Categories
мэдээ нийгэм

Банкны ажилтнуудыг чадавхижуулах замаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг тэлнэ

Зураг“Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх онол,практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийн хаалтын ажиллагааг Монголбанкинд зохион байгуулав.

Дээрх төслийн хүрээнд сургалтанд амжилттай хамрагдсан 11 арилжааны банкны 41 ажилтанд сертификат гардууллаа.

Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан, Монголын банкны холбоо хамтран дээрх төслийг жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат хэлэхдээ, “Иргэд өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгоход санхүүгийн суурь мэдлэг чухал. Тиймээс иргэдтэй шууд харилцах банкны ажилтныг чадавхижуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд эл төсөл хувь нэмрээ оруулсан”гэв.

Голомт банкны харилцааны менежер Т.Марал-эрдэнэ “Эл төслийн хүрээнд банкны ажилтныг мэргэшүүлэх онол,практик хослуулсан сургалт долоон сар үргэлжилж, өнөөдөр сертификатаа гардлаа. Банкны ажилтнууд иргэд олон нийтэд хэрхэн үр дүнтэй зөвлөгөө өгч ажиллах талаар маш үр дүнтэй сургалт болсон. Сургалтын хүрээнд зээлийн талаар болон харилцагчиддаа хэрхэн зөвлөх, харилцах данс, төлбөр тооцоог гаргах чиглэлээрх Германы туршлагаас судаллаа. Иргэдийн хувьд санхүүгийн боловсрол тааруу байдгаас хуримтлал тэр бүр хийдэггүй. Тиймээс банкны ажилтнууд хуримтлал хийхэд хамгийн гол зөвлөгч нь байх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан” хэмээлээ.

1924 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тэмдэглэх болжээ. Энэ өдрийн хүрээнд банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулж иржээ.

Манай улсын хувьд анх 2012 онд Монголын Банкны Холбоо энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг гаргаж, нийт иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, хуримтлалаа нэмэгдүүлэхэд зөвлөмж өгч, уриалга гаргаж иржээ. Өнгөрсөн жилээс эхлэн тус өдрийг Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон гишүүн банкууд, санхүүгийн бодлого боловсруулагчид хамтарч хэрэгжүүлж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *