АНУ-ын Лос-Анжелес хотын шүүх дуучин Бритни Спирсийн аав Жейми Спирсийн асран халамжлах эрхийг түдгэлзүүллээ. Аав нь өөрт ногдсон эрхийг зүй бусаар ашиглаж буйг дуучин олон жилийн турш мэдэгдсээр иржээ.
Б.Спирсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбогдуулан шүүх 2008 онд Ж.Спирсийг асран хамгаалагчаар нь томилсон юм. Харин лхагва гаригт дуучны сонгосон хүнд уг эрхийг шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэжээ.
Дуучны аавын хувьд асрамж халамжлах эрхийг зүй бусаар ашигласан гэх мэдээллийг үгүйсгэсээр ирсэн ч Б.Спирсийг асран хамгаалагчаа өөрчлөх хүсэлт гаргасны дараа өөрийн эрхээсээ татгалзах хүсэлтийг энэ сарын эхээр гаргасан юм.
Б.Спирсийн дэлхийн өнцөг булан бүр дэх шүтэн бишрэгчид нь “#FreeBritney” кампанит ажил өрнүүлэн түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсээр иржээ.
Ташрамд дурдахад, шүүх сэтгэцийн олдмол өвчин, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын улмаас бие даан шийдвэр гаргах чадваргүй болсон хүмүүст асран хамгаалагчийг томилдог.