УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар оролцлоо.
Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хийсэн мэдээлэлдээ, тус Байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 11, олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Түүнчлэн яам, агентлаг, харьяа байгууллагын танилцуулга, мэдээлэл гурав, Байнгын хорооны болон ажлын хэсгийн танилцуулга, төлөвлөгөө, тайлан зэрэг нийтдээ давхардсан тоогоор 40 асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Энэ хугацаанд Байнгын хорооны хуралдаанаас нийт 33 санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 23 саналын томьёолол гаргасан тухай дурдав. Мөн тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо намрын ээлжит чуулганы хугацаанд гурван удаа хуралдаж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэснийг хэллээ.
Тус Байнгын хороо намрын чуулганы хугацаанд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан юм. Түүнчлэн намрын чуулганы хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээр, “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт протокол”, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага”-ын конвенцийн нэмэлт, өөрчлөлт, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар конвенц, лон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенц, ”Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах, нэгдэн орох тухай зэрэг 13 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулжээ.
Мөн авлигын асуудалд анхаарлаа хандуулж, авлигаас, тэр дундаа өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Авлигатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, МУИС, Азийн сан, Эмэгтэй удирдагч сан, Хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол-практикийн хурлыг яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 120 гаруй төлөөллийг оролцуулж зохион байгуулсныг онцлов. Энэхүү онол-прктикийн хурлын илтгэлүүд болон хурлаас гаргасан зөвлөмжийг эмхэтгэн хэвлүүлж, аймаг, нийслэл, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн байна.