Баянгол дүүргийн эмнэлэг болох Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байрны нээлт өчигдөр боллоо. Нийт долоон тэрбум 726 сая төгрөгийн өртөг бүхий тус цогцолборыг улсын хэмжээнд 25 жилийн дараа төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцолж байлаа.
Захиргаа аж ахуй, поликлиник, хүүхдийн, нэгдсэн эмнэлгийн, НЭМТҮ-ний тасаг болон өрхийн эрүүл мэндийн төв зэргээс бүрдэх тус эрүүл мэндийн төвд 460-аад эмч ажиллаж, өдөрт дунджаар 700 гаруй иргэдэд үйлчлэх юм. Дээр нь мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, гэмтлийн тасгуудыг шинээр нээн ажиллуулж эхэлжээ.
Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Манай эрүүл мэндийн төв амбулатор, сувилахуй, хэвтэн эмчлүүлэх зэрэг тусламж үйлчилгээнээс гадна давхар оношилгоо хийдгээрээ давуу. Өмнө нь манай эрүүл мэндийн нэгдэл өвчтөнүүддээ 37-47 минутын давтамжтай эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байсан. Тэгвэл өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төв, салбар амбулаториос гадна өнөөдрийн (өчигдрийн) шинээр ашиглалтад орж буй эмнэлэг иргэдэд үйлчлээд эхлэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж хоёроос гурав дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл иргэдэд дэлхийн стандартын дагуу буюу 20-25 минутын дотор эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг боллоо. Мэдээж яаралтай тусламжийг үүнээс бага хугацаанд үзүүлнэ. Дээр нь зөв зохион байгуулалтын ачаар дүүргийнхээ 215 мянган хүн амд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх нөхцөл нь бүрдсэн. Бид энэхүү тусламжийн төвийн барилгаа бариулах ажлыг аль 2008 оноос санаачлан эхлүүлсэн. Тиймээс жил бүр эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангахыг ЭМЯ, нийслэлийн ЭМГ-т цаг алдалгүй уламжилсаар ирсэн. Өнгөрсөн жил л гэхэд 370 гаруй сая төгрөгтэй тэнцэх эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээний орчин үеийн багаж, төхөөрөмжтэй болсон. Саяхан 130-аад сая төгрөгийн өртөг бүхий долоон төрлийн шинжилгээ, оношилгоо хийх хүчин чадал бүхий лабораторийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-аас тавьж өгсөн. Бас Солонгосын орчин үеийн дижитал рентген аппаратаар тоноглогдсон. Өмнө нь бид 60 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан бол шинэ байранд орсноор 100 болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр дүүргийн хэмжээнд анхан буюу хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ найдвартай хүргэх бололцоотой болж байгаа хэрэг” гэсэн юм.
Энэхүү эрүүл мэндийн төвийн нэгээс дөрөвдүгээр давхарт амбулаториор иргэдэд үйлчлэх бол, тав зургадугаар давхруудад нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх аж. Харин долоогоос есдүгээр давхруудад нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна захиргаа аж ахуйн тасаг байрлах гэнэ. Өдөрт дунджаар 700 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай юм байна. Барилгын ажлыг “Гангар инвест” компани гүйцэтгэжээ.
М.УУГАН-ЭРДЭНЭ