Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудад бэлчээрийн даац хэтэрчээ

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.

Тухайлбал зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 35 орчим хувьд гандуу, 5 хүрэхгүй хувьд гантай байна.

Энэ зун ихэнх нутгаар зуншлага хэвийн байсан ба долоодугаар сарын сүүлчээс эхлэн говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгаар гандуу байдалтай байгаа талаар УЦУОСМ хүрээлэнгээс мэдэгдлээ.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

60% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)

20% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

10% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

5% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

5% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна.

Харин нутгийн 20 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг санууллаа.

Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговийн аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Өлгий, Ногооннуур, Толбо, Цэнгэл, Сагсай, Увсын Тэс, Наранбулаг, Тариалан, Малчин, Завхан, Ховдын Дөргөн, Мянгад, Зэрэг Ховд, Чандмань, Дарви, Манхан, Буянт, Говь-Алтайн Дарви, Баянхонгорын Жинст, Архангайн Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Хайрхан, Хашаат, Өвөрхангайн Сант, Баянгол, Гучин-Ус, Булганы Сайхан, Орхон, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Баянхангай, Хэнтийн Дадал, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Уулбаян, Сүхбаатар, Мөнххаан, Говьсүмбэрийн Сүмбэр, Дундговийн Адаацаг, Дорноговийн Иххэт, Өмнөговийн Даланзадгад сумдын зарим баг орж байна.

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул эртнээс зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай хэмээн холбогдох албаныхан мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *