Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхжавхлан: Философи эргэцүүлж сурахад тусалдаг

Өнөөдрийн бидний нийгэмд философийн мэдлэгийн ач холбогдлыг үнэлэх, философичдын үзэл санаа, бүтээлүүдийг шимтэн унших залуусын тоо улам бүр нэмэгдэх болжээ. Тиймээс философи хэмээх өвөрмөц мэдлэгийн тухай МУИС-ийн ШУС-ийн Философи шашин судлалын тэнхимийн багш, докторант Б.Мөнхжавхлантай ярилцлаа.


-Философийг та манай уншигчдад энгийнээр юу гэж тайлбарлах вэ. Хэдийд үүссэн юм бол?

-Философич Рене Декарт нэгэнтээ “Сайн сэтгэдэг байх чухал, гэхдээ сэтгэснээ хэрэгжүүлэх бүр илүү чухал” гэж хэлсэн байдаг. Түүний адилаар философидох, философидож буйгаа амьдралд хэрэгжүүлэх нь үлэмж чухал. Гэхдээ зарим хүмүүс философийг хоосон цэцэрхэл, хийсвэрлэл эсхүл дэврүүн үзэл санаа гэж боддог. Энд дараахь тайлбарыг хийж болно. Тухайлбал, бид өдөр тутамдаа ертөнцийн олон сонирхолтой үзэгдэл үйл явдалтай учирч хүмүүстэй, нийгэмтэй харилцах явцдаа философийн олон асуудалтай тулгарч байдаг. Тухайлбал, дэлгүүрээс бараа авахдаа татвар төлдөг, дотно найзтайгаа уулзахдаа инээж баясдаг гэх мэт. Энэ болгоныг бид бодол мэдрэмждээ хөтлөгдөн шийдвэрлэдэг боловч яагаад татвар төлж буйгаа, эсвэл яагаад сайн найз гэж сонгосноо, сайн гэдэгт юуг оруулж боддог тухайгаа, ер нь өөрийнхөө бодлын үнэн эсэх тухай бодолгүй орхидог. Арай өөрөөр хэлбэл, философичдын асуудал бол хуулийг дагахад гол биш, хууль өөрөө шударга байна уу гэдэгт анхаарлаа хандуулдаг гэж ойлгож болно. Тэгэхээр бидний тэрхүү үлдээчихээд байгаа зүйлд философи байдаг. Энэ бол толгойгоо өвтгөх хамгийн чухал зүйл нь юм шүү. Иймээс философи хоосон цэцэрхэл, дэврүүн бодол биш юм.

Энгийнээр хэлбэл, философи бол сайтар эргэцүүлэх тухай, ухаалаг үндэслэгээ гаргах тухай, маргах тухай, эцсийн дүндээ цэцэн мэргэнд дурлах тухай юм. Тэр тусмаа асуудлын гүнд нэвтэрч биднийг улам бүр бодуулж, бидний мэдлэг ямар өнгөц болохыг сануулж байдаг. Философи угтаа бодит байдал гэж юу вэ, амьдралын утга учир юунд байна вэ, бид хэрхэн таньж мэддэг вэ гэх зэрэг суурь асуултаас эхэлнэ. Мөн оюун ухааныг хөгжүүлж, шинэ ойлголт, мэдлэг бүтээх нь философийн ажил.

Харин философи мэдлэгийн бие даасан төрөл болж хөгжсөн цаг хугацааны эхлэлийг бид Христийн тооллын өмнөх V-VI зууны үеэс хайх хэрэгтэй.

-Философи болон ертөнцийг үзэх үзэлд ялгаа бий юу. Ер нь хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг философи гэж ойлгож болох уу?

-Хүмүүс өөрсдийн орчин, өөрийн үйл хөдлөл, аливаа асуудлыг ухамсартайгаар ойлгож эхэлсэн цагаас эхлэн амьдралын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой болчихдог. Гэхдээ хувийн үзэл бодол, философи мэдлэг хоёр өөр юм. Мэргэжлийн утгаар тэр болгоныг философи гэж ойлгож болохгүй. Харин философитойгоор асуудалд хандаж байж болно.

-Бидний амьдарч буй эрин үе асар хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Ингэхээр философийн үзэл баримтлалууд ч бас өөрчлөгддөг болов уу?

-Ер нь философийн мэдлэг бол үнэлэмжийн шинжтэй байдаг. Нэг ойлголтыг бүх цаг үед ганцхан байдлаар тайлбарлана гэж байхгүй.

Жишээлбэл, бидний шударга, сайн гэж үзэж байсан зүйл өөр нэг цаг үед сайн зүйл биш болчих тохиолдол байдаг. Хүн төрөлхтний мэдлэг тэлж, оюун санааны хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр нийгэмд шинэ асуудлууд бий болно. Ингэх тусам философийн шинэ асуудал, хандлага бий болж байдаг.

-Орчин цагийн залуус философийг хэр сонирхож, философийн хичээлд хэрхэн хандаж байна?

-Бүх цаг үед залуус философийг сонирхож байдаг. Философийн мэдлэгт суралцах хүсэлтэй, энэ тухай ярилцдаг залуус олон бий. Үүнд би их талархалтай ханддаг. Хүний оюун санаа аливааг танин мэдье гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг шүү дээ.

Философийн хичээлийг судлахаар ирж буй, мөн философийн мэргэжлийн ангид элсэн суралцаж байгаа олон залуус философичдын үзэл баримтлалуудтай танилцсан, бүтээлүүдийг нь уншчихсан, олон асуулт тээчихсэн орж ирдэг. Энэ их гайхалтай сайн хэрэг.

-Философийг судлахын тулд хамгийн түрүүнд юуг сонирхож, философийн ямар бүтээлийг уншиж судлах ёстой вэ?

-Философи хүнийг сайтар эргэцүүлж, өөрийн оршихуй, мөн чанарын тухай бодуулж, төлөвшүүлж, эргэлзэхэд сургаж байдаг. Эдгээрт суралцахын тулд мэдлэг хэрхэн бий болдог тухай, ёс суртахууны тухай, гоо зүйн тухай, оршихуйн тухай сонирхох хэрэгтэй. Хүмүүсийн сонирхон, шимтэж уншдаг бүтээлүүд, тэдгээрийн агуулга янз бүр. Тийм болохоор эхлээд дээрх суурь асуудлуудын талаар бичсэн бүтээлтэй танилцах хэрэгтэй.

-Ёс суртахууны хэм хэмжээ, ёс суртахуунтай байна гэдгийг философи үүднээс хэрхэн авч үзэх вэ. Хүмүүсийн ёс суртахуунгүй байдлын шалтгаан?

-Ёс суртахуун бол философийн судалдаг хамгийн чухал асуудлуудын нэг юм. Хүн хэрхэн амьдрах ёстой вэ, үйлдлийг ямар нөхцөлд сайн эсвэл муу гэх вэ гэсэн эхлээд бодоход хялбар мэт атлаа эргэцүүлэх тусам ярвигтай асуудлыг энд ярьдаг. XVII зууны үеийн философич Ж.Ж.Руссо, Т.Гоббс нар ёс суртахууныг хүний сайн муу уг чанартай холбож ярьсан байдаг.Алин боловч хүн хувь хүн болохын хувьд бас нийгмийн нэг гишүүн болохын тулд бултаараа аз жаргалтай, таатай амьдрахын төлөө бүгдээр хэлэлцэн тогтсон тийм хэм хэмжээнүүдийг баримталж байдаг.

-Тийм хэм хэмжээ байхгүй байсан бол яах бол?

-Харин тэрхүү хэм хэмжээний цаана буй ойлголтуудын дундаас хүн сайн эсвэл муу байх эсэхээ шийддэг.

-Тэгэхээр улс төр ч бас энд холбоотой байх нь?

-Төр оршин байхын учир юу вэ. Яагаад бид дагах ёстой гэж. Хэнд эрх мэдлийг өгөх вэ зэргийг бодохоор яах аргагүй улс төрөөс ёс зүйн асуудал руу орно. Би аз жаргалтай амьдрах тухай нэгэнтээ дурдсан. Хүн аз жаргалтай амьдарч болох шударга, сайн нийгмийг байгуулж амьдрахын тулд тодорхой зохион байгуулалтад ордог биз дээ. Харин тэр шударга, сайн гэдэг ойлголтыг мэдэж ухамсарласан хүн л төрийг барих ёстой юм.

-Философийг аливаа шинжлэх ухааны суурь гэж ойлгож болох уу?

-Философи бол бүх шинжлэх ухааны суурь гэж үздэг хандлага, тайлбар бий. Миний хувьд философийн мэдлэгийг бусад шинжлэх ухаануудтай мэдлэгийн хувьд зэрэгцээ байр сууринаас авч үзнэ. Ер нь философийн мэдлэг байгалийн болон бусад шинжлэх ухаануудтай тодорхой сэжмээр хоорондоо уялдаатай байдаг. Философи бусад шинжлэх ухааны нэгэн адилаар өөрийн ойлголт категори бүхий мэдлэгийн нэг төрөл болж байдаг.

-Уран зохиолыг хэн нь сайн бичсэн гэж дүн тавьж болдоггүй гэдгийн нэгэн адилаар философийг дүгнэх боломжгүй гэж хэлж болох уу?

-Уран зохиол бол хүний догдлол, мэдрэмжийн бүтээл байдаг. Урлагийн бүтээл туурвигч, тэрхүү бүтээлийг хүлээн авагчийн мэдрэмжид шалгуур тогтоох нь философийн үүднээс боломжгүй. Философи бол үнэлэмжийн мэдлэг гэж би хэлж байсан.

-Манай улсад философийг судлах, хөгжүүлэх асуудал хэр байна гэж та боддог вэ?

-Манай философийн эрдэмтэн, судлаачид өнөөдөр өөрсдийн судалгааны чиглэлийн дагуу судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлсээр байна. Их дээд сургуулийн хөтөлбөрийн агуулгуудыг шинэчлэх ажлууд хийгдсэн. Өдгөө бидэнд шинээр судалгаа шинжилгээний асуудлуудыг нэвтрүүлэх, судалгаанд цаг гаргах, мэргэжлийн түвшинд философийн бүтээлүүдийг орчуулж, хөрвүүлэх хэрэгцээ шаардлага байна.

-Та өөрөө ямар чиглэлээр хичээл заадаг вэ. Философи дахь хувийн туршлагаасаа хуваалцаач?

-Би орчин үеийн философи, дорно дахины философи, улс төрийн философийн чиглэлээр судалгаа хийдэг. Одоо философийн мэргэжлийн бус ангийнханд философийн үндэс гэх хичээл зааж байна. Норвегийн зохиолч Жостейн Гаардерийн өсвөр насныханд зориулсан Софийн ертөнц гэдэг номыг орчуулсан.

Энэ ном дэлхий даяар түргэн гүйлгээтэй номын тоонд байнга ордог, философийн түүхийг хялбаршуулсан байдлаар бас уран зохиолын аргаар бичсэн ном байгаа юм. Залуус, хүүхдүүд их сонирхдог. Философийн мэдлэгийг залууст таниулахад тун хэрэгтэй ном гэж би боддог.

-Багш хүний хувьд боловсролын чанар муу, залуус дээд боловсролыг чанаргүй эзэмшиж байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Багш мэдлэгээ улам бүр тэлж, заах арга, өөрийн чадавхиа зогсолтгүй нэмэгдүүлж байх ёстой. Бас мэдлэгээ мэргэжлийн өндөр түвшинд бусдад хүргэх үүрэгтэй юм. Энэ байдлыг хангахад ажиллах орчин, хувь хүний зүтгэл хоёул чухал. Миний бодлоор өнөөдөр багш нар мэргэжлийн үүргээ сайн биелүүлж байна гэж боддог.

Тэгээд ч залуус чанаргүй боловсрол эзэмшиж байна гэхээс илүүтэй чанартай боловсрол олгох тогтвортой бодлогод анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр залуус мэдлэгт суралцах өргөн боломжтой, хүсэл тэмүүлэлтэй байна. Гэхдээ энэ боломжийг хэрэгжүүлэх нөхцөл байгаа юу гэдэг эргэлзээтэй.

-Та бид хоёр философийн төдийгүй өөр сэдвийг хөндлөө. Философийн мэдлэгийн ач холбогдлыг та юу гэж үнэлэх вэ?

-Юуны түрүүнд бид философид суралцсанаараа юмыг байгаагаар нь хүлээн авдаг, тоомсоргүй байдлаасаа татгалзах хэрэгтэйг ухаардаг. Улс төрийн философи, ёс зүйгээс эхлээд амьдралын философи, экофилософи, эрх зүйн философи гээд олон урсгал чиглэл философид бий.

Философид суралцсанаар хүн өөрийнхөө болон бусдын оршихуйн утга учрыг ойлгож, нээж, аливаад илүү нухацтай ханддаг болгодог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *