Швед улсад ажиллаж амьдарч байгаа яруу найрагч, зохиолч Банзрагчийн Энхтуяаг эх орондоо ирээд байхад нь уулзаж, тус улсад оршин сууж буй монгол хүүхдүүд эх хэл, соёлоо хэрхэн эзэмшиж, сурч боловсорч байгаа талаар ярилцлаа.
-Та Швед улсын Стокгольм хотын Эх хэлний төвд олон жил багшилж байна. Хилийн чанадад байгаа монгол хүүхдүүд эх хэлээ хэрхэн сурч байна. Та бүхний ажил ямархуу байна вэ?
-Монгол хүмүүс дэлхий даяар оршин сууж, түүнээ дагаад дэлхийн боловсрол соёлтой танилцаж байна. Би Швед улсад тус улсын боловсролын салбарт эх хэлний багшаар ажилладаг. Эх хэлний багш гэдэг нь тэнд монгол хэлний багш гэдгээс арай өргөн хүрээтэй. Өөрөөр хэлбэл, монгол хэл, хоёр орны түүх, соёл, ёс заншлыг заахын хамт тухайн улсын хэлийг нь бас заах үүрэгтэй ажилладаг. Надаас гадна тэнд арваад монгол багш ажиллаж, Швед улсын боловсролын хууль дүрмийн дагуу монгол хүүхдүүддээ швед, монгол хэлийг зааж швед болон монгол соёлтой танилцуулж байна. Бид Швед улсын Стокгольм хотын хэлний төв гэдэг газар ажилладаг. Эх хэлний боловсрол олгох 300 гаруй хэлний 600-гаад багш ажилладаг том төв байдаг юм. Би бодохдоо Норвеги, Дани гэхчлэн хөрш зэргэлдээ улсуудад амьдарч байгаа монгол хүүхдүүд, тэнд хүүхдүүд нь сурч байгаа монгол эцэг эхчүүд байвал бас тухайн сурч байгаа сургуульд нь хандаад бид эх хэлээ заалгая, Швед улсад ийм байдаг юм байна, танай улсад байдаг уу гээд саналаа гаргах юм бол эх хэлээ үнэ төлбөргүй заалгах эрхээ эдлэх боломжтой. Яагаад гэвэл, Швед, Дани, Норвеги зэрэг улсууд бол хууль дүрэм нь бараг нэг жишгээр явж байгаа улсууд юм. Тэр улсад амьдарч сурч байгаа хүүхэд бүрийн тоогоор эх хэлийг нь эзэмшүүлэхэд зориулсан төсвийг тухайн улсаас нь суулгаад өгчихсөн байдаг л даа. Жишээ нь би 35 хүүхдэд эх хэлийг нь зааж байна гэхэд тэр 35 хүүхэд эх хэлээ зайлшгүй сурах ёстой гэж үзээд түүнд зориулсан тодорхой хэмжээний мөнгө төсөвт нь суулгачихсан байдаг.
-Таны ажиллаж байгаа эх хэлний төвд хичнээн монгол хүүхэд сурч байна?
-Өмнө нь 300 гаруй хүүхэд байсан. Одоо монголчууд нэмэгдээд 500 гаруй хүүхэд байна. Арваад багш монгол хэлээ зааж байна даа.
-Та тэнд хэдэн жил багшилж байгаа вэ. Хүүхдүүд монгол хэлээ хэр сурч байна?
-Би зургаа дахь жилээ багшилж байна. Өмнө нь Монголдоо долоон жил багшилж байсан. Хүүхдүүд эх хэлээ үзье гээд захиалдаг. Хоёр хэлний мөргөлдөөнд орчихсон хүүхдүүд эх хэлээ сурахдаа янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг. Гурван янзын хүүхдүүд байна. Монголоос очсон хүүхдүүд монгол хэлэндээ маш сайн, швед хэлэндээ муу байдаг. Бид эх хэлээ заахаас гадна швед хэл бас заах үүрэгтэй учир швед хэлийг нь бас заана. Хоёрт, Шведэд төрсөн монгол хэлээр ойлгоод, ярьдаг ч бичиж чаддаггүй хүүхдүүд байдаг. Гуравт, монгол хэл огт мэдэхгүй, бүүр түүр ойлгох төдий хүүхдүүд ч бий. Насны хувьд арван тав, зургаатай нь ч, бүр жаахан зургаа, долоон настай нь ч ялгаагүй тийм. Эх хэл гэдэг төрмөл хэл. Эхийн цагаан сүүтэй хамт хөхөж өссөн байдаг байна л даа. Миний анзаарснаар монгол хэлэндээ маш сайн байсан хүүхдүүд швед хэлээ сайн сурахын хэрээр харамсалтай нь монгол хэлээ мартаад эхэлдэг. Тийм учраас эх хэлийг нь мартуулахгүйн тулд Швед орон өөрсдөө багш нарыг аваачиж цалинжуулж байгаа нь Монгол орныг бодоод байгаа юм биш шүү дээ. Шведийн нийгэмд байгаа тэр хүмүүсийг боловсролтой хүмүүс болгохын тулд эх хэлийг нь сургахад ихэд анхаарч байна. Боловсролтой хүмүүс байж л нийгэм нь хөгжинө шүү дээ. Тэр хөгжлийн үндэс суурь нь эх хэл байдаг учраас Швед улс өөрийн нийгэмд байгаа аль ч үндэстэн байсан тэр болгонд эх хэлээ сурах боломжийг нь нээж өгсөн байдаг.
-Гадаадад байгаа монголчууд харин энэ чиглэлээр бас хувийн сургалтын төв ч юм уу ажиллуулдаг гэж сонссон. Тэд ямархуу нөхцөлд ажлаа явуулдаг юм бэ?
-Сүүлийн үед дэлхий дахинд тархсан монгол хүүхдүүдэд чиглэсэн монгол хэлний янз бүрийн сургалтууд, монгол хэл заах хувийн сургуулиуд үнэндээ борооны дараахь мөөг шиг олширч байгаа л даа. Энэ уг нь зөв юм. Гэхдээ монгол хэл заах сургах нэрээр бизнесийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавих зохисгүй үзэгдэл мэр сэр байдаг. Швед орны хувьд бол, боловсролын системд нь тэртэй тэргүй бүх багш нарыг тодорхой хууль дүрмийнхээ дагуу сонгон шалгаруулж, боловсролын хуулийнхаа хүрээнд дэлхийн бүх хэлийг сургалтынхаа хөтөлбөрт үнэ төлбөргүй оруулчихсан байдаг. Багш нараа албан ёсоор цалинжуулаад нийгмээс нь тэр багш нарын нийгмийн асуудлыг нь ч харж үздэгээрээ давуу талтай. Нэгэнт Швед улсын Засгийн газраас хүүхдүүдэд нь ч, багш нарт нь ч боломж олгоод эх хэлний боловсролыг нь үнэ төлбөргүй олгож байхад хувийн сургалт тийм ч аминд тулсан асуудал гэж би үзэхгүй байгаа. Хувийн сургалтууд буюу хувийн сургууль гэж яригдаад байна л даа. Үнэндээ яг хууль дүрмийн дагуу нээгдчихсэн монгол хэлний хувийн сургууль байхгүй. Яагаад гэвэл, Швед улсад хувийн сургууль байгуулна гэдэг өч төчнөөн хуульд дүрмийн дагуу маш өндөр болзол хангаж байж шийдэх асуудал байдаг. Зүгээр л би багш байна гээд хэдэн эцэг эхчүүдийг цуглуулаад хагас бүтэн сайны сургалт явуулахад Швед улсаас үнэгүй байр гэхчлэн нөхцөл боломжийг нь хангаад өгчихдөг. Зөвхөн эх хэлний гэлтгүй тухайн хүн сонирхлын дагуу өөр ямар нэгэн сургалт юм уу уулзалт, арга хэмжээ зохион байгуулъя гэхэд цагаа захиалахад л улсаас өрөө тасалгааг нь үнэгүй гаргаад өгчихдөг юм. Гэтэл Монгол Улс руу мэдээлэл өгөхдөө бид сургалт явуулж байна, байр орон үнэ төлбөртэй байдаг, багш нарыг цалижуулна, байр сав, сандал ширээний мөнгө гээд ийм асуудлууд яригдаад зарим нь Монгол Улсын Засгийн газар руу асуудал тавих ч явдал гардаг юм шиг байна лээ.
-Дэмжлэг хэрэгтэй байна гэсэн үг үү?
-Хэрэв сургалт явагдаж байгаа тохиолдолд хагас бүтэн сайны сургалтад үнэгүй байр савыг хэнд ч өгдөг. Хүссэн хүн болгонд өгдөг. Сургалт явуулах, эх хэл зааж байгаа гэсэн нэрээр мэргэжилтэй, мэргэжилгүй баахан хүмүүсийг цуглуулаад “сургууль байгуулчихлаа, багш нарын цалин хөлс, өрөө тасалгаа байр савны мөнгө хэрэгтэй” гэсэн ийм асуудлуудыг Боловсролын яаманд хүртэл тавих явдал байдаг л даа. Ер нь дэлхийд тархан сууж байгаа бусад орнуудын хувьд тэр нь үнэ төлбөртэй, бэрхшээлтэй байдаг байж магадгүй л дээ. Швед улсад бол бүх дүүргүүдэд нь хориод багш улсаас нь цалин аваад ажиллаж байгаа. Ийм нөхцөлд тэртэй тэргүй дарамттай байгаа, ийм их эдийн засгийн хямралтай байгаа Монгол Улсаас хөрөнгө санхүү гаргуулах гээд байснаас харин тэр Швед улсын боловсролын системийн туршлага боломжийг нь судлаад хамтарч ажиллах нь илүү өгөөжтэй юм. Шалгалт шүүлгээ өгөөд хууль дүрмийн дагуу багшлах бүх боломж Швед улсад нээлттэй.
-Хилийн чанадад амьдарч байгаа монголчууд оршин суугаа улс орондоо хувийн бизнес эрхэлж өөрсдийгөө аваад явж байгаагийн эерэг талыг нь та хэрхэн харж байдаг вэ. Тэд улс орноосоо тодорхой хэлбэр, хэмжээний дэмжлэг хүсэх зүй ёсны шаардлага бас гардаг байх л даа. Харийн улсад байтугай эх орондоо хувийн бизнес эрхлэхэд амаргүй л байдаг шүү дээ?
-Монгол хэлний сургалтын тал дээр бол, би өөрөө бизнес чиглэлээр явж үзээгүй. Гэхдээ ямар ч байсан боловсролыг бизнес болгож болохгүй гэсэн үзэл бодол дээр би хатуу зогсдог хүн л дээ. Монгол хэлний сургалт явуулахын тулд сургуулийн санхүү, аж ахуй чухал биш. Шведэд энэ бүхнийг улсаас үнэ төлбөргүй шийдээд өгчихдөг. Тэгэхээр монгол хэл заах нэрээр бизнесийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж болохгүй юм. Гэтэл монгол хэлийг хөгжүүлэх асуудал нь өөрөө хүн бүрийн үүрэг шүү дээ. Үнэхээр монгол хэлний багш юм уу монгол хэлний багш биш байлаа ч гэсэн сурган заах аргатай хүн монгол хэл зааж байгаа тохиолдолд тэртэй тэргүй эцэг эхчүүдээс, цаана нь байгаа хүүхдүүдээс тодорхой хэмжээний төлбөр авдаг байхгүй юу. Гэхдээ албан ёсны сургалт сургууль нь гараад ирвэл төрийн зүгээс тодорхой нэгдсэн программ гаргаад төлөвлөгөөний дагуу, сурах бичиг, унших бичгүүд гаргаж баймаар санагддаг. Яг оюуных нь тал дээр Монгол Улсын боловсролын байгууллагаас хамтарч ажиллах юм бол тэр нь харин хөрөнгө оруулалт болно гэж би бодож байгаа юм. Монгол хэлээ заагаад хувийн сургалт явуулъя гэж байгаа хүмүүсийг эх орон нь тодорхой хэмжээгээр харж хандах нь зүйн хэрэг. Тэр нь яг монгол хэлээ сурах гэж байгаа хүүхдүүдэд хүрч очиж байна уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, одоо монгол хүүхдүүд хоёр хэлтэй байна. Англид байгаа хүүхдүүд англи хэлтэй, Шведэд байгаа хүүхдүүд швед хэлтэй, Францад байгаа хүүхдүүд франц хэлтэй, бараг тэр хэлээрээ явж байгаа хүүхдүүдэд шууд цагаан толгойг Монголд заадаг аргаараа заах уу, тухайн багш нь тэр хүүхдүүдийн төрж өсч амьдарч байгаа ахуйтай нь уялдуулж, сургалтын орчноо багш нь нарийн мэдэрч заах гэх мэтийн багшийн уран чадварын юмнууд гарч ирдэг. Ер нь үндсэндээ боловсрол, сургалтын судалгааны шинэ хандлагууд гарч ирж байгаа юм л даа. Гадаадад байгаа хүүхдүүд “Алим жимс идмээр байх юм. Авдранд байхаар яана аа” гээд дуулаад байхыг ойлгох уу. Энэ мэтчилэн бодох нарийн ширийн асуудлуудаа анхаарах хэрэгтэй. Тухайн улсынхаа болон бас Монгол Улсынхаа амьдралтай уялдуулж, хоёр соёлын хөрсөн дээрээс дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж амьдрах тэр шинэ хүмүүсийг боловсруулахад сургалтын шинэлэг арга хандлага л амин чухал байна.
-Таны ярианаас эх хэлний сургалтыг зөвхөн цагаан толгой, монгол хэлний хэлзүйн хүрээнд заах биш үндэснийхээ соёл, ёс заншил түүх ахуй амьдрал гээд агуулгаараа их өргөн хүрээнд явуулах шаардлагатай юм байна гэж ойлголоо?
-Тийм ээ. Монголын соёл иргэншлийг таниулахдаа бас өөрсдийнх нь Европт анх олж авсан тухайн ахуй нийгмийнх нь онцлогтой уялдуулах нь үр дүнтэй байдаг. Цагаан толгойг заахдаа хүртэл хоёр орны хэл соёл ахуй сэтгэхүйг харьцуулж л өгөхгүй бол хүүхдүүд монгол хэлээ сурах байтугай бүр дургүй болчихдог. Тэр байтугай албан хүчээр уйлаан майлаантайгаар сургалтдаа очдог явдал ч дуулддаг юм. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар Боловсролын яамнаас тэр хүүхдүүдийн гар дээр оюуны талх нь болж очих юманд л анхаарах хэрэгтэй. Ийм нэг судалгаа гарсан байгаа шүү дээ. Хоёр хэлтэй хүүхдийн оюуны чадвар нэг хэлтэй хүүхдүүдийнхээс 70 хувь илүү байна гэж. Тэгэхээр 70 хувь илүү сэтгэж байгаа хүүхдүүдийн сэтгэхүйг гүйцэж очихын тулд нэг хэлтэй хүүхдүүдэд заадаг шиг сурган заах аргаар зааж болохгүй л дээ. Энэ бол шинээр судлагдаж байгаа салбар. Би уран зохиолын магистр л даа. Дахиад монгол хэлний магистрт бас суулаа. Хоёр хэлтэй хүүхдийн сэтгэхүйн асуудал гэсэн чиглэлийг би сонирхож судалж байгаа юм.
-Манай Засгийн газраас хилийн чанад дахь монгол хүүхдүүддээ чиглэсэн эх хэлний боловсролын бодлого барьж байгаа, сурах бичгээр хангах асуудлыг ярьж байна гэдэг. Тэр нь ямархуу юм?
-Монгол Улсын Засгийн газраас гадаадад байгаа монгол хүүхдүүдийн сурах бичгийн асуудлыг шийдэхээр нэгдсэн групп гаргаж байна гэж сүүлийн үед ярьж байгаа юм байна лээ. Тэр группт мэдээж манай монгол хэлний Монголдоо байгаа доктор профессорууд орж байгаа байх гэж найдаж байна. Дээр нь гадаадад эх хэлний хичээл зааж байгаа багш нараас санаа оноог нь авах, магадгүй тэр группт нь оруулж хамтарч ажиллавал илүү үр өгөөжтэй юм уу гэж санах юм.
-Та өөрөө яруу найрагч хүн. Эх хэлээ зааж байна. Үндэсний уран зохиолоосоо тэнд байгаа хүүхдүүдэд танилцуулдаг биз дээ. Үндэсний уран зохиол гэдэг чинь хүнээ төлөвшүүлэх хамгийн том орон зай шүү дээ?
-Энхтуяа өөрөө яруу найрагч болохоороо зохиолч нараа заагаад байна, монгол хэл гэдэг чинь уран зохиол юм уу гэсэн салхины үг сонсогдож байсан л даа. Тэрийг сонссон манай хэлний төвийн удирдлагууд гайхаад “”Хүүе ээ, монгол хэл гэдэг чинь уран зохиолоо заадаггүй юм уу” гэж байсан. Ийм асуудлаар шведүүд нь гайхаж байгаа юм. Танайд монгол хэлний сургалтдаа уран зохиол ордоггүй юм уу, тэгээд та нар яаж монгол хэлээ заадаг юм бэ гээд нэг өдөр манай дарга надаас асуугаад гайхаж байсан. Ер нь манай монголчууд хүний газар хэнд, хаана, юу хэлэхээ бодмоор юм гэж санагдсан шүү. Миний хувьд, эх хэлээ ахуй соёлтойгоо, тэндхийн нийгэм ахуйтай нь, монгол уран зохиолтойгоо холбоод зааж байгаа нь нэг ёсондоо надад жаргал болж байгаа юм л даа.
Н.ПАГМА