Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэлийн хатуу хучилттай авто замын сүлжээнд холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийж буй Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын эхний 30 километр замыг Улсын комисс өнгөрсөн пүрэв гарагт ашиглалтад хүлээн авчээ.
Барилгын талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальт бетонон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажлууд хийгдсэнээс одоогоор 80 километрт суурь, газар шорооны ажил, 88 цэгт ус зайлуулах хоолой, бетон хиймэл байгууламж, 30 километр замд хоёр үе асфальт бетон хучилтын ажил хийгээд байна. Уг авто замын барилгын ажлын үлдсэн хэсгийг 2020 онд дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй юм.
Баянхонгор аймгаас цааш зурайх энэ авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэд аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдээд зогсохгүй эл аймгуудыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт томоохон дэмжлэг болох талтайг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тус нутагт ажиллах үеэрээ онцлов.