2009 онд “Зогсолтгүй эргэх” уриатай “Зоос” банк дампуурсан тухай шуугиан дэгдэж байсан. Харин “Зоос” банкны хувьцаа эзэмшигч Б.Цэрэнжав хохирлоо барагдуулахаар арван жил хөөцөлдөж байгаа аж. Түүний ярьсанаар бол өнөөдөр “Зоос” банк дампуураагүйгээр барахгүй, “Төрийн банк”-ны тавдугаар давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Банкны захирал сарын таван сая төгрөгийн цалин авна. Аппаратын зардлыг тооцвол дампуурсан гэж зарласнаас хойш арван жилийн хугацаанд хэдэн тэрбум төгрөг зарцуулсан аж.
-Та яагаад манай сонинд хандах болов?
-Та бүхэн 2009 онд “Зоос” банк дампуураад, Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж, өр төлбөрийг барагдуулах шийдвэр гарсныг санаж байгаа байх. Би анх “Зоос” банкийг байгуулагдахад ах, дүү нарынхаа мөнгөтэй нийлүүлээд 200 сая төгрөгт хувьцаа авсан. Түүнийгээ барагдуулах гээд арван жил Монголын шийдвэр гаргагч бараг бүх байгууллагуудаар тойрсоор өнөөг хүрлээ. Энэ тухайгаа хэлэхээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан боловч “Тэр банк чинь дампуурчихсан” гээд халгаадаггүй юм байна.
-Тэгээд та дампуурсан банкнаас мөнгөө авах гээд арван жил хөөцөлдөж байгаа юм уу?
-Тэр банк дампуураагүй Төрийн банкны тавдугаар давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Та нар итгэхгүй бол энэ зургийг үз. (Зураг үзүүлэв).
–Банк дампуураагүй гэсэн үг үү?
-Ямар дампуурсан банк арван жил захирлаа сар бүр таван сая төгрөгөөр цалинжуулаад өөр хэдэн хүнтэй, оффистой, өндөр түрээс төлж өнөөг хүрэхэв дээ. Та нар очоод үзчих хэрэгтэй байгаа юм. Ард түмнийг хуурч байна шүү дээ.
-2009 оны 200 сая төгрөгөө өнөөгийн үнэ цэнэд шилжүүлбэл хэдэн төгрөг болох бол?
-Ногдол ашиг гэж ярихаа больё. Хувьцаа нь анх авч байсан үнээсээ тав дахин өсч байсан жишгээр тооцоход тэрбум төгрөг болно.
-Өөр тантай адил хохирсон иргэд бий юу?
-Байгаа. Тэд ч бас нэлээн хөөцөлддөг байсан. Сүүлийн үед л надаас сураг ажиг асуудаг болсон. Бас Японы иргэн байдаг. Тэр бас хөөцөлдөж байгаад сүүлийн үед сураг тасарсан.
-Тэр хүн хэр их хувьцаагаа эзэмшдэг байсан бол?
-Нийт хувьцааны гурав гаруй хувийг эзэмшдэг байсан.
–Нийт банкны 25 хувийг Европын сэргээн босголтын банк худалдан авсан биз дээ?
-Тэгсэн. Тэд Төрийн банк байгуулаад гүйцэтгэх удирдлагыг нь аваад Гүйцэтгэх захирал нь сард 30 шахам мянган еврогоор цалинжиж байсан.
–Банк үнэхээр дампуураагүй юм бол яагаад таны мөнгийг өгөхгүй байна?
-Тухайн үедээ УИХ-аас банкийг өөрчлөн байгуулах шийдвэр гарсныг олон нийтэд дампуурсан мэтээр ойлгуулаад өнгөрсөн байдаг юм.
–Та өөрчлөн байгуулах тухай уих-ын шийдвэрийг хэзээ мэдсэн бэ?
-Бас сүүлд нь мэдсэн. Тэр баримт нь энэ байна. (УИХ-ын тогтоолын хуулбар үзүүлэв).
-Энэ банк үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай юу?
-Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар бүх төрийн байгууллагуудад бүртгэлтэй байгууллага.
-УИХ тухайн үедээ “Зоос” банкны бүтцийг өөрчлөн байгуулахтай холбогдон гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор 100 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж нийтэд санал болгон арилжаалахыг Засгийн газар /с.батболд/-т зөвшөөрсүгэй гэсэн байна шүү дээ.
-Наад шийдвэр чинь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2009 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр гаргасан тогтоол байгаа юм. Өнөөг хүртэл хохирогчид мөнгөө авч чадаагүй боловч банк үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Уг нь байнгын хороогоор ч шийдвэр гарсан. Гэсэн ч өнөөг хүртэл хэрэгжээгүй.
-Тухайн үедээ та нар банкныхаа тайланг үздэг байсан уу?
-Эрнст янг аудит хийдэг байсан болохоор итгэнэ биз дээ.
-үнэхээр эрнст янг аудит хийдэг байсан гэж үү?
-Тэр сүйрлийн өмнөх жил хийж байсан. 2006 онд хувьцаат компани болсноос хойш жил бүр 30 гаруй мянган доллараар аудит хийдэг байсан.
–Эрнст янг, Европын сэргээн босголтын банк, японы иргэн оролцсон энэ асуудал яагаад өнөөг хүртэл шийдэгдэхгүй байна гэж бодож байна?
-Би Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд эрх бүхий бүх байгууллагаар яваад мөнгөө авч чадаагүй л байна.
-Ерөнхийлөгч хариу өгөөгүй юу?
-Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тамгын газрын дарга Д.Баттулгадаа үүрэг өгсөн ч хариу авч чадаагүй. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулгад хандах санаатай байна.