Өнөөдөр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын гишүүд НӨАТ-ийг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээллээ.
Уг хуулийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй байсаар, шинэ УИХ-ын дэгийн тухай хуулиар буцаагдсан ч өнөөгийн шинэ парламентын гишүүд хамтран дахин өргөн барьж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хуулийн төслийг анх 2019 онд өргөн барьсан боловч хэлэлцэхгүй явсаар шинэ УИХ-ын дэгийн тухай хуулиар дахин буцаагдсан. Шинэ парламентад сонгогдсон зарим гишүүдтэйгээ хамтраад НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгох хуулийн төслөө дахин өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар 180 мянган ААН бий. Тэдгээрээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Мөн 250 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч бий. Тэдгээрийн 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байдаг” гэв.