Categories
мэдээ цаг-үе

“Баасан ах” төрсөн өдөртэй болсон түүхийг нэхэн дурсвал

Хэлний хөгжлийн явцад этгээд үг хэллэг үүсэн буй болж, мөхөн үгүй болох нь хэвийн үзэгдэл. Сүүлийн үед монгол залуучуудын хэлэх дуртай болсон нэг тийм шинэхэн этгээд хэллэг бол “Баасан ахын төрсөн өдөр” билээ. Бямба, ням гаригт амрах хуваарьтай, баасан гаригт залуус хэд гурваараа нийлж цэнгэхэд ардаа ажилгүй амар, гэвч бас шалтаг хэрэгтэйн тул энэ хошин хэллэг үүссэн аж. Гэвч саяхныг хүртэл бямбад амардаггүй учраас Баасан ахын төрсөн өдөр гээч байгаагүй, тэр ч бүү хэл хориод оноос өмнө нямд ч амардаггүй байсан учраас бямба эгчийн төрсөн өдөр гэх хэллэг ч гарах үндэсгүй байсныг тэр бүр мэддэггүй байж магад.

Монгол Улсад чухам хэдийнээс эхлэн нямд, хэдийнээс бямбад бас амардаг болсон тухайд энд өгүүлсү. Үүнээс өмнө дэлхийн түүхэн дэх долоо хоног, амралтын өдөр гэсэн ойлголтыг авч үзэх нь зүйтэй.

Сар, жилийг долоо хоногоор тоолох болсон түүх нар сарны явдал, одон гаригийн зурхайгаас гадна шашин шүтлэгийн учир холбогдолтой юм билээ. Одоо бидэнд мэдэгдэж буйгаар бол лавтайяа НТӨ VI зуунд иудэйнхэн долоо хоногийн тогтолцоотой байсан бол хожим Ромчууд найм хоноод нэг баяр хийдэг байсан, бүр сүүлд Францын хувсгалчид арав хоногийн систем оруулж ирж байсан түүхтэй. Гэхдээ энэ удаад долоо хоногийн түүх биш, амралтын өдрийн түүхийг ярих учраас гол сэдэвтээ оръё.

НЯМД АМРАХ БОЛСОН ТҮҮХ

Амралтын өдөр, хагас бүтэн ажиллах гэдэг ойлголт анх XIX зууны эхээр Британийн хойд хэсгийн үйлдвэрийн газруудад буй болжээ. Үйлдвэр дээр согтуу ажиллуулахгүйн тулд эзэд нь ажилчидтайгаа тохиролцоонд хүрч, бямба гаригийн 2 цагт ажлыг хаахаа эзэд амлаж, даваа гаригийн өглөө цоо эрүүл ирж байхаа ажилчид андгайлснаар “weekend – сайн өдрүүд” гээч зүйл үүссэн гэдэг. Үүнийг дэлхийн соёлт хүн төрөлхтөн уухайлан дэмжиж, ихэнх улс долоо хоногийн тодорхой нэг өдөр амардаг болжээ.

Монгол Улсын хувьд үйлдвэр худалдаа, албан газар, сургууль соёлын байгууллага үүсээгүй байсан үед амралтын өдрийн тухай ярих огт утгагүй гэдэг нь ойлгомжтой. Нүүдэлчин монгол ардын ажил, амьдрал, амралт бүгд нэгэн цогц ойлголт билээ. Ямар мал нь зөвхөн ажлын өдрүүдээр төллөв гэж. Гэтэл нийслэл хоттой болж, гаднын пүүс компаниуд орж ирж салбараа ажиллуулан, яам тамга, сургууль соёл нээгдсэнээр байдал өөр болж ирэв.

Ингээд Өргөөгийн ажилчдын үйлдвэрчний эвлэл 1922 оны долдугаар сарын 23-ны өдөр Засгийн газарт хандсан нь:

ӨРГӨӨГИЙН АЖИЛЧДЫН ӨРГӨХ БИЧИГ

Улсын завод, үйлдвэрийн газруудын төлөөлөгчдийн бага хурал асуудлыг тал бүрээс нь нягтлан хэлэлцсэний эцэст Засгийн газарт дараахь мэдэгдлийг өргөн барихаар тогтоов.

Европ, Америк, Ази, Африк, Австралийн бүх оронд, газар сайгүй ажилчин албан хаагчид долоо хоногт нэг өдөр амарч байна. Зөвхөн манай Монгол Улсад ажилчин, албан хаагчид ингэх эрхгүй байна. Тэгвэл долоо хоногт нэг удаа амарч байх нь ажилчдын эрүүл мэндийн эрх ашгийн үүднээс туйлын чухал юм. Бүтэн долоо хоног өдөр бүр мал мэт зүтгэн ажиллах боломжгүй байна. Энэ нь ялангуяа гэр бүлтэй хүмүүс, гол төлөв гэрийн бүх ажлыг үүрч байдаг эмэгтэйчүүдэд онцгой хүндрэлтэй байна.

Үүний зэрэгцээ амралтгүй ажиллах нь бас хөдөлмөрийн бүтээмжид зохисгүй нөлөөлж байна. Ядарч туйлдсан ажилчин хүн амардаг хүмүүсийг бодвол өөрийн эрхгүй сонирхол муутай, бүтээмж багатай ажиллаж байна.

Дурдсан бүх зүйлийг харгалзан, дэлхийн бөмбөрцөг дээрх ажилчин, албан хаагчдын эдэлдэг эрхийг бидэнд хамааруулж өгөхийг шургуугаар хичээнгүйлэн хүсч байна.

Орос, Буриад, Монгол хийгээд эрэгтэй, эмэгтэй ажилчдын аль аль нь сэтгэл зовниж байгааг харгалзан, бидэнд ойрын хугацаанд, болж өгвөл дараагийн ням гаригаас өмнө хариу өгөхийг хүсч байна.

Энэхүү хүсэлтийг гардуулж өгөхийг хоёр монгол, хоёр орос ажилчдаас бүрдсэн онцгой төлөөлөгчдөд даалгав.

Бусад соёлтой улсуудын журмыг тусгаар тогтносон Монгол Улсад нэвтрүүлэхийг хүсч байгаа Монголын шинэ Засгийн газар учир нотолгоог анхааран үзэж, бидний хүсэлтийг биелүүлнэ гэдэгт найдаж байна.

Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хороо. Өргөө хот. Энэ оны (1922) долдугаар сарын 22.

Энэхүү өргөх бичгийг Засгийн газрын хуралдаан дээр Сангийн сайд Солийн Данзан сөхөж тавих гээд бүтэлгүй болсон тухай баримт бас “Хураангуй сэтгүүл” хэмээх сонинд үлджээ. Тэр мэдээг толилуулбал:

НЯМ ГАРИГИЙН АМРАЛТЫН ТУХАЙ ДАХИН ӨГҮҮЛЭХ НЬ

Монголчууд болон оросуудын онцгой төлөөлөгчид баярын амралтын өдөр бий болгох тухай хүсэлтээ Засгийн газрын төлөөлөгчид гардуулсан тухай бид нэгэнт мэдээлсэн билээ. Энэ асуудлыг Засгийн газрын нэгэн хуралдаанаар авч хэлэлцэхээр амлажээ. Сангийн яамны сайд Данзанг энэ асуудлыг дахин сөхөж тавихаар оролдоход ням гаригийн амралтын тухай асуудлыг улсын үйлдвэрийн газруудыг хариуцдаг Цэргийн зөвлөлд шилжүүлсэн гэж түүнд цохон хэлжээ. Ажилчид Цэргийн зөвлөл ямар хариу өгөхийг хүлээж байна.

Өргөх бичиг, сонины мэдээ хоёрыг өөрийн зүгээс хэдэн зүйлээр дүгнэе.

Нэгэн зүйл. 1921 оны хувьсгалыг Дилав хутагт анхандаа их өөр, жинхэнэ ардчилсан хэв маягтай байсан гэж дүгнэсэн байдаг нь үнэн бололтой. Хутагтынхаар бол хожим энэ хувьсгалын нэр суу, үйл хэргийг гуйвуулан, дарангуйлал болгосон гэдэг. Үйлдвэрчний эвлэл чухам үнэн утгаараа ажиллаж, Засгийн газраас шаардах зүйлээ шаардаж чадаж байсан нь Дилав хутагтын тэр санааг батлах мэт. Бүр хожим наяад оны үйлдвэрчний эвлэл ч ийм зоригтой, үр нөлөөтэй ажиллаж байсангүй. “Мал мэт зүтгэх” гэх мэт үг хэллэгийг жар далаад оны Үйлдвэрчний эвлэл хэрэглэсэн бол баримтыг үйлдэгсэд шууд улс төрийн хэрэгт орох нь тодорхой байсныг бодоход 1922 он гэхэд Монгол Улсын хэвлэн нийтлэх эрх чөлөө хэр хэмжээнд байсан нь харагдана

Нэгэн зүйл. Ажилчдын эрүүл мэнд, ажлын бүтээмжид ямар нөлөөтэйг оновчтой тодорхойлж, олон улсын туршлагыг дурдаж, монгол, орос, буриад бүгд санал нэгдсэнээ товч тодорхой илэрхийлснээр маш хүч нөлөөтэй бичиг баримт болж чаджээ.

Нэгэн зүйл. Сангийн яамны сайд Данзанг энэ асуудлыг дахин сөхөж тавихаар оролдоход асуудлыг улсын үйлдвэрийн газруудыг хариуцдаг Цэргийн зөвлөлд шилжүүлсэн тухай мэдээ бас олон зүйлийг бидэнд хэлэх мэт. Данзан сайд “дахин сөхөж” гэх нь өмнө нь бас энэ асуудлыг гаргаж байсан байна. Өөрөөр хэлбэл, Солийн Данзан ажилчдыг дэмжиж байж. Хөрөнгөт тал руугаа хүн байсан шүү дээ. “Оролдож” гэдэг үг бүхэл бүтэн Сангийн яамны сайд атлаа асуудлыг шийдэх байтугай хэлэлцүүлж ч чадаагүйг харуулах бөгөөд “Цэргийн зөвлөлд шилжүүлсэн” гэдэг нь улс орны амин чухал асуудлыг тэр үед үнэн хэрэгтээ Засгийн газраас илүү Элбэгдорж Ринчиногийн тэргүүлсэн Цэргийн зөвлөл шийдэж байсныг илтгэнэ. Бүр 1922 он гэхэд л Данзан асуудал тавихаар оролдож, Ринчино тэрийг нь би шийднэ хэмээн нам дарж байсан энэ мөчөөрхөл үргэлжилсээр, 1924 онд нэг нь нөгөөгөө цаазаар авснаар дууссаныг одоо бүгд мэднэ.

Долдугаар сарын 22-ны өдөр тавьсан ажилчдын энэ хүсэлт хэн шийдэх, хэрхэн шийдэх хэмээх хоёр асуудлаар их л маргаан дэгдээсэн бололтой юм. “Хураангуй сэтгүүл”-ийн дараагийн хоёр ч дугаарт огт мэдээ байхгүй, тэгсээр бүр аравдугаар сарын 11-ний дугаарт нийтэлсэн нь:

НЯМ ГАРИГИЙН АМРАЛТ

Тухайн үедээ бидний нийтэлж байсан Үйлдвэрчний эвлэлийн Өргөө хотын гүйцэтгэх хорооноос Монголын засгийн газрын нэр дээр өгсөн өргөх бичиг өөрийн нөлөөг үзүүлэв. Одооноос эхлэн улсын үйлдвэр, албан газрын албан хаагчид ням гаригт амарч байх болов.

Энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд (тун их сунжран удааширсан хэдий ч) Ардын Намын Төв Хороо чухал дэмжлэг үзүүлжээ.(Тугалхүүгийн Баасанхүү “ХХ зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл”, УБ, 2009 он)

Тун их сунжран удааширсныг энэ сэтгүүл мэдээлж байгаа нь нэгд хэр их тэмцэл маргаан өрнөснийг харуулахаас гадна нөгөө талаас сэтгүүлчид хэн эсэргүүцсэнийг битүүгээр (Цэргийн Зөвлөл) хэн дэмжсэнийг шууд (Ардын Намын Төв Хороо) илтгэн, үүргээ маш сайн гүйцэтгэжээ.

Үйлдвэрчний эвлэл ялж, ням гаригт та бидний амардаг болсон түүх энэ.

БЯМБА ГАРИГИЙН АМРАЛТЫН ТУХАЙД

Долоо хоногт анх удаа хоёр өдөр амарсан улс бол АНУ-ын Нью-Ингландын нэг тээрмийн жүүд ажилчид юм гэдэг. Саббат гэдэг шашны үйлээ эрхлэхийг нь тээрэм нь дэмжсэн аж. Хожим 1926 онд өнөөх алдарт Хэнри Форд дэвшилтэт үзэлтэй хүн байсны тул хамаг үйлдвэрээ бямба, нямд хааж, бүх ажилчдаа хоёр өдөр амраасан түүхтэй. 1929 онд Бөс барааны ажилчдын үйлдвэрчний эвлэл албан ёсоор хоёр хоног амрах эрх нэхжээ. АНУ даяар энэ хөдөлгөөн эрчээ аван, идэвхэжсээр 1938 онд төр засаг нь сая нэг Хөдөлмөрийн стандартыг тогтоож, ажлын тав хоног, 40 цагийг хуульчилсан байна. 1940-1960 онд дэлхийн ихэнх улс энэхүү тав хоног, 40 цагийн тогтолцоог нэвтрүүлжээ(Дани 37, Финланд 38 цаг гэх мэтээр цөөн улс 40-өөс бага цаг ажилладаг, Балба, Коста Рика 48, Камерун 50 гэхчлэн зарим улс 40-өөс илүү цаг ажиллах хуультайг эс тооцвол).

Монгол Улсад тав хоног ажилладаг болсон нь бол харин эрт цагийн үүх түүх гээд байх юмгүй, дөнгөж саяхан, миний үед болсон явдал билээ. Ерээд оны дундуур, намайг УБИС-т багшилж байхад хэн нэг дэвшилтэт улстөрч Боловсролын байгууллагаас эхлэн тав хоногийн тогтолцоог туршиж үзнэ, болбол бусад салбарт хэрэгжүүлнэ гэсэн юм даг. Бүтэн амардаг учраас Бүтэн сайн, хагас амардаг учраас Хагас сайн хэмээсэн тэр өдрүүдийн нэр ийнхүү түүх болон үлдэх явц сургууль соёлоос эхэлж билээ.

Гэхдээ өнөө Цэргийн зөвлөл шиг бас эсэргүүцэл байсныг одоо бүдэг бадаг санадаг юм. Лавтайяа Буянгийн Жаргалсайхан тэгэхэд “Монголчууд залхуу улс, бидэнд ажил хэрэгтэй. Юун долоо хоногт таван өдөр ажиллах, монгол хүн бол долоо хоногт долоон өдөр ажиллах ёстой” гэж хэлж байсныг санаж байна. Олон хүн тэгэхэд “Ёстой нэг голоор нь хэллээ” гэж шагшин магтаж байсан, одоо бодоход эргээд бүр 1922 он руу аваачих гэсэн хэрэг байсан ажээ. Олонд таалагдах поп үг, амлалт гээч нь тэр байсан бололтой, одоогийнх шиг нүүр ном, нийтийн сүлжээгээр хамаг асуудлаа шийддэг цаг байсан бол хүмүүс түрж хашгираад, таван өдрийн тогтолцоог эсэргүүцэн дайрч байгаад унагачих байсан биз. Азаар тэр үед нийтийн сүлжээ хөгжөөгүй байж.

Боловсролын салбар дахь туршилтыг амжилттай боллоо хэмээн үзэж, Улсын Их Хурлаас бүх нийтээр ажлын таван өдөрт шилжих хууль баталсанд,Улсын Их Хурлын дарга Р. Гончигдорж 1997 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гарын үсгээ зуржээ.

Юм бүхэн учиртай, эдэлж хэрэглэж байгаа хувцас хунар, идээ ундаа, жижиг сажиг гэлтгүй бүхий л зүйл, амраад гэртээ үр хүүхэдтэйгээ тоглож суугаа цаг маань хүртэл бидэнд бэлэн ирээгүй, цаанаа бас тэмцэл эсэргүүцлийн үүх түүхтэй байдаг ажээ. Тиймээс “Баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэж суугаа” залуустаа хэлэхэд ийм өдөр, ингэж суух цаг олгосон Өргөөгийн монгол, орос ажилчид, Сангийн сайд Солийн Данзан, машины магнат Хэнри Форд нарын төлөө нэгээхэн хундага өргөчихөд илүүдэхгүй. Нэжгээд, биш нэгээхэн шүү.

М.
САРУУЛ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *