Categories
мэдээ цаг-үе

Б.Цогтбаяр: Шүүгчдийн босгыг давна гэдэг уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг

Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн тэргүүн, Зохиомж дээд сургуулийн захирал, Урлаг судлалын ухааны доктор, профессор, кино найруулагч Б. Цогтбаяртай ярилцлаа.


-Та яагаад Кино Урлагийн академийг байгуулах болсон юм бэ?

-Монгол Улсын спортод гаргасан амжилтыг хүн амын тоотой харьцуулбал дэлхийд нэг номерт бичигдэнэ шүү дээ. Үүнтэй адил Монголын кино урлагаа дэлхийн тавцанд гаргах, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор Монголын Үндэсний Кино Урлагийн Академийг үүсгэн байгуулсан. Монголын кино урлагт эх оронч сэтгэлгээг харуулсан уран бүтээл их хомс болжээ. Дандаа өдөр тутмын, жалга довны, айл гэрийн дотоод хэрүүл, Монголд хэзээ ч байдаггүй аллага, хядлага мэтийг харуулсан бүтээлүүд олшрох болж. Монгол орны хүн амын ихэнхийг залуу үеийнхэн эзэлж байна. Түүхээ мэдэхгүй, боловсрол нь хазайчихсан, ном зохиол уншдаггүй, ерөнхий боловсрол нь уналтад орсон үед хүмүүжсэн залуучууд өдгөө эх орноо авч явах залгамж халаа болоод гараад ирсэн. Оюуны ялзрал, оюуны хоосрол, оюуны өлсгөлөнд өнгөрүүлсэн 30-аад жилийг нөхөхөд маш урт хугацаа шаардана. Эзэн богд Чингис хаан, Богд хаан, Маршал Х.Чойлбалсан зэрэг аугаа хүмүүсийг мэддэггүй юм аа гэхэд саяхан амьд сэрүүн байсан Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх гуайг, Д.Нацагдорж, Л.Ванган, Л.Лодойдамба, Л.Түдэв, Б.Лхагвасүрэн, Б.Догмид нарыгаа мэдэхгүй залуу үе бий болсонд миний хувьд маш их харамсаж явдаг.

-Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас Академи авардс наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил долоо дахь удаагаа болох гэж байна. Өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой болох вэ?

-Энэ жилийн наадам МҮКУА-ийн 10 жилийн ойтой давхцаж байгаагаар онцлогтой юм. “Академи авардс-2018” долоо дахь удаагийн кино наадмыг “Оюуны ундраа” групп, “Зайсан хилл” соёл амралтын цогцолбор хамтран зохион байгуулагчаар оролцож, кино урлагийг дэмжин ажиллаж байгаад их баяртай байна.

-Хоёр жилийн уран бүтээл гэхээр нэлээд олон бүтээлүүд өрсөлдөх юм аа даа?

-Тийм. Академийн наадамд ирүүлсэн бүтээлүүдийн чансаа жил ирэх тусам ахих болсон. Шүүгчдийн босгыг даваад нэр дэвшиж чадна гэдэг нь нэр хүндийн асуудал, үнэлэмж юм аа гэдгийг манай уран бүтээлчид ойлгоод нэлээн хэдэн жилийг өнгөрүүлжээ. Жишээ нь, Оскарт нэр дэвшсэн гэдгээрээ жүжигчид бахархдаг. Заавал цом аваагүй ч гэсэн шүүгчдийн босгыг даваад тэрхүү хүндэт тайзан дээр нэрээ дуудуулаад өрсөлдөнө гэдэг нэр хүндийн хэрэг юм. Үүнээс гадна олон телевиз, медиа группүүд бий болжээ. Тэдгээрээс Телевизийн олон ангит кино төрлөөр шилдгийг шалгаруулаач гэсэн хүсэлтүүд ирсэн. Тиймээс энэ жилийн наадамд Шилдэг телевизийн кино номинацийг оруулсан.

-Шүүгчдийн бүрэлдэхүүн нууц хэвээрээ юу?

-Шагнал гардуулах хүндэтгэлийн ёслол дээр шүүгчдээ танилцуулна. Тухайн салбартаа Монголын номер нэг эрхмүүд шүүдэг учраас ямар нэгэн хэрүүл маргаан үүсдэггүй гэдгийг ам бардам хэлье. Шүүгчид мэргэжлийн хүний үүднээс үнэлж цэгнэн шүүлтээ хийдэг. Өөрөөр хэлбэл, үзэгчийн сэтгэгдлээр биш, мэргэжлийн үүднээс шүүдэг. Үзэгчдийн сэтгэгдэл гэдэг өөр хэрэг. Тиймээс “Академи авардс”-д ороод нэр дэвшсэн кино болгон гадагшаа гарлаа гэхэд нэр хүндэд нь нөлөөлдөг байх.

-Сүүлийн жилүүдэд кино урлагийн салбарт шинэ, залуу уран бүтээлчид төрөн гарах болсон. Тэдгээрийн уран бүтээлийг дүгнэж хэлбэл?

-Тооны хувьд хөгжиж байна. Урлагийн их далайд дөнгөж орж ирж байгаа, бас ч үгүй хэдэн жил болсон дундчууд гээд залуу уран бүтээлчийн халаа бий болсон. Миний хувьд дараагийн мэргэжлийн уран бүтээлчийг бэлдэхийн тулд “Зохиомж” дээд сургуулийг байгуулж, өдгөө 20 жил өнгөрчээ. Залуу уран бүтээлчид байр, машинаа барьцаалж зээл аваад кино хийдэг. Үүнээсээ болж орлого олохын тулд арилжааны кино хийдэг болсон. Хэдийгээр энэ нь алдаа боловч буруутгаж болохгүй. Залуу уран бүтээлчдийн хувьд хоёр, гурван арилжааны кино хийгээд түүнээс олсон орлогоороо нэг жинхэнэ уран бүтээл хийхээр явж байгаа гэдэгт гүнээ итгэж сэтгэлээ баясгаж явдаг даа.

-Таны бодлоор кино урлагийг хэрхэн хөгжүүлэх вэ?

-Киноны тухай хууль УИХ-ын Байнгын хороон дээр хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж байгаа. Миний хувьд хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна. Мөн надтай хамт Москвад Кино Урлагийн Дээд Сургууль төгссөн одоо Удирдлагын академид багшилж байгаа доктор Энхбаяр зэрэг мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Энэ хуульд хэдхэн заалт оруулчихвал үндсэндээ Монголын кино урлаг хөгжих гээд байна л даа. Кино урлагийн хөрөнгө оруулагчийг татвараас чөлөөлөх, оюуны өмчид (кино, хошин шог, нийтийн дуу, бусад урлагийн бүтээлүүд) халдсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх энэ хоёр заалт орчихвол кино урлаг хөгжинө. Улс орон ямар засаглал, улс төрийн системтэй байхаас үл хамааран Соёлын яамаа устгачихсан улс гэвэл бараг байхгүй. Тэр дундаа кино урлагаа хөсөр хаясан явдал ч улсын түүхэнд байхгүй. “Монгол кино” үйлдвэр Монголын оюун санаа, урлаг, соёлын алтан сүм байлаа шүү дээ. Тэгтэл өнөөдөр балгас болчихсон. Одоо Төрийн өмчийн хороонд хамаардаг. Урлагийн байгууллага яахаараа Төрийн өмчийн хороонд харьяалагддаг юм бэ. Яагаад БСШУСЯ өөрийн харьяалалдаа авдаггүй юм. Гэдэс өлсгөлөн байхыг хүн яаж ийгээд даана. Харин оюуны өлсгөлөн, хоосролыг нөхнө гэдэг түүхэн урт хугацаа шаардагдана шүү дээ. Түүнээс биш Монголын ард түмэн их гэгээлэг, юу ч хийж бүтээх авьяастай ард түмэн шүү дээ. “Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлнэ” гэж Архимед хэлсэн байдаг. Тиймээс манай уран бүтээлчдэд шууд мөнгөн санхүүгийн дэмжлэг өг. Орос, Хятад хоёр гэхэд л төрийн бодлого, төрийн санхүүжилтээр түүхэн маш том том бүтээлүүд хийж байна шүү дээ. ОХУ гэхэд л ерөнхийлөгч В.Путин Бүх Оросын Кино Урлагийн Дээд Сургуулийн (ВГИК) 90жилийн ойд биечлэн оролцож санхүүгийн дэмжлэг үзүүлэн орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий барилга барьж өгч байна. Тэд түүхэнд элдвээр хэлэгддэг байсан Екатерина хатан, элдвээр муулуулж байсан адмирал Колчакынхаа тухай кино хийж байна шүү дээ. Саяхан л гэхэд “Дөлгөөн Дон”, “Анна Каренинаг”-гаа шинээр бүтээж залуу үеийнхэндээ өөрийн орны түүхээр бахархах боломж олгож байна. Эдгээрт дандаа улс нь мөнгө өгсөн. Тэгэхээр чинь сайн даацтай бүтээл гарахгүй яах юм бэ. Яахаараа хятадууд төрийнхөө бодлогоор эзэн богд Чингисийн тухай кино хийдэг юм бэ. Бид яагаад өөрсдөө хийж болдоггүй юм бэ. Чадварлаг уран бүтээлчид нь бэлэн байна. 100 жилийн дараа Чингис хаан чинь хятад үндэстэн гэж хэлэхэд дэлхийн соёлт ард түмэн нэг их гайхахгүй болов уу. Сүүлийн үед улсаас мөнгө авч хийсэн нэг ч кино байхгүй. Төрөөс шилдэг кино худалдаж авдаг гэж сонсоод 20 гаруй жил боллоо. Миний ойлгосноор улсын төсөвт суулгадаг гэсэн. Гэвч яам нь ямар журмаар олгох вэ гэсээр өнөөг хүрлээ.

-Таны төгссөн Москвагийн Бүх Оросын Кино Урлагийн Дээд Сургуулийн (ВГИК)100 жилийн ой ирэх онд тохионо гэж дууллаа. Танай академи уг ойд зориулж ямар ажил зохион байгуулж байна?

-Тус сургуулийг төгссөн анхны мэргэжлийн уран бүтээлчид болох Ц.Зандраа, Д.Ганжуур, Р.Доржпалам нараас хойш Монголын кино урлагийг өдий зэрэгтэй авч яваа олон уран бүтээлчид төгссөн байдаг юм. Ирэх аравдугаар сарын дундуур Москвагийн Бүх Оросын Кино Урлагийн Дээд Сургуулийн (ВГИК) төгсөгчдийнхөө уулзалтыг зохион байгуулж 100 жилийн ойд хэрхэн оролцох талаар зөвлөлдөнө. Манай академи Москвагийн Бүх Оросын Кино Урлагийн Дээд Сургуультай (ВГИК) байнгын харилцаатай байдаг. Одоо ч гэсэн тус сургуулийн удирдлагууд төгсөгчидөө мэргэжлээрээ ажиллан Монголынхоо кино урлагийг мандуулж яваад талархаж байдгийг танай сониноор дамжуулан үе үеийн төгсөгчдөдөө уламжилъя.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *