Categories
мэдээ цаг-үе

Б.Цэвээндаш: Эверестийн 6500 метрийн өндөрт авирч байхад газар хөдөлсөн. Тас хийгээд л явчихдаг юм байна лээ

Балбад хүчтэй газар хөдлөлт болж дэлхий нийтийг цочоож байх үеэр манай улсын хоёр уулчин Эверестэд авчирч байлаа. Тэдний авиралтыг Хятадын талаас бүрэн зогсоож бүтэн нэг жилээр Эверестийн авиралтыг хаасан. Харин манай уулчид өнгөрсөн ням гаригт эх орондоо ирсэн юм. Дэлхийн дээвэр дээр хоёр дахь удаагаа гарахаар явсан уулын спортын олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын уулчин, хошууч Б.Цэвээндаштай уулзлаа.

Эверестийг зорих аяллаа эхлүүлэхээр дөрөвдүгээр сарын 5-нд эх орноосоо хөдөлсөн. Авиралт хэзээнээс эхэлсэн бэ?

-Энэ удаагийн Эверестийн авиралт маань “Найрсаг Улаанбаатар эрүүл Монголын төлөө хамтдаа” гэсэн уриатай байлаа. Өнгөрсөн сарын 5-ны өдөр эх орноосоо мордож Катманду олон улсын нисэх онгоцны буудалд буусан. Тэнд хоёр хоноод аяллаа эхлүүлсэн юм. Эверестийн бааз буюу 5200 метрийн өндөрт дөрөвдүгээр сарын 12 гэхэд оччихсон байлаа. Тэнд хамгийн эхний бааз байдаг юм. Бас замдаа 3500 метрт өндрийн бэлтгэл хийсэн. Нэг ёсондоо өндрийн өөрчлөлтөд биеэ дасгаж байсан гэсэн үг. Манай багт Английн гурав, Румины нэг, Коста Рикагийн нэг, ОХУ-ын нэг, Украйны нэг уулчин багтаж байсан. Эдгээр уулчид маш олон жил ууланд авирсан, туршлагатай тамирчид байлаа. Арав, хорь, гучин жил биеэ бэлдсэний эцэст хамгийн сүүлийн зорилго болох Эверестэд аврахаар ирчихээд байсан. Тэдэн дундаас би 2012 онд Эверестийн оргил дээр гарч байсан. Бас Английн Жонн гэж уулчин хүн 2006 онд Эверест рүү авирч байсан гэсэн. Гэхдээ хүчилтөрөгчгүй болоод хөл, гар нь хөлдөөд авиралтаа зогсоож байсан тухайгаа ярьж байв. Тухайн үед хөлийнхөө дөрвөн хурууг тайруулж байсан юм билээ. Уг нь манай багийнхан Катмандугаас хөдлөхдөө арван нэгүүлээ явсан. Харамсалтай нь Германы хоёр уулчин өндөрт биеэ дасгаж чадахгүй буцсан. Бас Украйны уулчны баруун нүд хурц наранд сохроод авиралтаа зогсоохоос өөр аргагүй болов. Түүнийг бууснаас гурав хоногийн дараа ОХУ-ын уулчны бие муудаж толгой нь хүчтэй өвдөхийн хажуугаар ходоод нь өвдөөд Катманду руу буцсан. Ингээд есүүлээ үлдсэн.

-5200 метрийн өндөрт хэр удсан бэ?

-Тэнд хориод хоносон. Өндрийн өөрчлөлт явагдаж байгаа болохоор аль болох биеэ дасгах хэрэгтэй. Цасаар биеэ угаагаад өөрийгөө чийрэгжүүлж бүх хүнд хэцүүг сөрж зогсохгүй бол цааш авирах боломжгүй болно. Тэнд хэд хонож биеэ дасгаад 5750 метрийн өндөрт нэг хоносон. Цаашаа 6500 метрт гурав хоносон. Тэнд хонож байхдаа хоёр дахь өдрөө 7180 метрийн өндөрт гарсан. Эверестийн 80 хувийг туулсан гэсэн үг. 7180 метрийн өндөр лүүгээ гарчихаад буцаж кэмп дээрээ ирж амарчихаад маргааш нь дайралт хийнэ гэж төлөвлөөд байлаа. Гэтэл яг тэр өдөр газар хөдлөлт болсон.

Орон нутгийн цагаар хэдэн цагийн үед вэ?

-Үдээс хойш байсан. 16 цаг л болж байсан болов уу. Бид нар кэмпийнхээ хоол цайгаа идэж уудаг газар байж байлаа. Хоорондоо ярилцаад сууж байтал тас гээд явчихсан. Ёстой чих дөжрөм чимээ л гэж тэрийг хэлэх байх. Яг тэгж дуугарах үед хаана, юун дэлбэрэлт болчихов оо гэж бодсон. Тэгсэн ширээн дээр байсан зүйл газар унаад уул тэр чигтээ чичрээд эхэлсэн. Тэрүүхэн хооронд газар хөдөлж байна ч гэж боддоггүй юм байна лээ. Юу болоод байна вэ гээд учраа олохгүй бүгдээрээ орилолдлоо. Сууж байсан хүмүүс бүгд босож зугтаад. Тэр өндөр ууланд хаашаа зугтахаа мэдэхгүй хэрнээ гүйлдээд байдаг юм билээ. Хэдэн хором өнгөрөхөд газар хөдөлж байна гэдгийг мэдээд майхан руугаа ухасхийсэн. Тэнд камер байсан юм.

Тийм үед бичлэг хийсэн гэж үү?

-Эгзэгтэй мөч болгоныг дүрсжүүлж монголчуудтайгаа хамт авирна гэж байсан болохоор хамгийн түрүүнд тэр л санаанд орсон хэрэг. Хүмүүс нэг хэсэг орилолдож гүйлдэж байгаад бөөгнөрөөд уулынхаа голд зогсчихсон. Ихэнх уулчид анх удаа тэгж хүчтэй газар хөдлөхийг харж байгаа нь тэр. Би ч гэсэн өмнө нь газар хөдлөхийг мэдэрч байгаагүй. Харин сая газар хөдлөлтийг мэдрэх мэдрэхдээ 6500 метрийн өндөрт мэдэрлээ.

Эргэн тойронд өндөр уулнууд байсан байх. Тэд яаж харагдаж байсан бэ?

-Савлагаатай байсан. Өндөр уулан дээр байгаа болохоор тэр үү дуу чимээ айхтар байсан. Ерөөсөө л тас гээд явчихдаг юм байна лээ. Тэгээд дээрээс цас, мөс нурж орж ирж байлаа. Том том хад чулуу нурж орж ирж байсан.

Газар хөдлөлт гурван удаа болсон гэсэн байх аа?

-Тэгсэн. Эхнийх хамгийн хүчтэй нь байсан. Тэгээд дөнгөж учраа олоод байж байтал 20-иод минутын дараа дахиад дайвалзаад эхэлсэн. Тэр нь арай гайгүй. Гурав дахь нь мөн л 20 орчим минутын дараа болсон. Гэтэл удалгүй хөтөч нар маань иридиумын утсаар холбогдох газруудтай яриад яаралтай уулнаас буу гэсэн. Хамаг юмаа хаяад л буусан даа.

Шууд Катманду руу буув уу?

-Эхний бааз болох 5200 метр дээр ирсэн. Газар хөдлөлтөөс хоёр хоногийн дараа бууж ирж байгаа юм. Бууж ирээд утсаа нээтэл ар гэрийнхэн, найз нөхөд, албан байгууллага, хамт ууланд алхдаг хүмүүс гээд энд тэндээс зөндөө мессэж ирсэн байсан. “Монголын хоёр уулчин ор сураггүй байна” гэсэн мэдээлэл тарсан юм байна лээ. Гэрийнхэн болон намайг таньдаг хүмүүс сандраад бөөн юм болж байсан байх. Тэгээд ямар ч байсан амьд байна гэдгээ мэдэгдээд доошоо буусан.

Хэрэв газар хөдлөөгүй байсан бол авиралтаа яаж үргэлжлүүлэх байсан бэ?

-Бид хэд 7800 метрийн өндөрт байрлах гэж байсан юм. Тэндээ гурав, дөрөв хоног амарчихаад үндсэн авиралтаа хийн оргил дээр гарахаар төлөвлөөд байсан. Гэтэл байгалийн гамшигт үзэгдлийг яах ч аргагүй. Нэг бодлын их харамсалтай байна. Бэлтгэл сайтай байсан болохоор бие их сайн байлаа. Хөнгөн шингэн, өндрийн өөрчлөлтөд аль хэдийнэ дасан зохицсон байсан. Өөртөө их итгэлтэй байсан болохоор авиралт зогсоосон байхад хүртэл итгэж чадахгүй байсан.

Ямар ч арга байхгүй. Буу гэсэн үү?

-Дөрөвдүгээр сарын 25-нд газар хөдөлсөн шүү дээ. Тэр үед бүх уулчдыг буу гэсэн. Гэхдээ би хамгийн сүүлийн өдөр хүртэл буюу энэ сарын 5 хүртэл 5200 метрийн кэмп дээрээ байсан. Тавдугаар сарын 5-наас уулчдыг хүчээр буулгана гэж байсан юм. Сүүлийн өдөр хүртэл байгаад байсан нь юмыг яаж мэдэх вэ гэж бодсонтой холбоотой. Яг газар хөдлөлт болох үеэр Эверестэд 300 гаруй уулчин авирч байсан юм билээ. Би хамгийн сүүлд уулнаас буусан 17 уулчинтай хамт ирсэн.

Газар хөдлөлт болох үед оргил дээр гарчихсан уулчин байсан уу. Бас та нараас өндөрт яваа багийнхан байсан болов уу?

-Оргил дээр гарсан уулчин байгаагүй. Манай багийнхан хамгийн өндөрт байх кэмпийг эзэлчихсэн байсан. Тэгэхээр Түвд талаасаа лав бидний дээр явсан уулчин байгаагүй.

Уулчид маш их эрсдэж байна гэсэн мэдээлэл байсан?

-Балба талаас нэлээн их хохиролтой байсан мэдээ байгаа. Урд талаас авирч байсан уулчдаас 26 хүн газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан гэсэн мэдээ байна лээ. Түвдэд зургаан уулчин амь үрэгдсэн гэсэн. Яг хажууд байгаа хүмүүсээс нас барсан хүн байхгүй ч өндөр дээрээс нурж унаж байгаа хад, чулуунд оногдоод нас барсан гэж байна лээ. Түвд талаас 1200 гаруй хүн орон гэргүй болсон гэж мэдээлж байсан.

Яг газар хөдөлж байхад юу бодогдож байв?

-Их л гайхсан даа. Гэхдээ арай ч авиралт зогсоочихно чинээ санаагүй. Газар хөдөлж байгааг нь мэдээд одоо удахгүй гайгүй болчих болов уу гэж бодож байсан. Дууссан хойно нь “За ашгүй, намдчихлаа. Өнөө шөнө сайхан амраад маргааш дайралтаа хийнэ дээ” л гэж бодож байсан. Манай багийнхан хувцас хунараа хүртэл бэлдээд авирна гэж бодож байсан юм. Гэтэл ямар ч аргагүй, бушуухан доошоо буу гэж хэлсэн. Гэхдээ бас биднийг хуурч буулгасан байгаа юм. “Одоо дахиж газар хөдөлнө гэж байна. Доошоо буучихаад гурав, дөрвөн өдрийн дараа дахиад гарч ирье” гэж хэлсэн. Хэрэв бүх юм дууссан, уулыг хаалаа гэсэн бол уулчид дээшээ зүтгэх л байсан. “Бид нар мөнгөө төлсөн. Одоо 6500 метрийн өндөрт байгаа юм чинь дээшээ гарна” гээд дайрчихвал бас боломж байсан байж мэдэх юм. Хөтөч нарт тэндхийн уулын холбооноос “Уулчдыг яаралтай буулга” гэсэн тушаал ирсэн шиг байна лээ.

Газар хөдлөлт болсны дараа байгальд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Дээшээ өгсөхөд зүв зүгээр байсан газруудад ангал үүсчихсэн байсан. Маш болгоомжтой, бие биеийнхээ гишгэсэн мөр болгон дээр гишгээд доош буусан. Ер нь нуралт явагдах аюул их байлаа.

Доор буугаад ирэхэд байдал ямар байв?

-Тэнд үлдсэн хүмүүс орилолдоод явчихсан. Буугаад ирэх болов уу гэж хэдэн өдөр хараад байхад ирэхгүй байсан болохоор бас жаахан сандарч байсан юм шиг байна лээ.

Та 2012 онд Эверестийн ноён оргил дээр гарч байсан. Харин энэ удаад ар талаас нь авирахад ямар байдаг юм байна?

-Эверест бол Эверест шүү дээ. Ард талаасаа хад асга ихтэй, урд талаасаа цасан хунгар их ихтэй. Нэг гоё нь Түвдийн талаас авирахаар Жомолунгма ноён оргил харагддаг юм билээ. Оргил нүдэнд харагдаад байгаа болохоор авирахад сэтгэлзүйн хувьд сайхан санагддаг юм байна.

Одоо Эверестийн авиралтыг бүтэн жилээр зогсоочихов уу?

-Тэглээ. Угаасаа Эверестэд жил бүрийн тав, аравдугаар сард авирдаг. Ирэх аравдугаар сарын авиралтыг бүр мөсөн хаасан. Ирэх оны тавдугаар сар хүртэл уулчид Эверестийг зүглэхгүй. Харин дараа жил уулчид авах эсэхийг холбогдох албаны хүмүүс шийднэ гэсэн.

Эверест доошоо суулт өгсөн гэж байсан. Тэр талаар мэдсэн үү?

-Суулт өгсөн гэж ярьж байна лээ. Зарим хүмүүс доошоо гурван метр суусан гэж байсан. Үнэн худлыг магадлаж чадсангүй. Катмандуд буугаад ирэхэд их хэцүү дүр төрх угтаж байна лээ. Нэг байшин нураад нөгөөгөө налчихсан ч байх шиг. Ер нь дайны дараах хот шиг болчихсон байхыг хараад сэтгэл өвдөж л явлаа.

Та бүхэн авиралт хийхийн тулд мөнгө төлсөн. Нэгэнт мөнгөө төлөөд авиралтаа дуусгаж чадаагүй болохоор ирэх жил ч юмуу дахиад авирч болох уу?

-Уг нь Хятадын Засгийн газраас тэтгэлэг олгох болоод нэг багт 5000 ам.доллар өгсөн юм. Тэрийг олуулаа хуваагаад авчихаар нэг хүнд 500 ам.доллар ноогдож байгаа. Түүгээрээ Лхас орох замын зардал хийгээд таарсан. Харин ууланд авирах эрх авсан байгууллагатайгаа холбогдоход “Хэрэв ирэх жил дахин авирах бол 7200 ам.долларын хөнгөлөлт үзүүлье” гэсэн. Одоо бол ямар ч боломж байхгүй юм билээ. Тэгээд ч гамшигт өртөөд хэцүү байгаа улсаас мөнгө нэхээд байх хэцүү.

Түрүүн та газар хөдлөлтийн дараа бичлэг хийсэн гэсэн. Хэзээ олны хүртээл болох вэ?

-Уулын спорт үзэгчгүй байдаг учраас хүмүүс тэр бүр мэдэрдэггүй. Тиймээс авиралтаа эхлэх үеэсээ эхлэн бичлэг хийж байлаа. Бүр сүүлдээ манай багийнхан намайг “Mongolian TV” гээд нэрлэчихсэн. Ер нь бол бичлэг хангалттай хийсэн. Одоо харин мэргэжлийн хүмүүст үзүүлж байж олны хүртээл болгох байх. Харин авиралтын явцад авч байсан гэрэл зургаараа үзэсгэлэн гаргая гэж бодож байгаа.

Ирэх жил Эверестийг зорих уу?

-Тэрийг өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Хөрөнгө мөнгөнөөс л хамаарна даа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *