ асуудлыг хөнддөг хүмүүс бий. Тэдний ажил л байх л даа. Гэхдээ үндэсний спорт гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй болов уу. Нөгөө талдаа уяач нар ч анхаарах цаг ирчихээд байгааг хүлээн зөвшөөрнө. Энэ их өв соёлыг хадгалж цааш нь авч явъя л гэвэл хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байна. Хүүхэд осолдоод байгаа голлох шалтгаан нь эрлийз адуу, шинэ цагийн адуутай нэг талаараа холбоотой. Цус орсон адууны давхил их хатуу байдаг юм. Хүүхдээ маш сайн боож баглаж л явуулахгүй бол эрсдэл өндөр. Монгол адууны давхил бол зөөлхөн байдаг юм. Өнөөдөр уралдаж байгаа адууны олонх нь цус орсон адуу уралддаг болж дээ. Энэ нь унаач хүүхдийг эрсдэлд оруулж байна. Нөгөө талдаа хүүхдүүд маань морь унах соёлоос бас холдчихож. Морь унаад тугал, бяруундаа явдаг үзэгдэл харагдахаа больсон байна. Айл бүрийн л гадаа портер, мотоцикл байх юм байна шүү дээ. Энэ нь ч нөлөөлөөд байх шиг.
-Цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Та нар халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байна вэ?
-Бид нар бүгд вакциндаа хамрагдсан. Хоёр дахь тунгийн хоногоо ч гүйцээсэн. Сумандаа шинжилгээ өгөөд сөрөг гарахад нь л наашилсан. Зарим уяач нар түргэвчилсэн оношлууртай явж байгаа.
-Хөдөөгийн хөх уяачид хот тойроод олноор цугласан байна. 100 жилдээ өндөр ач холбогдол өгсөн байна даа…
-Морь айрагдаж түрүүлэх нь яах вэ. Бид 200 жилийн ойгоор амьд байхгүй шүү дээ. Уяач нар маань өнгөрсөн оны арванэгдүгээр сараас хойш л морьдоо барьж 100 жилдээ бэлдсэн. Урд жилүүдийнхээс ч илүү өндөр ач холбогдол өгч бэлдэж байсан юм. Хөдөөгийн малчид гурван улирал малын хойноос хөөцөлдөж яваад л зуны дэлгэр цагт наадмаар баярлаж дотоод эрч хүчээ авдаг юм. Наадмыг нь хориод хаячихаар тэр хүмүүс юу үзэж баясах вэ. Яахав хотод утас оролдож хэвтээд хүмүүс үүний ач холбогдлыг мэдэхгүй л болов уу. Хөдөөний улс дархлаагаа баяр наадмаасаа авдаг юм.
-Морь уяхад нэг адуунд хэд орчим төгрөгийн төсөв зарцуулдаг юм бэ?
-Би Ардын хувьсгалын 100 жилийн ойд гурван жилийн өмнөөс бэлдсэн. Морины ажлаа эхэлсэн гэх үү дээ. Нэг жилийн хугацаанд нэг моринд 3-5 сая төгрөг зарцуулдаг. Хамгийн багадаа л гурван сая төгрөг зарцуулдаг. Ганцхан адуунд л тэр шүү дээ.