УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгах ажлын хэсгийн явцын талаар ярилцлаа.
-Та бүхэн өнгөрсөн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэр дээр ажиллаад ирсэн гэж дууллаа. Шинэ мэдээлэл юу байна?
-Жил гаруйн өмнө байгуулагдсан “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгах ажлын хэсгийнхэн тус үйлдвэр рүү сая хоёр өдрийн томилолтоор яваад ирлээ. Ажлын хэсэгт О.Баасанхүү гишүүн нэмэгдэж орж байгаа. Энэ удаагийн явалтаар ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, О.Баасанхүү гишүүнд тодорхой мэдээллүүдийг нэмэлтээр авах албан уулзалтуудыг хийсэн.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, ажилчидтай хэд хэдэн удаа уулзаж мэдээллүүд авсан. Энэ хүрээндээ Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл, “Эрдэнэт”-ийн өнөөдрийн гүйцэтгэх удирдлагад асуудлууд тавьсан байгаа. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-өөс тодорхой хариунууд ирсэн. Харамсалтай нь Засгийн газраас тодорхой хариу огт өгөхгүй байгаа. Тиймээс ажлын хэсгийн ажил тодорхойгүй байдалд ороод байгаа.
-Ер нь ажлын хэсэг үр дүн муутай байна гэсэн шүүмж байгаа л даа. Эрх баригчид та бүхнийг сонсохгүй байна уу?
-Засгийн газар бидний өгсөн асуудлууд дээр хариу өгөхгүй байна. Хоёрдугаарт, энэ асуудал өөрөө хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдолтой бичиг баримтуудыг хуулийн заалт яриад бидэнд гаргаж өгөхгүй зэрэг үндсэн шалтгаануудаас болоод ажлын хэсгийн үйл явц тодорхой хэмжээнд удааширсан. Гэхдээ бид аль болох Монголын талд ашигтайгаар асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө явж байгаа.
-Энэ хугацаанд зээлийн хүү өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа шүү дээ?
-Сүүлд авсан мэдээллээр 126 гаруй сая ам.долларын төлбөр гараад явж байна. Асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол болохгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн болон Монгол орны эдийн засагт тодорхой хохирол учруулж байна. Тиймээс Засгийн газар зайлшгүй арга хэмжээ авах шаардлага байгаа.
-Ажлын хэсгийн зүгээс Засгийн газарт хэд хэдэн удаа албан бичиг өгсөн гэж байсан. Яагаад хариу өгөхгүй байна вэ. Тэгэхээр ажлын хэсэг ямар арга хэмжээ авах вэ?
-Ажлын хэсгээс өгсөн албан бичигт хариу өгөөгүй ч хаврын чуулган нээгдэнгүүт асуудлыг хоёр байнгын хороогоор оруулж хэлэлцүүлэх ажлыг яаралтай хийнэ.
Эрдэнэтийн өрийг хэн барагдуулах вэ гэдэг субьектийг тодорхой болгож өгөх нь хамгийн чухал гэж харж байгаа. Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх юм уу, аль эсвэл ТУЗ нь үү, компанийн гүйцэтгэх удирдлага шийдэх ёстой юм уу. Энэ эрх мэдлийг олгох асуудлыг шийдэхгүй бол болохгүй байна. Одоогийн хууль хяналтын байгууллагын процедураас харах юм бол кабинетийн зарчмаар шийдсэн зарим нэг асуудал дээр Ерөнхий сайдыг нь бариад хорьчихож байна. Тиймээс У.Хүрэлсүх энэ практикаас хараад асуудлыг шийдэхгүй хаячихаад байх шиг. Нэгэнт тодорхой шийдвэр байхгүй байхад ТУЗ, гүйцэтгэх удирдлага энэ төлбөр төлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх юм бол дараа нь хэрэгт унана гээд айж байна шүү дээ. Тиймээс энэ УИХ-ын тогтоолоор тодорхой хэмжээгээр өрийг хямдруулж төлбөр төлөх олон улсын практик байдаг, үүнийг шиидэх эрхийг нь нээж өгөх ёстой.
-Ямар?
-Жишээлбэл, “Хан ресурс”ын хэрэг байна. Арбитрын шүүхээр шийдсэн 300 сая ам.долларын төлбөрт унасан асуудлыг тухайн үеийн Засгийн газрын гишүүн хэлцэлд ороод 70 сая ам.доллараар буулгаж байсан. Энэ практикийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 126 сая ам.долларын өрийг 40-50 сая ам.доллар хүртэл буулгах боломж бий. Энэ эрхийг нь Засгийн газарт юм уу ТУЗ, гүйцэтгэх удирдлагын аль нэгэнд нь УИХ-ынхаа тогтоолоор зааж өгөх ёстой. Ингэж зааж өгөхгүй бол албан тушаалтнууд хариуцлагатай хандахгүй байна.
-Буруутай этгээдүүдээр мөнгийг нь төлөөлүүлэх ёстой гээд байгаа шүү дээ?
-Өнөөдрийн эрх баригчид ингэж яриад байгаа юм. Тэгэхээр энэ бол хэтэрхий ард түмнийг аргацаасан ганган үг л дээ. Өнөөдрийн хууль эрх зүйн байдалд тааруулж үйл ажиллагаагаа хурдтай хийхгүй бол болохгүй нь ээ. Энэ асуудалд холбогдсон албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээх ямар ч боломжгүй болсон. Өнөөдөр АТГ, прокурор тэднийг тодорхой хуулийн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа. Гэхдээ 2017 оны тавдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар энэ луйврыг хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж луйвардсан асуудал 2013 оноос өмнө явагдаад дууссан хэрэг. Гэтэл энэ Эрүүгийн хуулиар албан тушаалтнуудад хэрэг тооцох хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ таван жил болоод өнгөрсөн байна. Хэдийгээр АТГ, прокурор яллагдагчаар татаад хэрэг үүсгээд явж байгаа ч гэсэн шүүх дээр очихоор хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд хэрэгсэхгүй болно. Тэгэхээр энэ хүмүүс ялаас мултрах юм байна. Ганцхан Ш.Батхүү үлдэнэ. Тэрээр “Хоёр чихийг минь ав” гэнэ. Тиймээс хууль хяналтын байгууллага энэ хэргийг шалгаж дуусахыг хүлээнэ гэдэг ямар ч утгагүй зүйл.
-Тэгвэл “Эрдэнэт”-ийн өрийг хэн төлөх юм бэ?
-“Эрдэнэт” үйлдвэр, Засгийн газар энэ төлбөрийг төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орсон байгаа. Мэдээж гэмт этгээдүүдээр тодорхой хөрөнгийг нь гаргуулж төлүүлэх асуудал цаашдаа төлбөр төлөхтэй зэрэгцээд явагдах ёстой.
-Гэтэл Ш.Батхүүгийн хөрөнгүүд алга болсон гэсэн мэдээлэл байдаг байх аа?
-Ш.Батхүүгийн ийш тийш зувчуулсан, бусдад бэлэглэсэн, хуулиас зугтаалгасан тэр их хөрөнгийг ил болгох ажлыг яаралтай хийх ёстой. Хамгийн том хоёр хөрөнгө байгаа. Нэг нь Нямдорж гуйан хамсаатан Алтанд бэлэглэсэн Олон овоотын ордыг улс буцааж авах хэрэгтэй. Дээрээс нь Б.Хурц гэдэг нөхөрт очсон гэгддэг“Жаст” нефть бааз, шатахуун түгээх станцуудын асуудал байна. Эдгээр хөрөнгийг хайж илрүүлэх ажлыг хийх нь чухал. Энэ мэтчилэн Ш.Батхүүгийн хөрөнгүүдийг ил болгосноор “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан өрнөөс тодорхой хэмжээний төлбөрийг гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх боломжууд нь нэмэгдэнэ.
-Төлбөр төлөх дээр “Эрдэнэт”-ийн одоогийн удирдлагууд ямар тайлбар өгч байх юм?
-Төлбөр төлөхтэй холбоотой эхний уулзалтыг Стандарт банктай тодорхой зуучлагч компанийн оролцоотойгоор Эрдэнэтийн удирдлагууд хийсэн байна. Харамсалтай нь энэ зуучлагч компани өөрөө анх “Стандарт” банкнаас зээл авахад оролцож байсан компани. Гэтэл энэ компанийг буцаагаад өр төлбөр төлөхөд оролцуулж байгаа нь асуудлыг үнэн зөвөөр, Монголд ашигтайгаар шийдэж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа.
-Ямар компани юм бэ. Яагаад энэ компанийг авсан юм бол. Энэ тухайгаа тайлбарлаж байна уу, ажлын хэсгийнхэнд?
-“Ocean partners гэдэг компани байна.
-Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал дээр УИХ-ын тогтоол шийдвэр гаргасны дараа Засгийн газар хөдөлж эхлэх нь ээ?
-Ер нь субьектийг нь УИХ-ын тогтоолоор гаргаж өгөхгүй бол У.Хүрэлсүх асуудлыг шийдэх тал дээр хөдлөхгүй байна. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан асуудлыг хэсэг бүлэг нөхөд хуйвалдаж байгаад хийсэн юм байна. Гэтэл тэр улсуудыг гэм буруутайг нь тогтоогоогүй, шүүхээр асуудал шийдээгүй байхад улсын төсвөөс юм уу “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөнөөс төлбөр хийчих юм бол дараа нь У.Хүрэлсүх гэдэг хүн ялд унах нөхцөл байдалд орж болзошгүй. Бүх хүн ийм айдастай байгаа. Тиймээс УИХ-ын тогтоолоор олон улсын практикт байдаг өр хямдруулах хэлэлцээнд орох субьектийг нь тогтоож өгөх нь чухал.
-Хэрэв Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хугацаа алдвал цаашид ямар асуудал үүсэх вэ?
-“Эрдэнэт” үйлдвэртэй худалдааны гэрээ хийж байгаа компаниудаар дамжуулж төлбөрийг нь авах тухай асуудал энд яригдана. Эрдэнэт үйлдвэрийн гадаад дахь дансаас төлбөр суутгана. “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагыг гадаадын аль нэг оронд явахад нь баривчилна. Мөн төлбөр төлөгдөхгүй бол Монголын онгоцыг гадаадад явахад нь барьцаанд авах ч юм уу арга хэмжээнүүдийг авна.
-Анх “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан асуудал олны анхаарлд ороход гарын үсэг хуурамч байсан гэгдэж байв. Ер нь арбитрын шүүх Монгол Улсад ашигтайгаар шийдвэр гаргах боломж байсан уу?
-Ер нь гэрээ бол хуурамч, жинхэнэ эсэхийг нь Арбитрын шүүх тогтоосон. Хуурамчаар үйлдсэн баримтуудынх нь төлбөрийг хассан. Харин яг гарын үсэг баталгаатай зурагдсан гэрээнд тодорхой төлбөр ногдуулсан байгаа. Гэхдээ нэгэнт Арбитрын шүүхийг давж заалдах хугацаа нь өнгөрсөн учраас энэ шийдвэр эцсийнх.
Уг нь Арбитрын шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед нь тодорхой хэмжээгээр Монгол Улсын зарим албан тушаалтнууд луйвардаж энэ гэрээг хийсэн байна гэдгээ дотоодын шүүхээр шийдээд, тодорхой хэмжээний этгээдэд гэм бурууг нь тооцоод явсан бол Арбитрын шүүх шийдвэрээ арай илүү эергээр, манай талд ашигтайгаар гаргах байсан. Харамсалтай нь албан тушаалтнуудыг шүүхээр шийдвэрлэх процесс нь удааширсан. Дээрээс нь энэ хэргийг тодорхой хэмжээнд нуун дарагдуулсан асуудлаас болоод Арбитрын шүүхэд сайнаар нөлөөлж чадаагүй. Эцсийн дүндээ хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэн ялаас мултрах гэсэн гэмт этгээдүүдийн хуйвалдаанаас болж өнөөдөр Монгол Улс хохирч байна.
-Ажлын хэсэг дахиад “Эрдэнэт” үйлдвэр рүү очих шаардлага байгаа юу?
-Одоо дахиж “Эрдэнэт” рүү очиж уулзалт хийхгүй. Улаанбаатар дахь “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газарт зарим албан тушаалтнуудыг дуудаж уулзах замаар ажлын хэсгийн зөвлөмж гаргана. Үүнийгээ УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж, шаардлагатай тогтоолын төслийг гаргана.