Categories
мэдээ нийгэм

Б.Наминчимэд: Зүүдний ертөнц заримдаа энэ бодит ертөнцөөс ч илүү баялаг

“Аугаа эрин” түүхэн зохиол нь уншигчдын хүртээл болоод буй Алтай нутгийн хүү зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэдтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээллийн газрын дарга, ерөнхий редакторийн алба хашиж байлаа. 2003 онд Америкийг зорин, гадаад оронд суугаа монголчууддаа “Вашингтоны мэдээ”, “Хамаг Монгол”, ”Даяар Монгол” сэтгүүл гаргаж, мэдээлэл түгээж байжээ. Мөн тэрээр гэргийтэйгээ хамтран Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН” 108 цувралыг орчуулж хэвлэн багачуудад хүргэсэн юм.

-Ингэхэд юу таныг уран зохиолд дуртай болоход нөлөөлсөн бэ. Яаж яваад уран зохиолын зам мөрд орчихов?

-Зохиолч болох, байх гэдэг хувь заяаны хэрэг. Мэргэжил сонгохтой адилгүй. Ямар нэгэн ажил мэргэжил, ирээдүйн тухай бодож эхэлсэн мөч хэрвээ надад байсан бол тэр үеэс л зохиолч болно гэсэн нэг тийм дотоод итгэл зөн байж… Тэр зөн ямар ч үед хувирч өөрчлөгдөж байсангүй. Одоо ч надад хадгалагдаж байгаа Сурагчийн хувийн хэргийн тавдугаар ангийн тэмдэглэлд багш маань “Зохиолч болох хүсэл эрмэлзэлтэй” гэж тэмдэглэснийг үзвэл лавтай тавдугаар ангидаа бусдад хэлж ярьж байсан хэрэг.

Хэрвээ уран зохиолын хувьд анхны маань багш хэн бэ гэвэл би аавыгаа л хэлнэ. Аав маань дайнд оролцож, янз бүрийн ажил алба хашиж явсан, нутаг орныхоо элдэв хууч түүхийг нүдэнд харагдтал уран ярьдаг, цээж сайтай хүн байлаа. Би багадаа сониуч, саваагүй хүүхэд байж. Бас аавыг хаа ч явсан гөлөг шиг дагана. Тэгээд ааваас залхтал нь элдвийн юм шална. Замын хажууд нэг сондгой чулуу харагдахад “Энэ чулуу яагаад энд байгаа юм. Ямар учиртай юм бэ?” гэнэ. Дэргэдүүр хараацай шуугиад өнгөрөхөд “Энэ шувуу яагаад хажуугаар өнгөрөв” гэх мэтээр шалгаадаг сан. Тэр бүгдэд аав маань ямар нэгэн түүх, домог, үлгэр уйгагүй ярьж өгнө. Заримыг нь өөрөө сайхан зохиогоод хэлчихдэг, заримдаа ч хэлэх үггүй болохоороо “Юу яагаад гэж? Яагаад гэсэн чинь юу гэсэн үг юм бэ?” гэж уцаарладаг байв.

Удаах багш бол яах аргагүй ном юм. Үг холбож сурсан цагаас л номоос салсангүй. Би ном голдоггүй, бас ямар нэгэн системгүй, гарт таарсныг л уншиж явсан. Хонины бэлчээрт, үйлдвэрийн цехэд, хурлын танхимд ч ялгаагүй. Нөхцөл байдал ч өөр байх боломжгүй байв. Хожим сургуулийн танхимд О.Дашбалбар, Ч.Дагвадорж, Л.Хүрэлбаатар, С.Байгалсайхан нарын зэрэг олон сайхан уран бүтээлчдээр уран зохиолын мэргэжлийн хичээл заалгаж байв. За тэгээд зохиолч хүнд хамгийн сайн багш бол амьдрал өөрөө юм шүү дээ. Түүнтэй эгнэх багш гэж үгүй.

-Та олон төрлийн ажил хийж явжээ. Тэр бүхэн таны уран бүтээлд нөлөөлсөн л байх?

-Нөгөө толь Гэндэн, толгой Шийрав гэдэг шиг л тогооч, цэвэрлэгч, угаагч, ачаа ачигч, ногоочин, дархан, мужаан, тууварчин, хоол зөөгч, сэтгүүлч, сурвалжлагч, наймаачингаас эхлээд дарга даамлыг нь хүртэл урт богино хугацаагаар 30 гаруй төрлийн ажил хийж, элдэв нөхцөлд амьдарч үзжээ. Янз бүрийн хүмүүстэй уулзаж учирч, нөхөрлөж явав. Эргээд харахаар би ямагт бэрхшээлтэй хэцүү замыг нь сонгож ирсэн санагдана. Аравдугаар ангиа онц төгсчихөөд, дотоод, гадаадын аль нэгэн сургууль авах боломж байсаар атал “Амьдрал үзнэ” гээд илгээлт аваад нөхдийн хамт хоньчин болж явав. Дөрвөн жил хонь хариулсан. Хожим албан тушаал ахин дэвших боломжийг орхиод “Би гадаад оронд очиж ажиллаж амьдарч үзнэ” гээд АНУ-д очиж, цагаачлан амьдарч буй монголчуудынхаа дунд хутгалдан, айл нүүлгэж, шал угааж ч явав. Ийм нөхцөлд ядарч, зутарч, уйлж дуулж явахдаа харамсаж байсангүй. Энэ бүхэн миний амьдрал, уран бүтээлчийн минь их сургууль, миний хувь заяа л гэж бодож явсан. Тиймдээ ч тэр бүгдийн ард гарсан байх.

Энэ мэт амьдрал туулчихаад уран бүтээлч байж эс чадваас ёстой хохь нь болно шүү дээ. Нэг бодлын “уран бүтээлчийн сургуульд” их ч удаан суралцаж ээ. Бараг 30 гаруй жил болсон байна шүү.

-Энэ хугацаандаа та бичиж байв уу? Анхныхаа уран бүтээлийг хэзээ бичсэн бэ?

-Тасралтгүй бичиж байсан. Гэхдээ хэвлүүлж байсангүй. Ихэвчлэн тэмдэглэл бичиж дээ. Сургуульд орох жилээ анхныхаа шүлгийг, есдүгээр ангидаа анхныхаа өгүүллэгийг, 1996 онд анхныхаа туужийг бичиж. Харин анхныхаа номыг 2003 онд хэвлүүлсэн. Одоо эргээд харахад хэвлүүлэх гэж яараагүй маань зөв ч байж мэднэ. Амжвал хуучин бичлэгүүд, шүлгүүдээ нэг засаж янзлаад ном болгох санаа бий.

-Та саяхан “Цог” сэтгүүлд “Тэнэг авьяас” нэртэй нэгэн яруу найрагчийн хөрөг бичсэн байсан. Уран бүтээлч, зохиолч хүний онцлох шинж юу вэ?

-Маш эмзэг, мэдрэмтгий, яг л зэрлэг гөрөөс мэт соргог байх нь нэг чухал шинж болов уу. Тэр эмзэглэл, мэдрэмжээ гүйцээн шавхаж илэрхийлэх чадвар эзэмших нь чухал. Бас саваагүй, сониуч байх хэрэгтэй. Түүнээс гадна өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл санаатай байх нь чухал. Тэгж байж л томоохон уран бүтээл туурвина, ялангуяа хүүрнэл зохиолын тухайд. Уран бүтээлч хүний хамгийн чухал шинж бол эцсийн эцэст хүн байх явдал юм. Хүн байж чадаагүй хүнээс ямар яруу дуун, өнгө аяс, зүй ёсны эмзэглэл, шаналал, баяр бахдал илрэх билээ дээ.

-Та Америкт байхдаа “Даяар Монгол” сонинг гаргаж тэнд байгаа монголчуудыг мэдээллээр хангаж, олон ч хүнд ажлын байраа олоход нь тусалжээ. Америкт хэрхэн хөлөө олж байв?

-Өө, тэр тухай урт яриа болно. Тэр үеийнхээ амьдралаас нэг зохиол эхлүүлчихээд дуусгаж чадахгүй гацчихсан яваа. Америкийн 50 мужийн 146 хотод аж төрж буй монголчуудтайгаа сонин сэтгүүлээрээ дамжаад холбоотой байв. Амьдралын маш олон өнгө, дүр бий. Зүүн талын арав гаруй мужийн 140 гаруй хот тосгоноор аялсан. “Даяар Монгол”сэтгүүлийн 146 дугаар гаргасан. Тэр дугаарууд л гэхэд 2004-2007 онууд дахь Америкийн монголчуудын амьдрал зовлон жаргалтайгаа бараг бүхэлдээ туссан. Юм болгож чаддаг хүнд бол уран бүтээлийн бэлээхэн нээчихсэн түүхий эдийн их уурхай.

-Та зохиол бичихдээ юуг гол болгодог вэ, онгодыг уу, аль эсвэл сэтгэхүйг үү, эсвэл бүр орчин нөхцөлийг чухалд тооцдог уу?

-Заримдаа бичиж буй юм нэг л эвлэж өгөхгүй, түг таг гээд хэцүү байх нь бий. Тийм үед бичсэн зүйлс сэтгэл хөдлөлгүй баахан хуурай, найруулга ч муутай байх. Заримдаа зовлонгүй өөрөө урсаад байх. Тийн бичсэн нь эргээд харахад овоо сүрхий болчихсон, ядахдаа хэл найруулга нь ч эмх цэгцтэй байх. Бодвол энэхүү уйлж дуулж, зохиолдоо орж буй үеийг онгод гээд байж магад.

Харин орчин нөхцлийн хувьд хүмүүс шуугиж, хэрэлдэж, дуулалдаж байсан ч бичиж, бас нам унтаж чаддаг. Тав тух хайж явах боломжгүй амьдрал надад ингэж сургасан.

-Та 2015 онд бичсэн нэгэн нийтлэлдээ “Сайхан зүүднээсээ сэрцгээ, уран зохиолчид оо” гэжээ. Уран зохиол шиг хүн төрөлхтөнд нөлөөлдөг салбар байхгүй талаар ч дурджээ. Монголын уран зохиолын хөгжил аль шатандаа яваа вэ?

-Уран зохиолын нийгмийн нөлөөллийн талаар ярилтгүй биз ээ. Чухам тийм хүчтэй учраас л хүн төрөлхтний томоохон үзэл сурталчид уран зохиолыг үзэл суртлын маш хүчирхэг зэвсэг болгон ашиглаж ирсэн байдаг. Ленин “Нийгмийг машин техник гэх аваас утга зохиол бол эрэг шураг нь юм” гэсэн. Алан Даллес ч утга зохиолын хүчирхэг нөлөөг хүйтэн дайнд хэрхэн ашиглаж, дайснаа дотроос нь задлах арга технологийг чадварлаг ашигласан.

Өнөөдөр хөгжингүй орнууд Төрийн бодлогынхоо түвшинд утга зохиолын тэрхүү хүчирхэг нөлөөг ирээдүй хойч үеэ зөв төлөвшүүлэх, үндэстний ухамсараа сэргээхэд ихээр ашиглаж байгаа. Харамсалтай нь манай төрд, элит хэсэгт утга зохиолыг хөгжил дэвшилдээ, үндэсний сэргэн мандалдаа хэрхэн ашиглах талаар ямар ч ойлголт, сэхээрэл байхгүй нь харамсалтай. Үндэсний утга зохиол гэдэг утга зохиолд дуртай хэдэн хүний хэрэг биш, Төрд ч бодлого, санаачилга байх ёстой. Утга зохиол бол зөвхөн зугаа цэнгэл, энтертайнмэнт төдий зүйл биш шүү дээ. Энэ талаар би олонтаа бичиж, ярьж, нийтэлж байсан даа. Ингэхэд манай төр уран зохиолын тэр хүчийг яагаад эерэг зүйлд, хүүхэд багачуудынхаа гоо зүй, оюун танин мэдэхүйд ашиглаж болохгүй гэж…

Манай утга зохиолын хөгжил дэлхийгээс нэг их хоцорсон ч юм алга, түрүүлж цойлсон ч юм алга. Гэхдээ бид хүн төрөлхтний оюун сэтгэлгээний түвшинд үндэстнийхээ өвөрмөц онцлог, соёл, түүхийг утга зохиолоор хүргэх, Нобелийн шагнал авах гэх мэт том хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тийм гал эрмэлзэл илэрхий үгүйлэгддэг. Ойр зуурхан л эргэлдээд байна уу даа.

Утга зохиолийн өндөр түвшин гэдэг нь үндэсний сэтгэлгээний тусгаар тогтнолын бас нэгэн хүчирхэг хэрэм, цайз юм шүү дээ. Ялангуяа тусгаар тогтнолын асуудал маань эмзэг хэврэг байгаа энэ цаг үед.

-Та зүүдний тухай блог хөтөлж, олон жил тэмдэглэл хийжээ. Таны бодлоор зүүдний ертөнцийн юу нь ер бусын санагддаг вэ?

-Багадаа байнга хар дарж зүүдэлдэг, ааваар ширгэлүүлж, тарнидуулдаг хүүхэд байж. Их бодитой, заримдаа аль нь бодит байдал, аль нь зүүд вэ гэдгээ ч ялгахгүй байх нь бий. Хүн бүрийг л тэгж зүүдэлдэг байх гэж боддог байв. Хожим хүмүүс тийм бишийг мэдсэнээс хойш зүүдний талаар сонирхон, өөрийн хэмжээнд амьхандаа судалгаа хийж үзсэн. Бас зүүдээ тэмдэглэж хөтөлдөг байв. Ер зүүд дотроо хэд хэдэн давхаргатай байж магад. Энгийн зүүд байна. Тэр бол хэн хүнд ирдэг л зүүд. Түүний дараа зөн билгийн зүүд байна. Тэр бүр хүнд ирдэггүй, ховор талдаа. Тэгээд сүүлчийнх нь өөр оршихуйн астрал аялал ч гэмээр юм уу, тийм зүүд байна. Би тэр астрал аяллын зүүдээ нэг хэсэг тэмдэглэж, блог хөтөлж байсан. Хүний зүүдэнд нь нэвтэрч, хувь заяаг нь өөрчлөх боломж байж магад. Гэхдээ би энэ талаар сонирхож байсангүй, зөвхөн тэрхүү янз бүрийн түвшний зүүдээ уран бүтээлд хэрхэн ашиглах вэ л гэж бодож явжээ. Ер нь зүүдний ертөнц бол бидний ахуй ертөнцөөс ч илүү сонирхолтой, гайхалтай.

-Зөнтэй зүүднээсээ сонирхуулаач?

-Содон сонин зүүд алийг тэр гэх вэ. Ер зүүдэнд бишгүй олон адал явдал болох ч сэрэхэд хэдхэн хором өнгөрсөн байх нь бий. 2008 оны хавар Олимпийн алтан медаль авчихаад маш их баярлан хөөрч байна гэж зүүдэлсэн. Түүнээ блогтоо ч бичсэн. Тэр зуны наймдугаар сард Н.Түвшинбаярыг алтан медаль авахад талбай дээр таарсан бүхэнтэйгээ тэврэлдээд явж байхдаа хэдэн сарын өмнө зүүдэлж байсан тэр мэдрэмжээ эргэж мэдэрсэн. Зүүдний аяллуудаасаа сэдэвлэсэн цуврал бичсэн. Ном болгож хэвлүүлэх санаа бий.

-“Аугаа эрин” цуврал түүхэн романаа бичиж байх үеийн сонин хачнаасаа хуваалцаач, зохиол бичээд ид дундаа явж байх үед ямар амт мэдрэгддэг вэ?

-За, нэг их ч сонирхолтой зүйл болоогүй дээ. Мичин жилдээ багтааж, Цагаан сарын өмнө хэвлүүлнэ гэсэн бодолтой байсан. Бусад бүх хэсгүүдийг бичээд дуусчихсан, ганцхан Хитбух ноёны үхлийн тухай бичиж чаддаггүй. Уг нь үйл явдал нь маш тодорхой нүдэнд харагдаад байдаг. Суугаад бичье гэхээр халшираад байдаг. Өмнө Элдэрдээ баатар, Хүрэлхү хошууч, Долдахур догшин, Барсболд, Начинбаатар, Хатанболд баатар нарын олон баатруудын төгсгөлийг бичсэний дараа хэсэгтээ зүрх өвдөж, эм тан болсон.Бараг хэвтэрт орох шахсан. Ялангуяа Долдахур догшины үхлийн тухай олон зүйлийг дүрсэлж бичмээр байсан ч зүрх хүрэлгүй, Хитбух ноёны нүдэнд илдээ түшээд суугаагаараа нөхцсөн Долдахур догшин хальт харагдаад өнгөрч буйгаар, Хитбуха ноёнтон баатар эрдээ “Доройтуулан дарагч Долдахур догшин мину, Хөх тэнгэрийн орондоо эргээд тухтай уулзая” гэсэн ерөөл өргөөд, цааш давхин одож буйгаар хальт бичээд өнгөрсөн. Гэтэл Хитбух ноёны төгсгөл бүр ч илүү эмгэнэлтэй, бас сүрлэг бахдам, харуусалтай. Тэгээд нэг гарц олж, тэр их баатрын эмгэнэлт төгсгөлийг Хүлэг хаанд ирж тайлан тавьж буй Алдар хуурчийн үгээр, туульсын хэлбэрт оруулан аргалсан. Өөрөөсөө жаахан хөндийрүүлж, хоёрдахь баатрын үгээр илэрхийлж буй санаа нь тэр. Яг хэвлэлд өгөхийн урд орой тэр үлдсэн хэсгийг бичсэн.

-Дэлхийн хүүхдийн уран зохиолын 108 цуврал номыг та гэргийтэйгээ хамтран гаргасан. Өнөөгийн цахимжсан нийгэмд хүүхдүүдэд цаасан номыг хэр хүлээж авч байна вэ?

-Тэр номуудыг хүүхдүүд уншиж байхыг хараад сэтгэл дотор гийдэг дээ. Бидний хэдэн жилийн нойр хоолоо шавхсан хөдөлмөр маань үр дүнгүй байсангүйдээ гэсэн итгэл төрдөг. Нийтдээ 500 гаруй зохиол орчуулсан. Түүнээс 60 орчим нь тууж, 50 орчим нь роман. Олонхи нь монгол хэлээр анх удаа бууж буй зохиолууд, гэхдээ хүн төрөлхтний оюуны болон цаг хугацааны шалгуурыг давчихсан хүүхдийн сонгодог зохиолууд шүү дээ. Хэвлэлийн хуудсаар тооцох юм бол 2200 орчим болно. Бага хөдөлмөр биш. Нийт зохиолын 60 гаруй хувийг нь манай эхнэр орчуулсан. Мөн Ц.Даваажав, Я.Сүхбаатар, С.Лхагва, У.Нямсүрэн, Б.Баясгалан, Н.Сүрэнжаргал нарын зэрэг арав гаруй уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн. Юутай ч бид хийдгээ хийлээ, одоо монголын хүүхэд багачуудад хүргэх л үлдсэн.

-Таны ханийг “Оройн ганц мод” роман бичсэнээр нь таньдаг болсон. Тэнд зүүд, зөнгийн талаар гайхалтай урнаар хүүрнэсэн байдаг. Д.Оюунчимэг одоо юу хийж байгаа вэ, дараагийн бүтээл дээрээ ажиллаж байгаа юу?

-Манай хүн “Оройн ганц мод”-ны дараагийн ботийн түүхий эд хайгаад Хөхнуур явчих шиг боллоо. Өмнөхөө бичих гээд Ховд руу хоёр ч удаа явж, хөгшидтэй уулзсан. Хуучны мэдлэгтэй хөгшид одоо ч өдөр өдрөөр цөөрч байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *