Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Барууныхан хоёр хөршийг давж Монголд хөрөнгө оруулах уу

Аж үйлдвэрийн сал­барын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд ДНБ-ний 30.3 хувийг эзэлж, тухайн үеийн үнээр арван их наяд шахам төгрөг болж өсчээ. Энэхүү өсөлтөд уул уурхайн олборлолт нөлөөлсөн. Харин боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний ДНБ-д эзлэх хувь буурч байна. Өмнө нь аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжүүлэх механизм тодорхой бус, нэгдсэн удирдлагагүй байснаас цаасан дээр л үлдсэн гэнэ. Харин хэдэн сарын өмнө байгуулагдсан Шийдлийн нэртэй Засгийн газар Аж үйлдвэрийн яамыг анх удаа байгуулав. Тус яам “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, түүний хэрэгжүүлэх хүрээнд “Үйлдвэрлэлийг дэмжих” хуулийг УИХ-аар маш богино хугацаанд батлуулж чадсан. Наадмын өмнө баталсан энэ хуулийг наадмын уур амьсгалыг далимдуулан, гэнэдүүлэн баталсан гэх шүүмжлэл бий. Үнэхээр энэ чухал баримт болон хуулийг бусад баримттай харьцуулахад нүд ирмэх зуур л баталсан. Дээр нь энэ хууль баталсан цаг, минутаасаа хэрэгжиж эхэлсэн. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” нь дэлхийд өрсөлдөх техник технологитой, байгальд аюулгүй аж үйлдвэрлэлийг Монгол Улс дэмжинэ гэдгийг дэлхийд баталж байгаа юм байна. Харин “Үйлдвэрлэлийг дэмжих хууль” нь хэн, ямар үйлдвэрлэл эрхэлж, экспортод гаргавал төрөөс ивээл хүртэх тухай хууль аж.

Зуун жил яамгүй явчихаад яагаад өнөөдөр гэнэт ийнхүү төр, засгийн бүх хүчээ дайчилж хэдхэн хоногийн дотор аж үйлдвэрлэлийн чухал баримтуудыг шууран батлав гэдэг асуулт гарна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол орон байнга хямарч, сүйрч байгаа тухай мэдээлнэ. Бараг дайнтай орнуудаас дор юм болж байгаа тухай сүржигнэнэ. Мэдээж 2011 оны тансаг төсөвтэй жилийг харьцуулбал бидний орлого буурсан. Тухайн үеийн дэлхийг гайхуулсан 17 хувийн эдийн засгийн өсөлт бол монгол сайдын хар дарсан зүүд гэж болно. Австралийн нэгэн нүүрсний уурхай усанд автаад хятадууд биднээс нүүрс авахаас өөр сонголтгүй болчихсон. Нүүрсний үнэ одоогийнхыг бодвол гурав дахин өндөр байсан. Хятадаас орж ирсэн асар их орлого манай эдийн засгийг сүйрүүлсэн гэдэг нь өнөөдөр батлагдаж байна. Хаа сайгүй өрийн сүлжээ төр нь хятадуудад, компаниуддаа өртөй, компаниуд нь хамт­рагчид, ажилчдадаа өртэй. Иргэд дэлгүүр, ломбардад байгаагаа барьцаалчихсан. Шийдлийн Засгийн газар ийм л орныг хүлээж авсан. Гэтэл бидний гадаад харилцаа зарим өндөр хөгжилтэй орнуудаас ч таатай байна. Европын холбооны улсуудад 6000 гаруй бүтээгдэхүүн татваргүй гаргах эрхтэй. Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулчихсан. Мах, гурил, ноос, ноолуур, чацаргана гээд манайд хог шиг хөглөрч байгаа зүйл дэлхийн зах зээл дээр үнэ буурах нь бүү хэл улам өсөх хандлагатай байна. Эрдэнэтийг эс тооцвол бидэнд томоохон үйлдвэр гээд байх юм алга. Хөл дээрээ босчихвол Монголын эдийн засагт нөлөөлөх Оюу толгой руу хурга харсан чоно шиг хялайж байна. Хөршүүд маань хөрөнгө оруулах байсан бол хангалттай хугацаа байсан. Барууны ганц хөрөнгө оруулалт дээр дооргүй хавчигдаж байхад ойрын ирээдүйд хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлал бага гэнэ. Хэрэглээнийхээ 80 хувийг ам.доллараар хангадаг монголчууд өнөөдөр үйлдвэрлэсэн ч юмгүй, хүний үйлдвэрлэснийг худалдан авах ч чадалгүй болсон. Нүүрсэн эдийн засаг нь нурчихаар нөгөө хэдэн ногоон цаас нь хомсдоод 2000 төгрөг болж байна. Нүүрс, зэсийн үнэ өсвөл маргааш дахиад тансаглаад эхэлнэ гэдэг нь ойлгомжтой. Үнэ унахаар хэдэн биесээ харааж эхэлнэ. Эндээс харвал бид өөрийн гэсэн эдийн засаггүй өнөөг хүрсэн гэсэн үг. Евро бүс өнөөг хүртэл манай орныг зах зээлийн эдийн засагт шилжсэн гэж үздэггүй. Манай эдийн засаг социалист эдийн засгийн муужирсан хувилбар. Зах зээлийн эдийн засагт орохын тулд эхний ээлжинд хувийн хэвшил давамгайлсан байх ёстой гэнэ. Гэхдээ хувийн хэвшил алив нэг орны барааны ченж биш ямар ч тохиолдолд өөрийгөө хангах үйлдвэрлэлээс бүрдсэн байх ёстой аж. Түүхий эдээ үнэгүй шахам өгөх гээд байхад авахгүй байгаа хоёр хөршөө бид яаж ч чадахгүй. Харин бүтээгдэхүүн болгоод тавьчихвал далайн чанадаас өөрсдөө ирээд авчихна. Ингэж байж л бид өөрийн гэсэн эдийн засагтай, түүнийг удирддаг төгрөг гэдэг цаасаар амьдардаг болно.

Харин саяхан УИХ-аар батлагдсан үйлдвэрлэлийн тухай бичиг баримтууд монголчуудыг өөрийн гэ­сэн эдийн засагтай болох замыг нээсэн гэж болно. Үйлдвэрлэлийг дэмжих хуулиар хэн нэг нь дэлхийд өрсөлдөх бараа, бүтээгдэхүүн хийх чадвартай бол төр таны хурган үйлдвэрийг заан болтол дэмжинэ. Үнэхээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэр байгуулж чадвал Ерөнхийлөгчөөсөө эхлээд Элчин сайдууд таны барааг зарж өгөх гээд тавхайгаа эргүүлэх болно. Монголоор нэг хөглөрч байгаа ХАА-н түүхий эдийг түрийвчнээс эхлээд турк савхинаас ялгаагүй боловсруулах толгой байвал төр засаг үйлдвэр, техник мэтийн жижиг зүйлс дээр гар татахгүй дэмжлэг үзүүлнэ.

Гадаад ертөнц биднээс юу ч авахад бэлэн байна. Харин бид өмнөх шигээ Эрээний барааг тэдэнд шахах гэж маанагтах хэрэггүй. Цүнх барьж далдганаж байгаа залууст үйлдвэр байгуулах боломж нээгдэж байна.

Япон Монголын эдийн засгийн түншлэл бидэнд маш том боломж олгож байна. Энэ хэлэцээрээр стандартыг хангаж чадвал их наран улс руу хангалттай бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй оруулна. Дээр нь хил гаалийн хөнгөвчлөл үзүүлнэ. Монголчуудыг хил нэвтрэхээс эхлээд, түр оршин суух таатай нөхцөлөөр хангана. Харин монголчууд хариуд нь соёлтой орнуудад мөрддөг бизнес эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хангалттай.

Өнөөдөр манай улсад 200 гаруй компани экспорт хийж байна. Хэдийгээр хэмжээ нь бага ч гэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа нь гол үзүүлэлт гэнэ. Эдгээр компаниудыг бойжуулахад нэг их зардал гарахгүй. Гадаад таатай нөхцөл дотоодын боломжоо ашиглаж чадвал хоёр жилийн дараа баталгаатай үйлдвэрлэлтэй болохоос гадна, ам.доллар гэдэг цаасны хэрэглээ, үнэлгээ буурна. Манай залуус Японд нарны зай, Канадад оймс, Тайванд чацаргана, Англид ноолууран бүтээгдэхүүн гаргаж чадаж байна. Үйлдвэрлэлийн бодлого тодорхой болж, хууль гарснаар манай экспорт­логчдын түншид илүү итгэл төрж, зах зээл улам томрох боломжтой. АНУ-ын эдийн засагч нэгэнтээ “Танай улс бол дэлхийн эдийн за­сагтай “жаахан” байгалийн баялгаар холбогдсон улс. Нэг хүнд ноогдох баялгаараа дэлхийн хямралд өртөхгүй байх боломжтой орон” гэсэн бол Японы эдийн засагч “Танай эдийн засаг хямраагүй ээ. Та нарт тархины л хямрал байна” гэж байв. Хэд хоногийн өмнө Монголд ирээд буцсан ОХУ-ын иргэн нэгэн сонирхолтой санаа дэвшүүлж байв. Түүний үзэж буйгаар монголчуудын тусгаар тогтнол өөрийн хэрэгцээг хангах үйлдвэрлэлийн хэмжээ гэнэ. Наадмын өмнө гарсан хууль бол монголчуудын хувьд нэлээд зоригтой алхам. Монголд зэс хайлах, нефть боловсруулах үйлдвэр өнөөг хүртэл баригдаагүй нь том гүрнүүдийн бодлого. Үйлдвэр бай­­гуулаад дэлхийн стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж Монголд маш их бий. Гэхдээ хоёр хөршөө давуулахын тулд багагүй ажиллагаа шаардагдана. Хоёр хөрш бараа, бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэх асуудлыг компаниудтай биш сайдтай л тохирох шаардлага тавина. Энэ тохиолдолд аж үйлдвэр, худалдааны сайд байх нь Монголд ашигтай. Нэлээд олон газар бизнес хийж үзсэн Оросын бизнесмэн ингэж ярьж байна. Хоёр хөршийг давж ихээхэн хөрөнгө орж ирэх магадлал бага энэ цагт бид цаг алдалгүй үйлдвэрлэлээ сэргээх шаардлагатай юм байна. Яаран бичиг баримт баталсны учир ч энэ гэнэ. Хичээвэл энэ баримт бичгийн хүчээр хоёр хөршийг давж чадахгүй байгаа хөрөнгө оруулалтыг нөхөх ч юм бил үү.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *