Categories
мэдээ нийгэм

Багш нар ажил хаялт зохион байгуулахгүй

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо болон Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо гурван сарын турш багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар тэмцсэн. Ийнхүү тэд ажил хаялтын тэмцэлд шилжиж үр дүнд нь гурван яамтай гэрээ хэлэлцээрт сууж арав хоногын турш цалин нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна. Хэлэлцээрийн ширээнд Аж үйлдвэрийн яам, Боловсролын яам, Сангийн яам, Монголын ҮЭ-ийн холбоо болон “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны тэргүүлэгч нар оролцсон аж. Энэхүү хэлэлцээрийн үр дүнгийн талаар “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо” мэдээлэл хийлээ.

ГУРВАН САРЫН ТЭМЦЭЛ НААШТАЙ ҮР ДҮНГ ГАРГАЖ ЧАДЛАА

Хэлэлцээрийн үр дүнгийн талаар “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны ерөнхий зохицуулагч Ц. Мөнхтуяа хэлэхдээ “ЗГ-ын зүгээс 2017 онд цалин нэмэх боломжгүй бөгөөд вальютын сантай хатуу гэрээ хийсэн. Тийм учраас үндсэн цалин нэмэхгүй бол урамшуулал, нэмэлт хөлсний зарчмаар багш нарын бодит орлогыг нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг бид хүргүүлсэн. Бодит үр дүнд хүрч чадлаа” гэв.

Ийнхүү гурван яамтай хамтарсан хэлэлцээрийн үр дүнд Боловсролын яам мэдэгдэл хийв. Багш ажилчдад 516 мянган төгрөгийн нэмэлт урамшууллыг 11 болон 12 сард хувааж олгохоор болсон байна. Мөн 2018 оны нэмэлт урамшууллын тухайд дахин хэлэлцээрийн ширээнд сууж багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлж бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллахаар болжээ.

БАГШ Ц. ЛУВСАНДОРЖ: БАГШ НАР АЖИЛ ХАЯЛТАД ОРОЛЦОХГҮЙ

-Хэлэлцээрийн шатанд явж байгаа учраас багш нар ажил хаялтанд оролцохгүй. Анх хэлэлцээрийн ширээнд суухыг шаардаж ажил хаялтыг эхлүүлсэн. Үүний үр дүнд гурван яамтай хэлэлцээрийн ширээнд сууж эрх зүйн баримт бичгийн гарын үсэг зураад явж байгаа учир бид ажил хаялтад оролцохгүй. ҮЭ-ийн зүгээс үл ойлголцол үүсэж биднийг хууль бус гэж нэрлэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 124.4 дэх хэсэг дээр хууль бус ажил хаялт гэдгийг зөвхөн шүүх л тогтоодог. Тэрнээс хэн нэг этгээд өөрт таалагдаагүй үйл явдлыг хууль бус хэмээн өөрийн үнэлэлт дүгнэлтийг нийгэмд тараах нь зохимжгүй гэж үзэж байгаа гэв.

ЗГ-аас төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгөөөс гадна, багш нарын улирал бүр авдаг 45-н хувийн урамшууллыг нэг хүнд 36 хувь байхаар тогтоож ялгаваргүй шууд олгохоор болсон гэх хуралдаан шийдвэрийн талаар “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны дэд зохицуулагч Б.Бат-эрдэнээс тодруулав.

-Ерөнхийдөө албан ёсоор гарын үсэг зурж эцэслээгүй ч гэсэн 516 мянган төгрөгийг авах яриа хэлэлцэгдсэн байгаа. Энэ дээр түр хорооныхон дотроо зөрчилдөөн үүсгэсэн. Үүн дээр монголын мянга мянган багш нар ч зөрж байгаа. Яагаад гэвэл бид үндсэн цалингаа нэмүүлэе гэж тэмцлээ эхлүүлсэн. Үндсэн цалинг нэмж үнэхээр болохгүй байлаа гэхэд байнгын авдаг урамшуулалтай болоё, нэмэгдэл хөлсийг авая гэсэн санал хүсэлтийг явуулж өнөөдрийг хүрсэн. Гэтэл зөрчилдөөн гарлаа. Хэвлэлийн хурлын үеэр энэхүү шийдвэрийн хүлээн зөвшөөрч байна гэсэн зүйл ярьсан байх. Гэвч энэ нь албан ёсны эцэслэсэн зүйл биш. Бид бүхэл бүтэн гурван сарын турш тэмцэл хийчээд 500 мянган төгрөгөөр амаа таглуулах сэхээтнүүд биш. Бид бодит орлогыг цалин хөлсөн дээрээ байнга авахыг хүсэж байгаа. Нэг удаагийн мөнгөн урамшуулал хүсээгүй. Цаашдаа энэ асуудлаар дахин хэлэлцэнэ. Өнөөдөр шийдвэр гараагүй байхад мэдээллэж байгаад харамсаж байна гэв.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *