Categories
мэдээ эдийн-засаг

Багануурын уурхайнхан ТЭЗҮ-гээ хүлээн авлаа

Багануурын уурхайн урт хугацааны буюу хаалт хүртэлх стратегийн баримт бичиг гэж хэлж болох ТЭЗҮ-гээ уурхайн хамт олон өнөөдөр хүлээн авчээ.

Тус уурхайн анхны ТЭЗҮ-г одоогоос 40 шахам жилийн өмнө тухайн үеийн ЗХУ-ын Гипрошахтын институт боловсруулсан байдаг бол хоёр дахь ТЭЗҮ боловсруулах ажлыг Австрали улсын Ранга Пинкок Минарко компанитай хамтарсан консериумаар гүйцэтгэсэн байдаг аж.

Монгол Улсад эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдах зайлшгүй шаардлагатайг урьдчилан харж, Улаанбаатар хотын ДЦС-уудын нүүрсний хэрэгцээнд 5 сая, Багануур дүүрэгт баригдах ДЦС-д 3 сая, нүүрс хийжүүлэх үйлдвэрт 2 сая, нийт 10 сая тонн нүүрс нийлүүлдэг хүчин чадалтай уурхай байхаар тооцоолон ТЭЗҮ боловсруулсан нь Багануур дүүрэгт ДЦС, нүүрс химийн цогц үйлдвэр баригдах суурь тавигдсан гэж дүгнэж болох юм.

Түүнчлэн Багануурын хүрэн нүүрсээс байгалийн хий гаргаж авах төслийг боловсруулж тун удахгүй ТЭЗҮ-гээ Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болжээ. Энэ нь тус уурхайд хийгдэж буй гурав дахь ТЭЗҮ юм. Дашрамд өгүүлэхэд, 2014-2015 онд Багануурын ордод геологийн нэмэлт хайгуул хийж, нөөцийг шинэчлэн ордын нөөцийг 274 сая тонноор нэмэгдүүлж, нийт нөөцийг 812 сая тонноор тогтоон ЭБЗ-ээр батлуулсан байна.

Энэ нь жилд 10 сая тонн нүүрс олборлоно гэж үзвэл Багануурын уурхай 61 жилийн турш үйл ажиллагаа нь найдвартай хэвийн явагдана гэсэн үг. Уурхайн хамт 2012-2013 онд “Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”-өө боловсруулж, түүнийгээ үндэслэн ордын нөөцийг шинэчлэн тогтоох, зэрэг ахиулах, нөөцийг нэмэгдүүлж, JORC стандартаар үнэлгээ хийлгэсэн нь компаний нэр хүндийг өсгөсөн нь төдийгүй зах зээлд Багануурын хувьцаа арилжаалагдах нөхцөл бүрдсэн байна.

Түүнчлэн одоо ашиглагдаж байгаа бүхий л Тоног төхөөрөмждөө нарийвчилсан үнэлгээ хийн үлдэгдэл нөөцийг тогтоож, 2013 оноос өөрийн хөрөнгө оруулалтаар 30 гаруй тэрбум төгрөгийн техникийн хэсэгчилсэн шинэчлэлтийг хийжээ. Өнгөрсөн 2015 онд нүүрс бутлан ачих байгууламжийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар сул зогсолт 60 хувиар буурч, жилд 500 мянган тонн нүүрс зах зээлд нэмж борлуулах боломж бүрдсэн төдийгүй тэр хэрээрээ нүүрсээ нөөцөлж чаддаг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *