“Khulegu pictures”, “Cocktail films”-ийн хамтын уран бүтээл “Гэрлэн дохио” олон ангит инээдмийн уран сайхны кино “Боловсрол суваг” телевизээр ойрын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. “Гэрлэн дохио” олон ангит киноны найруулагчаар А.Баттүшиг ажилласан бөгөөд киноны гол дүрд “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, “Коктейл фильмс”-ийн жүжигчин Д.Энхбаяр, А.Өнөржаргал нар тогложээ. Түүнчлэн жүжигчин Б.Хулан, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг нар киноны гол дүрийг бүтээсэн юм. Ингээд УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрээр “Цасан охин”, “Намрын синдром”, “247 градус” зэрэг кинонуудад туслах дүр бүтээж байсан бол “Аз жаргалын шок”, “Том Толгойтын романс” кинонд гол дүр бүтээжээ.
-“Гэрлэн дохио” уран сайхны кинонд нэлээд ааштай, хатуухан “самар”-ын дүрд тогложээ. Та амьдрал дээр хэр ааштай эмэгтэй вэ?
-“Гэрлэн дохио” дөчин ангит инээдмийн кинонд А.Өнөржаргал буюу Өөскө ахтайгаа хамтарч нэг гэр бүлийн хүний дүрд тоглолоо. Тамираа гэх ааштай эмэгтэйн дүрийг бүтээсэн. Кино гарч эхэлснээс хойш хүмүүс “Чи их ааштай юу” гэж их асуух болсон. Үзэгчдэд тоглосон дүр маань хүрч байгаа юм болов уу л гэж харж байна. Түүнээс кинон дээр байдаг шигээ байна гэж юу байхав. Гэр бүлийн амьдралыг л бага зэргийн хэтрүүлэгтэй үзүүлсэн. Найруулагч маань “Гэрлэн дохио” киноны Тамираагийн дүр бол гэрлэн дохионы улаан гэрэл гэж хэлсэн л дээ. Бүх зүйл нь хурц байх ёстой. Тэр нөхрийг үнэхээр өрөвдмөөр байлгах нь л үүрэг байсан. Ааштай эмэгтэйн дүр бүтээгээд олж авсан өчүүхэн карьер минь дуусч байгаа юм биш биз гэж киноны уран бүтээлчидтэйгээ маазарч байлаа.
Ер нь бол гэр бүлийн амьдрал ийм байж болохгүй гэсэн мессэжийг л нийгэмд өгөхийг зорьсон. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй.
-Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий гуайн аав, алтан үеийнхний нэг Осор таны өвөө гэсэн. Жүжигчин болоход тань өвөө нөлөөлсөн үү?
-Би аравдугаар ангидаа л жүжигчин болохоор шийдсэн. Дунд сургуульд байхдаа даруу, бүрэг охин байлаа. Гэхдээ кино үзэх маш дуртай хүүхэд байсан. Алтан үеийнхний, өвөөгийнхөө кинонуудыг үздэг. Тэр дунд мэдээж өвөөгийнхөө уран бүтээлийг илүүд үздэг байлаа. Би бага байсан болохоор өвөөгөө сайн мэдэхгүй л дээ. Аавынхаа яриагаар, өвөөгийнхөө уран бүтээлээс л мэддэг болсон. Мөн Бат-Өлзий ах, Сарантуяа эгчийнхээ кинонуудыг үзнэ. Тэд минь надад маш гэсэн зааж зөвлөдөг байсан. Энэ бүхэн намайг урлагт татсан гэж хэлж бас болно. Үүнээс гадна аав минь намайг урлагийн хүн, тэр дундаа жүжигчин болгохыг хүссэн. Ингээд л 2003 онд СУИС-ийн кино драмын ангид элсэн орсон доо.
-Аав тань бас их сайхан хөгжим дардаг хүн байсан гэсэн…
-Ер нь аавын талынхан урлагт элэгтэй, авьяаслаг хүмүүс. Би ийм гэр бүлд төрсөн их азтай хүн. Тийм болоод ч тэр үү, аав минь миний гэр бүлээс нэг ч гэсэн урлагийн хүн төрөөсэй гэж хүссэн байх л даа. Энэ хүсэл мөрөөдлийг нь бурхан болсноос нь хойш илүү их мэдэрсэн. Талаар болгочихгүй юмсан гэж илүү ихийг хийх хүсэл оргилсон гэж боддог. Миний аавын дүү О.Батсайхан гэж алдартай балетчин байлаа. Тухайн үедээ бол цойлж л явсан уран бүтээлч. Харин аав минь морин хуур, аман хуур гээд язгуур урлагийн хөгжмийн зэмсгийг бүгдийг нь эзэмшсэн. Манай төрийн догшин хар сүлдийг хийсэн дархан хүн шүү дээ. Ийм л мундаг хүн байлаа. Хааяа харамсах үе байдаг л юм. Ядаж ааваараа морин хуур заалгачихгүй дээ гэж. Аав минь зааж өгье гэж их хэлж байсан. Би нэг л их урлагийн сургуульд сурч, театрын жүжигчин гэж завгүй явсаар амжаагүй юм.
-Драмын театрт хэзээнээс ажиллаж байна вэ?
-Их сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт шууд орсон. Одоо найм дахь жилдээ ажиллаж байна. Ямар ч уран бүтээлчийн хувьд тайз бол суралцах боломж юм. Тухайн жүжигчнээс ямар хэмжээнд байна гэдгийг нь театр шалгадаг. Гэхдээ мэдээж би ганцаараа байвал суралцахгүй л дээ. Миний ард гавьяат, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт мундаг хүмүүс байна шүү дээ. Тэднээсээ жүжиглэх арга барил, туршлага, жүжигчин хүнд байх хүн чанар, ёс суртахуун гээд бүгдийг суралцдаг. Би хамгийн анх “Алтан түлхүүр” жүжгийн Буратиногийн дүрээс уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Харин бүрэн хэмжээний гол дүр бол “Красногоров 7” төслийн “Яаж амьдрах юм” жүжгийн охин Кира, ”Сарны цагаан хус” жүжгийн Шоронгийн бүсгүй, “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн Сильвия, “Буруугүй буруутан” жүжгийн Навчаа, “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн Жавхаагийн гэх мэтчилэн дүрүүд дээр ажилласан.
-Энэ том театрын нэрийг авч явна гэдэг амаргүй болов уу?
-Ер нь бид чинь СУИС-д орсон цагаасаа эхлээд л урлагийн хатуу, хөтүүг мэдэрч эхэлдэг юм. Их сургуульд Сугар багшаараа л бүхнийг заалгаж байсан бол театрт найруулагч бүрийн үгийг сонсч, тусгаж авах хэрэгтэй болно. Энэ хэрээр олон талаараа задрах, туршлагажих хөшүүрэг болдог. Тиймээс найруулагчдын хэлж байгаа үг бүхэн л миний төлөө, сайн уран бүтээл гаргахын төлөө юм. Цэрэндагва ах маань “Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж явах учиртай” гэдэг юм. Ер нь жүжигчин гэх алдар, тэр дундаа драмын театрын жүжигчин гэх нэрийг үүрч явна гэдэг том хариуцлага. Энэ нэрийг үүрч яваа хүн мэдлэг, ур чадвар, бүх талаараа нүүр бардам байх ёстой. Биднийг залуу үеийнхэн гэдэг. Тэр л мундаг хүмүүсийн хойч үеийг нь дааж явах нь гол гэж боддог. Драмын театрын жүжигчин болсныгоо өөрийгөө азтайд тооцдог шүү. Гэхдээ мэдээж өөрийгөө голох үе, шантрах үе байдаг. Сэтгэл гонсойгоод л, би үнэхээр хийж чадахгүй юм болов уу, яах ёстой юм бол гэсэн үе байсан л даа. Гэсэн хэдий ч нэг сургалтаас ч гэсэн ямар нэгэн зүйлийг илүү хийдэг, мэддэг болчих юмсан гэсэн эрмэлзэл надад бий. Хүсэл, зорилго байхад илүү ихийг хийж бүтээх болно доо.
-Моно жүжгийн төрлөөр “Гэгээн муза 11” наадмын шилдэг залуу уран бүтээлчээр тодорч байсан. Нэг хүний жүжгийн төрлийг яагаад сонгох болов?
– Хамгийн анх Д.Урианхай гуайн зохиол “Цонхоор харсан хүн” гэх моно жүжгээр өрсөлдөж байлаа. Энэ сэтгэхүйн моно жүжгийг Баатар найруулагч найруулсан. Харин “Наташагийн мөрөөдөл” гэх моно жүжгээр МУЗА-д өрсөлдөж шилдэг залуу уран бүтээлчээр тодорсон. Найдандорж найруулагч зөвлөгөө өгч байлаа. Энэхүү монод эмэгтэй хүний мөн чанар, ганцаардсан сэтгэлийг бас эмэгтэй хүнийг юу маш ихээр өөрчилж чаддаг вэ гэдгийг харуулдаг юм. Мөн Наранбаатар найруулагчтай “Танихгүй эмэгтэйн захидал” моно жүжиг дээр ажилласан. Ер нь би моно жүжигт сонирхолтой, их гоё санагддаг. Өөрийгөө сонсох, мэдрэх боломжийг олгодог. Бүтэн цагийн турш үзэгчид, тайз, гэрэл, дуу шум зөвхөн миний мэдэлд, надад өөр хэн ч байхгүй. Тэр хугацаанд шугамаа алдахгүй, зөвхөн өөртөө итгэх хэрэгтэй.
-Та ихэвчлэн инээдмийн төрлийн кинонд тоглосон байдаг. Өөр төрлийн кинонд тоглохыг хүсдэг үү?
-Яагаад ч юм надад ихэвчлэн инээдмийн жанрын киноны санал ирдэг. Би гэхдээ инээдмийн кинонд тоглох тийм ч дуртай биш. Гоё драмд тогломоор л байна шүү дээ. Би чинь драмын театрын жүжигчин шүү дээ. Ер нь янз бүрийн кинонд тоглож үзмээр байна. Одоогоор хоёр ч киноны санал ирээд байгаа. Зохиолын хувьд хоёулаа таалагдаж байгаа. Хувийн болоод хувьсгалын ажлыг зохицуулж аль, алиныг нь амжуулах нь миний үүрэг. Тиймээс амжуулахыг л хичээж байна.
-“Аз жаргалын шок” киногоор таныг хүмүүс илүү мэддэг…
-Өмнө нь хэд, хэдэн кинонд туслах дүр бүтээсэн. Харин анхны гол дүрийн кино минь “Аз жаргалын шок” юм. Мөн манай Б.Тамираагийн бие даасан анхны бүтээл. Чи л энэ дүрийг бүтээж чадна гэж итгэсэн. Эрэгтэй найзуудаасаа судалгаа хийж байгаад л бүтээсэн дээ. Энэ дүр маань хүмүүст их хүрсэн байдаг юм. Кино гарсны дараа “Гэрлэн дохио” киноны адил л “Чи хэр эршүүд вэ. Эршүүд байх тийм үү” гэсэн хүмүүс цөөнгүй байсан шүү. Гэхдээ мэдээж эрсдэлтэй дүр. Дэлгэцийн уран бүтээлд нэг тоглочихсон бол засаж, янзалж болохгүй. Түүгээрээ л үлдэнэ. Хэдий хүмүүст хүрсэн ч гэсэн алдсан зүйлүүд байдаг. Энэ хэсэгт ингэчихгүй яав даа, алдсан байна шүү гэж хардаг юм. Би өөрийнхө тоглолтыг ер нь харах дуртай. Тайзан дээр ч тэр бичлэг хийж байгаад дараа нь үздэг. Алдаа оноо бүрдээ ажиллахыг хүсдэг дээ.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Ам бүл гурвуулаа. Хүү маань таван настай.
-Сайхан эмэгтэй байхын тулд яах ёстой вэ?
-Гаднаасаа элдэв будаг, шунх нялах нь чухал биш л дээ. Хүн дотроосоо гэрэлтэх хэрэгтэй байх. Зөвхөн ажил, гэр гээд яваад байвал стресстэнэ шүү дээ. Би ажил, амьдралаа зохицуулаад найз нартайгаа уулзаж бүр чин сэтгэлээсээ инээхийг хүсдэг. Заримдаа бүр ганцаараа ч хамаагүй кино театрт кино үзэх ч сайхан шүү дээ. Ээжийгээ санасан үедээ шууд залгаад л дуу дуулж өгөөд уйлуулчихна. “Ээж ээ, маш их санаж байна. Тандаа хайртай шүү” гээд хүссэн үедээ хэлчихнэ. Найз минь үнэхээр сайхан харагдаж байвал бас тиймхэн байвал бас л хэлж орхино. Миний төрөлхийн шулуухан, нээлттэй нэг ийм зан байдаг юм шиг байгаа юм. Дотроо нууж хаах зүйл юу ч байхгүй. Ер нь хүссэн зүйлээ тухайн цаг бүрт хийж, сэтгэл хөдлөлөө илэрхийлбэл стресстэхгүй, дотроосоо гэрэлтэхийн нэг үндэс байх гэж боддог шүү. Дээрээс нь фитнесс, иогоор хичээллэж байна. Мөн усанд сэлэлтээр хичээллэж эхлээд удаагүй байгаа. “Багш аа заагаад өгөөч, би сурмаар байна” гээд л сэлж чадахгүй байсан ч хамаагүй усан дунд тийчлээд л сурахыг, идэвхтэй амьдрахыг хичээж байна даа.
О.АРИУНЦЭЦЭГ