Categories
мэдээ нийгэм

Барилгад краны ослоор 4 жилийн дотор 16 хүн амиа алджээ

-Зориулалтын бус долоон өргүүрийг буулгуулж эрсдлээс сэргийлжээ-

Улсын хэмжээнд барьж байгаа нийт барилгад 568 өргөх механизмыг ашиглаж байна. Гэтэл барилгын компаниуд ашиглаж байгаа өргөх механизмаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зөвшөөрөл аваагүй, мэргэжлийн хүн ажиллуулдаггүй байна. Өргөх механизмыг стандартын дагуу ажиллуулаагүйгээс сүүлийн 4 жилийн дотор 16 хүний амь нас эрсэджээ.

Зөвхөн өргөх механизмын дүрэм, журмын дагуу угсарч ажиллуулаагүйгээс болоод 16 айлыг амьдын хагацалд үлдээсэн байна. Он гараад өргөх механизмын бэхэлгээ нь алдуурсан, зориулалтын бус хонгилд угсарсан гэх үйлдлээс дахин 4 хүн амиа алджээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 11-30-нд улсын хэмжээнд барилгуудад ашиглаж байгаа өргөх механизмын өнөөгийн байдалд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Хяналт шалгалтад нийт 269 аж ахуйн нэгж, байгууллага, дөрвөн иргэн, 568 өргүүр хамрагдсан бөгөөд өргөх механизмын 176 нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 133 нь засвар үйлчилгээний гэрээгүй, 112 нь техникийн паспортгүй, 132 нь ашиглах зөвшөөрөлгүй, 104 нь техникийн магадлалд хамрагдаагүй байжээ. Мөн 126 ажилтан мэргэжлийн үнэмлэхгүй байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага өргөх механизмын ашиглалтад хайнга ханддаг, аюулгүй ажиллагаа хариуцдаг хүмүүсийн дүрмийн мэдлэг хангалтгүй, мэргэжлийн ажилчин цөөн, давтан сургадаггүй зөрчил илэрчээ. Барилгад ашиглаж байгаа өргөх механизм буюу кран, өргүүрүүдийг мэргэжлийн хүн угсраагүйгээс үүдэн осол гардгийг албаныхан онцоллоо. Мөн кран, өргүүрүүдийг баталгаажуулж, гэрчилгээжүүлээгүй зөрчил их байжээ.

Барилгуудад ашиглаж байгаа өргөх механизмын байдалд Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийн ХУД-ийн 11 дүгээр хороо, “Рома инвестмент” ХХК-ний барилгын лифтийн хонгилд угсарсан зориулалтын бус дөрөв, БЗД-ийн 16-р хороо, “Баганат өргөө” ХХК-ний барилгын лифтийн хонгилд угсарсан зориулалтын бус нэг өргүүрийн ажиллагааг зогсоож буулгуулжээ. Ингэснээр өндрөөс хүн унаж бэртэх, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж чадсан байна.

Шалгалтаар хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын мөрдөлт, МХЕГ-аас өмнө нь өгсөн үүрэг, даалгаврын биелэлт зэргийг шалгаж, зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, техникийн аюулгүй байдлыг хангуулах, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан байна.

Мэргэжлийн хяналтынхан шалгалтын явцад нийт 963 зөрчил илрүүлж 310-ыг газар дээр нь арилгуулж, санамж, улсын ахлах байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, акт өгч 89 өргөх байгууламжийг улсын бүртгэлд хамруулжээ.

Болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авах талаарх Даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг Барилга, хот байгуулалтын яам болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо. Үүнд, өргөх механизмын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, МСҮТ-тэй хамтран ажиллах, барилгын тусгай зөвшөөрөл олгох, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад хүлээн авахдаа өргөх механизмын инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны нөөц, аюулгүй ажилласан байдлыг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийн асуудлыг эргэж харах зэрэг саналыг салбарын яаманд хүргүүлнэ. Мөн хууль, журам, норм, дүрмийн хэрэгжилтийг хангаж, өргөх механизмын мэргэжилтэй хүн ажиллуулах, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, хэрэглэж хэвшүүлэх зэрэг шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Гарч байгаа осол эрсдэл зөрчлийн дийлэнх нь нийслэлд хамаарагдаж байгаа ч бүртгүүлээгүй, зөвшөөрөлгүй, мэргэжлийн хүнгүйгээр өргөх механизмыг ашиглаж байгаа компанийн дийлэнх нь хөдөө орон нутагт байгааг албаныхан хэлж байлаа. Хөдөө орон нутагт ч хүний амь нас эрүүл мэнд сүйдэх нөхцөл бүрдчихээд байгааг тэд анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *