Categories
мэдээ нийгэм

Багахангайн иргэд дэд бүтэцдээ түшиглэн дагуул хот болохыг хүсч байна

УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2017.08.23/ Багахангай дүүрэгт боллоо.

Хэлэлцүүлэгт Багахангай дүүргийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ц.Дэнсмаа болон I,II хорооны 200 гаруй иргэн оролцож, санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан хөтөлж, УИХ-ын тогтолцоонд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Д.Мягмарцэрэн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай нэмэлт, өөрчлөлтийн талаар ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм, Засгийн газар, шүүх эрх мэдлийн хүрээнд орж буй нэмэлт өөрчлөлтийн талаар Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Л.Батмөнх нар танилцуулж, мэдээлэл өглөө.

Танилцуулга мэдээллийн дараа, иргэд санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Багахангай дүүргийн I хорооны иргэн С.Баатархүү “Үндсэн хууль нь тухайн улс орны “эцэг” хууль байдаг. Иргэний хувьд хоёр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Миний ойлгож байгаагаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв. Учир нь, улс төрийн харьяалалгүй ажлаа шийдэх боломжтой. Хоёрдугаарт, төрийн албыг тодорхой зааж өгсөнд баярлаж байна. Төрийн албанд намын харьяаллыг тодорхой тусгасан. Төрийн албаны үүргийг гүйцэтгэхэд намын асуудал ихээхэн хүндрэл учруулдаг. Олон жил ажилласан мэргэжлийн хүмүүсийг намын харьяаллаар ажлаас нь хоморголон халдаг шүү дээ. Үүнийг цэгцлэх нь улс орны хувьд томоохон шинэчлэл болно гэж үзээд дээрх хоёр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна” гэлээ.

ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ц.Дэнсмаа “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ард нийтийн хэлэлцүүлэг манай дүүрэгт зохион байгуулагдаж байна. Дүүргийн Засаг даргын захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч хорооны иргэдэд хэсэгчилсэн байдлаар мэдээлэл хүргэж ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийнхээ саналыг нэлээд түлхүү авч байна. Иргэдийн хүсэн хүлээж байгаа саналууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссанд талархалтай байна. Багахангай дүүргийн иргэдээс ирж байгаа саналыг харахад хот болох хүсэлтийг их тавьж байна. Иймд УИХ-ын Тамгын газраасҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа хүмүүс иргэдийн саналыг хуулийн төсөлд тусгуулахад ач холбогдол өгч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Багахангай нь нийслэлээс алслагдсан гурван дүүргийн нэг. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахын тулд Багахангайг дүүргийн статустай байгуулаад 27 дахь жилдээ ажиллаж байна. Дүүргийн онцлог нь дэд бүтэц сайн хөгжсөн, газар нутгийн хувьд үйлдвэр үйлчилгээ явуулахад тохиромжтой. Учир нь, төмөр зам, автозамд холбогдсон нь цаашид Улаанбатарындагуул хот болон хөгжих боломжтойг иргэд нь онцолж байлаа. Хэлэлцүүлэг Багануур дүүрэгт үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *