Categories
гадаад мэдээ

Б.Обама В.Путин нар Сирийн асуудал дээр санал нэгдсэнгүй

Өчигдөр Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан байна. Тэдний уулзалт төлөвлөсөн хугацаанаасаа хоёр дахин удаан буюу нэг цаг гаруй үргэлжилжээ. Дараа нь Оросын төрийн тэргүүн сэтгүүлчдэд зориулан мэдэгдэл хийхдээ Сирийн асуудлыг зохицуулах болон Украиныг хямралаас гаргах асуудал нь хэлэлцээрийн гол сэдэв байсныг хэлсэн байна. В.Путины үзэж байгаагаар уулзалт үр дүнтэй болжээ. Харин Америкийн талын мэдэгдсэнээр Украины хямралтай холбоотой асуудлаар хоёр улсын төрийн тэргүүнүүд нэлээд удаан ярилцсан байна. Цагаан Ордны албан ёсны төлөөлөгчийн хэлснээр Б.Обама Минскийн гэрээний хэрэгжилтэд нэлээд сэтгэл зовниж байгаагаа В.Путинд хэлсэн гэнэ. Сирийн асуудлыг хэрхэхийг тус улсын ард иргэд өөрсдөө шийдэх ёстой хэмээн Оросын Ерөнхийлөгч Америкийн төрийн тэргүүнд хэлжээ. Б.Обамагийн үзэж байгаагаар Б.Асад Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа цагт Сирийн асуудлыг шийдэх боломжгүй гэв. Харин “Лалын улс” бүлгийн эсрэг хамтран тэмцэх боломжтой гэдэг дээр хоёр улсын төрийн тэргүүнүүд санал нэгджээ.

Ю.Дэлгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *