Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийнхан амарсан. Тиймээс өчигдөр замын хөдөлгөөн эрс сийрэг болсон юм. Ямар сайндаа “Түгжрэлийг бага ангийнхан үүсгэдэг байсан юм биш үү” хэмээн хошигнох вэ дээ. Түгжрэл өглөө, оройдоо маш их болдог нь бага ангийн хүүхдүүдээ хүргэж өгч, авдгаас болдог. Үүнээс өөрөөр яах билээ. Ямар хуруун чинээхэн нөхдүүдийг дааж ядсан цүнхийг нь үүрүүлээд өөрөө учраа ол гэлтэй биш. Гадаадын улсуудад энэ асуудлыг хамран сургах тойргоор нь сургах, сургуулийн автобус гаргаж, хүүхэд бүрийг хамруулах байдлаар шийддэг байна. Харин манайд болохоор гэрийнхээ ойр сургуульд өгье гэхээр харах хүнгүй болчихдог. Тиймээс аав, ээжүүд өөрийн ажлынхаа ойролцоо сургуульд сургаж, өглөө, оройдоо цуг явах байдлаар эл асуудлаа шийддэг. Үүнээс гадна дүүрэг, дүүрэг алгасуулан хувийн сургуулиудад хүүхдүүдээ сургах нь ч байдаг.
Өнөөдөр бид түгжрэлээ шийдэж чадахгүй, салдаггүй нэг “толгойны өвчин”тэй болчихоод байгаа. Тэгвэл урт хугацаандаа түгжрэлээ шийдэж, олон жил яригдсан метро, давхар зам зэрэг бүтээн байгуулалтаа хийтлээ нэг, хоёрдугаар ангийнхныг хавар, намрын улиралд
хичээллэдэг болговол яасан юм бэ. Тэр чигээрээ биш л дээ, түгжрэлээ шийдтэлээ л гэж байгаа юм. Утаа униар багассан хавар нэг хэсэг хичээллээд зун нь амардаг. Буцаад намрын дулаанд сургуульдаа явж байгаад өвөл нь амардаг байвал бага насныхны өвчин эмгэг ч буурах байх. Өвлийн тэсгим хүйтэн, утааны цагт түгжрэл ч буурна. Хаа, хаанаа ашигтай ийм байдлаар зохицуулж болохгүй гэх газаргүй. Засгийн газар, Боловсролын яамны түвшинд яриад ард түмнээсээ санал асуулга аваад тав, 10 жилдээ ийм байдлаар яваад үзэхэд нэг их буруудахгүй л болов уу.