“Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосноороо Холливудад хөл тавьж буй анхны монгол жүжигчин гэгдэж буй Балжиннямын Амарсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө Холливудад Монголын жүжигчдийн анхны шанг татаад ирсэн танд баяр хүргэе. “Марко Поло” киноны нээлтийн гэрэл зургуудыг чинь интернэтээр харж, энд байгаа монголчууд бид баахан хөөрөв. Ер нь тэнд яг ямар арга хэмжээ болов?
-“Марко Поло” олон ангит киноны маань нээлт энэ сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо болсон. Киноны нээлтэд кинонд оролцсон жүжигчид газар газраас цуглаж, нээлтээ хийж, бас орой нь томоохон хүлээн авалт боллоо. Нээлтийн үйл ажиллагаа нь өөрийн онцлогтой, зураг авахуулах ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг нь анзаарагдсан. Загвар өмсөгч шиг л юм болсон. Зурагчид нь одоо инээ, ийшээ харна уу гээд л тун сүртэй юм билээ. Бие хаа, өмссөн хувцсаа гайхуулах нь үйл ажиллагааны нэг хэсэг нь юм байна. Холливудын киноны нээлт, Оскарын шагнал гардуулах үед жүжигчид зураг авахуулахдаа ач холбогдол өгч, өмссөн хувцсаа тайлбарлаж ярьдаг даа. Угаасаа энэ нь тийм том соёл болж хэвшсэн юм байна лээ.
-Манайхан улаан хивсний ёслолыг хийдэг болоод удаж байгаа. Хэр ялгаатай юм?
-Манайд улаан хивсэн дээрээ алхаад л ороод явчихдаг. Тэнд бол байрлал бүр дээрээс өөр, өөр зогсолттой зураг авахуулах тухайд нарийн зааварчилгаа өгөх юм. Ганцаараа зогс, одоо хоёулаа гэхчлэн алхам бүрт зааварчилж, нээлтийн үеэр зөвхөн зохиолч, найруулагч нь тайзан дээрээ гараад жүжигчдээ суудал тус бүр дээрээс нь танилцуулаад явчихдаг юм билээ. Манайхан тайзан дээр бөөнөөрөө гараад зогсдог доо. Дараа, дараадаа анхаармаар зүйлс ажиглагдаж л байлаа.
“Нетфликс”-ийн гүйцэтгэх захирал гэхэд жүжигчин бүрийг хүлээн авч, зургаа хамт авахуулж байсан. Миний хувьд киноныхоо нээлтэд оролцчихоод, Лос Анжелест очиж өөрийнхөө агентлагийнхантай уулзаж, хийсэн ажлынхаа тайланг албан ёсоор танилцуулаад ирсэн.
-Агентлагийнхаа талаар танилцуулахгүй юу. Хэр том газар вэ. Өөрөө яаж холбогдсон юм бэ?
-Манай агентлаг бол “UNEW” гэдэг агентлаг. Үүнийг задлаад уншихаар”United nations east west” гэдэг. Ер нь баруунаас Ази руу, Азиас баруун руу, Холливуд руу жүжигчид гаргадаг нэлээд нэртэй агентлаг. Солонгос, Хятадын маш олон жүжигчинг Холливудад гаргасан. Манайхны Ин Ха нэрээр нь анддаггүй БНСУ-ын жүжигчин Ли Бюн-хюныг гэхэд Холливудад гаргасан газар л даа. Миний хувьд энэ агентлагтайгаа холбогдох гэж маш их хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж байж холбогдож байсан. Дэлхийн бүх л жүжигчид тэдэн руу ханддаг том байгууллага. Би ч таалагдах гэж хэрэндээ л юм болж байлаа. Тэгээд энэ агентлагтай гэрээгээ хийж ажиллаж байтал тэд ийм кино байна гэж санал болгосон юм.
Харин Аригбөхийн дүрийг авахын тулд агентлаг маань чамгүй хичээж, би дөрвөн сарын турш Малайз руу ирж очиж, хэдэн хэдэн удаа пробонд орж байж шийдэгдсэн юм. Нэг талаас зүгээр киноны дүр авах гэж байгаа мэт боловч үүний цаана хэр том өрсөлдөөн, тэмцэлдээн байсан гээч. Би олимпийн эрх авах гэж байгаа тамирчин шиг, тэд маань сойсон хүлгээ хүлээж байгаа уяачид шиг л байсан. Тухайн үедээ Аригбөхийн дүрийг авсан мэдээг дуулчихаад манай агентлагийнхан тэнд, би энд бөөн баяр хөөр болж байж билээ. Сая энэ дүрээ амжилттай сайн бүтээсэнд талархаж тэд маань намайг хүлээн авч, би бас хийсэн ажлаа албан ёсоор тайлагнаад ирсэн нь тэр.
-Нээлтийн үеэр монгол дээл хувцсаа өмссөн тань үнэхээр сайхан харагдаж байсан. Хувцаслалтаа хэнтэй зөвлөсөн, ямар учир бэлгэдлийг бодож тэр хувцаснуудыг өмсөв?
-Энэ кинонд гуч гаруй орны жүжигчид оролцсон, тэр дундаа монголчууд бидний тухай кино болохоор үндэсний дээл хувцсаа өмсөх нь зөв гэж шийдсэн. Ингэх нь тун утга учиртай болох талаар Монголын талаас намайг төлөөлдөг “Амин шийдэл PR” агентлаг зөвлөсөн.Цаад талын агентлаг маань ч дэмжсэн. Хэдийгээр би киноны нээлтэд монгол дээл хувцсаа өмсөөд зураг авахуулсан мэт боловч цаана нь маш олон хүний сэтгэл, санаачилга, оролцоо байсан гэдгийг зориуд хэлмээр байна. Тэнд очоод монгол үндэсний дээл хувцсаа, монгол брэндээ сурталчлах үүднээс “Говь”-ийнхоо ноолууран дээлээр гоёсон. Дээлийг “Говь кашмир”, малгайг “Бүрх” компани, гутлыг “Best shoes”, гоёл чимэглэлийг “Монгол костюмс” гээдүндэсний шилдэг компаниудаар хийлгэсэн. Бас оройн хүлээн авалтад өмсөх хувцсыг Б.Баярмаа бэлтгэж өгсөн. Дэлхийд өөрийн нэрээр нэрлэгдсэн “Баярмаа” гэсэн брэндийг гаргах гээд зүтгэж яваа тун чадалтай дизайнер эмэгтэй байгаа юм. Бидний дээлийг бүтээсэн “Говь”-ийн дизайнер Э.Батцэцэг маань энд болсон “Гоёл”-оор шилдэг дизайнер болсныг дуулаад бид хэрдээ бэлгэшээж байлаа. Бас монгол эрийн чимэг болсон хэт хутгыг дархан найз маань урлаж өгсөн. Тэнд очиход ч АНУ-д байгаа монголчууд маань сэтгэл гарган хүлээж авсан. Нисэх онгоцны буудал дээр Харвардад суралцаж байгаа НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, бас тэнд ажиллаж амьдардаг дизайнер Номин нар угтаж авсан. Хоёр ихэр загвар өмсөгч гэдгээр нь монголчууд сайн мэддэг хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин С.Ижилцэцэг эгч маань бидний стилистээр ажиллаж өгсөн. Өөрөө энэ мэргэжлээрээ тэнд ажилладаг юм билээ. НҮБ-д сууж байгаа Элчин сайд О.Оч гэргий Ж.Цолмонгийн хамт байнгын төлөөлөгчийн газартаа хүлээн авсан. Бас киноны маань нээлтэд тэд оролцсон. Мөн Нью-Йоркийн дэлхийн бүх үндэстний үүх түүхийг багтаасан “Метрополитан” музейд ажилладаг С.Ариунаа эгч маань маш сайхнаар хүлээн авсан. Бас Монгол телевизийн нэвтрүүлэгч Б.Уранчимэг тэнд телевиз байгуулаад ажиллаж байгаа. Урнаа эгч маань ирж, нээлтийн үеэр ярилцлага авсан. Ер нь энэ бол дан ганц Амараа гэдэг жүжигчний асуудал биш элэгтэй, сэтгэлтэй бүх монголчуудын анхаарал тавьж, ач холбогдол өгсөн явдал байсан. Зам тээврийн сайд асан А.Гансүх, “ДиДи Ш” телевизийн захирал Ганболд нарын хүмүүс гэхэд сэтгэлийн дэм болж тусалсан. Тэд монгол хүн тэнд бусдаас дутуу харагдаж болохгүй, эн тэнцүү, илүү гэдгийг батлаарай гэж хүсч байсан нь сайхан санагдаж байсан.
-Олон орны жүжигчид оролцсон гэсэн. Танаас өөр үндэсний хувцсаа өмссөн хүн байв уу. Монгол дээл хувцас бол танай киноныхонд харин ойрхон, дотно байсан байх шүү?
-Тонгогийн жүжигчин үндэсний хувцсаа өмсөнө гэж байсан ч өмсөөгүй харагдсан. Ганцаараа би л үндэсний хувцсаа өмссөн байсан даа. Тэдний маань хувьд киноны турш өмсч хэрэглэж байсан монгол дээлний орчин цагийн хувилбарыг харах сонин л байсан байх. Хэрэв би адал явдалт, боевик кинонд тоглосон бол магадгүй костюм пиджак өмсч болох. Харин түүхэн, тэр тусмаа монголчуудын түүхийг өгүүлсэн кинонд үндэсний дээл хувцсаа өмсөөд улаан хивсэн дээр алхах нь зөв гэж бодсон. Олон ч хүн үүнийг зөв шийдэл байсан гэж байгаа.
-Киноны нээлт дээр өөрийг чинь ихэд онцгойлж танилцуулж байсан гэж дуулсан. Энэ үнэн үү. Бас олон ангит киноны нээлт гэхээр ямар онцлогтой байх юм. Хэдэн ангийг нь гаргадаг юм бэ?
-Ер нь тэрний дүрд тэр гээд л эхнээс нь хэлээд явж байсан л даа. Харин намайг зарлахдаа “Энэ хүнийг танилцуулахдаа би маш их баяртай байна. Энэ бол Монголоос ирсэн жүжигчин Амараа” гэж танилцуулсан. Нээлтэд байсан монголчууд чамайг онцолж танилцууллаа шүү гэцгээж байв. Монголчуудын тухай кинонд монгол хүн тоглосонд нь тийн онцолсон биз ээ. Нээлтийн хувьд нэг ангитай кинотойгоо зарчмын хувьд адилхан эхний хоёр ангийг нь кино театраар гаргаад нээлтээ хийчихдэг юм билээ.
-“Марко Поло” киног бүтээж буй “Нетфликс” компанийн тухай манайханд ойлголт өгөхгүй юу. Ямар учраас энэ бүтээлийг барьж авсан юм бол?
-“Нетфликс” компанийг телевизийн урлагт асар том шинэчлэл хийсэн гэж үздэг. Интернэтээр дамжуулаад бүтээгдэхүүнээ үзэгчдэд хүргэдэг учраас дэлхийн өнцөг булан бүрт олон сая үзэгчтэй болчихсон. Үзэгчид нь тэдний бүтээлийг үзэх эрхийг сарын долоо, найман ам.доллараар авчихаж байх жишээтэй. Одоо хойд, өмнөд Америк, Европ тэр чигтээ “Нетфликс”-ийн бэлтгэдэг кино, нэвтрүүлэг, шоуг үзэж байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дэлхийн 40 оронд захиалагчтай байна гэсэн тооцоо байна лээ. Бараг дэлхий даяар захиалагчийн тоо 30 сая дөхөж, өссөөр байгаа гэсэн. Тэгэхээр энэ компанийн бүтээл дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болно гэсэн үг. Манайд “Юнивишн”-ийн видео сангаас хүмүүс мөнгө төлөөд үздэг болсон шиг хүмүүс мөнгө төлөөд “Нетфликс”-ийн үйлдвэрлэж байгаа бүх контентүүдийг үздэг гэж ойлгож болох юм.
-Энэ киноны эхний ангиуд нь гарч хүмүүс интернэтээр үзсэн талаараа санал бодлоо хуваалцаж байна л даа. Их монголжуу, монгол тал руугаа болж гэх юм. Зохиолыг нь хэн гэдэг, хаанахын ямар хүн бичсэн юм бэ?
-Энэ киног Америкийн зохиолч Жон Фуско бичсэн. Тэрбээр Холливудын хэд хэдэн киноны зохиолыг бичиж, Жет Ли, Жаки Чан нар тоглосон байдаг. Жон Фуско бол 2007 онд анх Монголд ирж, морь унаад манай хөдөө нутгаар явсан хүн. Энэ киног хийе гэж эртнээс бодож төлөвлөсөн шиг байгаа юм. Кинон дээр зохиолыг бичсэн гэдгээс гадна created гэж байгаа. Тэгэхээр энэ кино бол тэр чигтээ Жон Фускогийн бүтээл гэж ойлгож байгаа.Өөрөө продюссорлож, “Нетфликс”-т оруулах бүх гэрээг нь хийсэн юм билээ.
-Монгол талын зөвлөх гэж байгаа болов уу. Зарим кинон дээр монгол дайчдыг үзүүлнэ гэж хачин юм болгоод хаячихдаг. Гэтэл энэ киноны эхний ангиудаас харахад монгол дуу, хувцас хэрэглэл ашиглаж, бортгон малгайнаас эхлээд дайчдын өмсгөл хувцас бидэнд тун ойр санагдаж байна лээ?
-Жон Фуско одоогоос олон жилийн өмнө Монголд ирж аялж явахдаа танилцсан аяллын компанийн захирал Бямбаа гэдэг монгол хүнийг киноныхоо соёлын зөвлөхөөр авсан байна лээ. Монгол ёс заншил, ахуйг зөв гаргаж, тусгахад их анхаардаг. Долоо хоногийн нэг өдрийг гэхэд “Монголын өдөр” болгож, Монголыг танилцуулж, хэрэгцээтэй мэдлэг мэдээллийг жүжигчдэдээ зааж сургадаг. Тэгэхээр өөр байхаас аргагүй юм даа.
-Та киноны эхний хоёр ангид тоглосон. Дүрээ судалж байгаа жүжигчид таниас монгол ахуй, монгол амьдралын талаар асууж л байсан байх?
-Тэгэлгүй яахав. Тэнд байх хугацаандаа аль болох олон хүнд дээл хувцсаа зөв өмсөхөөс эхлээд монгол гэрт яаж суух, шагайгаар хэрхэн морь уралдуулах гээд жижиг ч болтугай зүйлсийг хэлэхийг хичээж байсан. Бас харь хэлэнд орчуулагдахгүй борц, айраг гэсэн үгнүүдийг монголоор хэлдэг. Та бүхэн анзаарсан бол “drink airag” буюу айраг уу гэж байгаа даа. Чингис хааны нэрийг гадаадууд Жингис, Гингис гэж хэлцгээдэг. Харин манай кинонд Чингис гэж дууддаг. Би бүр энэ нэрний гарал үүсэл ийм, тийм гэж ярьж хэлж байлаа.Энэ бүхэн монгол жүжигчин тэр багт л байсных. Эхэндээ жаахан шинэдэж байсан ч сүүлдээ багийнхантайгаа ойртоод, тэд ч надаас нарийн ширийн зүйл асуух гээд байдаг болсон.
-Аригбөхийн дүр арай л эрт киноноос гарчихлаа. Уг нь жаахан үргэлжилсэн бол?
-Энэ киноны хамгийн эхний сөрөг дүр нь, Хубилайн эхний дайсан нь Аригбөх болж байгаа. Киноны зохиол дээр сууж байгаа хүмүүс хүртэл Аригбөхийн дүрийг арай л эрт гаргачихлаа. Буцааж авчрах боломж юу байх бол. Зүүдэнд нь хар даруулбал гэх мэтээр ярьж байсан л даа. Зохиол яаж үргэлжлэхийг би мэдэхгүй шүү дээ. Одоогоор гуравдугаар сеазоны зохиол бичигдэж байгаа.
-Энэ кино маань хэдий өртгөөр бүтсэн бол, хэр олон анги үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Киноны өртөг 90 сая ам.доллар гэж байсан. Нэг сеазон нь арван анги үргэлжилнэ. Хэрэв үзэгчдийн таашаалд нийцээд байвал үргэлжлээд байх биз. Хэр олон анги гарахыг одоогоор мэдэх хүн байхгүй л болов уу.
-Их хаадын маань тухай бүтээсэн гадны кинонуудыг харахад шүүмжлэх зүйл олон байдаг. Танай кино хэр шүүмжлэл дагуулах бол?
-Тухайн уран бүтээлч ямар өнцгөөс харуулахыг хүсч байна тэр л мэдрэмжээр бүгд явдаг. Энэ киноны зохиол яаж өрнөхийг би мэдэхгүй байна. Гэхдээ Жон Фуско маш нарийн судалгаатай зохиолоо бичсэн. Би монгол хүний хувьд заримдаа байдал ийм байгаагүй, хувцас хэрэглэл өөр байна гэж гомдоллоход тэрбээр “Марко Поло Их Монгол Улсыг, хааныг юу гэж харж байснаар хийх болно. Олон зууны өмнө байдал одоогийнхоос өөр, түүнийг Марко Поло өөрийнхөөрөө л харж тайлж байсныг би тусгана” гэж байсан. Тэгэхээр тэр түүхийн дагуу өрнөх болов уу. Гэхдээ энэ уран сайхны, арилжааны кино учраас хэтрүүлэг, уран дүрслэл байх биз ээ. Жон Фуско монголчуудыг багагүй судалсан хүн гэдэг нь надад цөөнгүй зүйлээс анзаарагдсан. Тухайлбал, Жон монголчууд амьсгааны хэлээр ярьдаг ард түмэн гэж байгаа юм. Тэр нь бидний тхх, хнн, ммм гээд авиагаар зөвшөөрч, дургүйцэж, дэмжиж, эгдүүцэж байгаагаа илэрхийлдгийг хэлж байна л даа. Түүнийг энэ кинон дээр ч гаргахыг оролдсон. Хубилай бид хоёрын байлддаг хэсэг дээр Хубилай мориноосоо шууд буугаад ирж байгаа юм. Зүй нь хоёр талаас ирүүлд баатрууд гарах ёстой байтал өөрөө тулалдахаар буухад нь би өөрөө гэж үү гэсэн санаагаар “Иинн” гэхэд “Тхх” гэж байгаа юм. Харин би “Зөөз” гээд тулаан эхэлж байх жишээтэй. Үзэгчдэд тэр нь сонстох л байх. Тэгэхээр биднийг ингэж судалсан хүний бүтээл өөр л байх болов уу.
-Жүжигчдийн хувьд ямар, ямар уран бүтээлчид тоглосон бэ?
-Хубилай хааны дүрд Хонконгоос гаралтай Англид төрсөн жүжигчин Бенедикт Вонг тоглосон. Бенни голдуу инээдмийн дүр бүтээж байсан гэдэг. Анхны түүхэн киноны дүр нь. Тэрээр энэ дүрдээ тоглохын тулд нэлээдгүй жин нэмж таарсан. Марко Пологийн дүрд Италийн жүжигчин Лорензо Ричелми тоглосон. Жон Фуско өөрөө “Энэ кинонд Холливудын алдартай жүжигчдээс тоглуулж болох байсан. Гэхдээ алдартай гэхээсээ ирээдүйд алдартай болох, өсч яваа оддыг би сонгосон” гэсэн нь учиртай. Ер нь энэ киноны жүжигчид нэрд гарах замыг нь “Марко Поло” хөтөлнө гэдэгт итгэлтэй, ийм түүхэн кинонд тоглож байгаадаа бэлгэшээж, баярлаж байсан. Бас “Сүүлчийн эзэн хаан” киногоор нь манайхан мэдэх хятад гаралтай АНУ-ын жүжигчин Жоан Чен Хубилайн хатны дүрд тоглосон.
-Өөрөө энэ кинонд тоглох санаачилгыг хаанаас олж, пробонд хэр олон жүжигчидтэй өрсөлдөж олж авсан бэ?
-Манай агентлаг надад Аригбөхөөс гадна Хубилай, Хайдугийн дүр байгааг санал болгож байсан л даа. Жүжигчин өөрөө сонгож аль дээр нь өрсөлдөхөө шийдэж болдог. Гэхдээ эцсийн шийдвэрийг “Нетфликс” гаргана. Тэдний хувьд намайг монгол хүн, Аригбөхөд л илүүтэй таарна гэж шийдсэн байх. Өрсөлдөгчдийн хувьд маш олон хүн байсан. Нэг өрөөний ханаар дүүрэн, зөвхөн Аригбөхөд өрсөлдөж байгаа жүжигчдийн цээж зураг хадаастай байсан гээд бод доо…
Ярилцсан
Э.ЭНЭРЭЛ