Categories
мэдээ нийгэм

Б.Мөнхдэлгэр: Оюу толгой дээр төрийн хяналт хэзээ ч суларч алдагдаагүй DNN.mn

Оюу толгойг орд ашиглалтад орж зэсийн баяжмалаа экспортод гаргах үйл явцад төрийн хяналт сул байдаг хэмээн зарим иргэд ойлгох нь бий. Тэгвэл зэсийн баяжмалд хэрхэн хяналт тавьдаг талаар Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын Ерөнхий инженер Б.Мөнхдэлгэртэй ярилцлаа.


-Геологийн төв лаборатори ТӨҮГ Оюу толгой компанийн экспортын баяжмалын хөндлөнгийн хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг. Анх хэзээнээс тус компанитай хамтарч ажиллах болсон бэ?

-Бид эрдсийн шинжилгээний 65 жилийн туршлагатай мэргэшсэн хамт олон. Геологийн төв лаборатори нь Монгол орны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геологийн судалгааны ажлын цогц шинжилгээ, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хяналт болон гаалийн хяналтын шинжилгээг гүйцэтгэдэг. Үндэсний болон олон улсын “MNS ISO/IEC 17025”, “ISO 17034”, “ISO/IEC 17043” стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, эрдсийн шинжилгээгээр мэргэшсэн Монгол Улсын төрийн өмчийн цор ганц лаборатори юм. Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын Чанар, хяналтын лаборатори нь Оюу толгой компанийн экспортын зэсийн баяжмалын савлах үйлдвэрт хяналтын чиг үүрэгтэйгээр байрлаж ажилладаг.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ний өдрийн 44 дүгээр тоот тогтоолын дагуу Оюу толгойн экспортын бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт тавих үүргийг Геологийн төв лабораторид үүрэг болгосон. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс тухайн оны зургадугаар сард хоёр тал гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

-Тухайн гэрээний хүрээнд ямар ямар ажил хийгдэж байна вэ?

-Оюу толгойн зэсийн баяжмалын багц (LOT) бүрээс дээж бэлтгэх, чийг тодорхойлж, шинжилгээнд дээж илгээх, мөн Улаанбаатар хотод байрлах Геологийн төв лабораторид экспертиз шинжилгээг гүйцэтгэн хариуг илгээх зэрэг үүргийг гэрээний дагуу хүлээдэг. Манай хамт олон энэхүү ажил үүргийг 2013 оноос хойш тасралтгүй есөн жилийн хугацаанд тогтвортой явуулж ирлээ.

-Экспертиз шинжилгээ гэхээр бусад шинжилгээнээс юугаараа ялгаатай, ямар онцлогтой байдаг вэ?

-Экспертиз шинжилгээ нь үр дүнгийн нарийвчлал, үнэн зөв байдлыг хангаж чадахуйц олон зэрэгцээ шинжилгээний үр дүнгээр тулган баталгаажуулдаг, мэргэжлийн өндөр чадвар, туршлага шаардсан, олон лабораторийн үр дүнгийн зөрүүг залруулан баталгаажуулдаг “лавлагаа” шинжилгээ юм. Экспертиз шинжилгээний үр дүн нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар болон гаалийн хяналтын татварын хэмжээг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой.

-Экспертиз шинжилгээ хийхэд ашигладаг багаж, тоног төхөөрөмж нь олон улсын стандартад нийцсэн байдаг уу?

-Олон улсын стандартад бүрэн нийцсэн багаж, тоног төхөөрөмж ашиглан шинжилгээг гүйцэтгэдэг.

Тухайлбал, манай хамт олон Оюу толгойн зэсийн баяжмалд экспертиз шинжилгээг гүйцэтгэхдээ үйлдвэрээс гарч байгаа багц бүрээс дээж авч шинжилдэг. Тиймээс шинжилгээ хийгдээгүй багц экспортод гарах ямар ч боломжгүй. Экспертиз шинжилгээгээр худалдааны элемент болох зэс, алт, мөнгөний агуулга болоод дагалдах 20 элементийг хамгийн орчин үеийн багажит шинжилгээ болон нойтон химийн сонгомол аргаар хослуулан гүйцэтгэж байна. Эдгээр шинжилгээний арга нь олон улсын стандартаар баталгаажсан, нотлогдсон арга аргачлал юм.

-Оюу толгой компани 2022 оны нэгдүгээр сараас гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж эхэллээ. Гүний уурхай бүрэн ашиглалтад орвол цаашид зэсийн баяжмалын хэмжээ өсөх нь тодорхой. Та бүхэн бэлтгэл байдлаа хангаж байна уу?

-Бид Оюу толгой компанитай 2013 онд гэрээ байгуулсан цагаасаа өнөөдрийг хүртэл 6.5 сая тонн орчим зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналтын шинжилгээг гүйцэтгэсэн байна.

Урьдчилсан төлөвлөгөөгөөр Геологийн төв лабораторид гүйцэтгэх зэсийн баяжмалын экспертиз шинжилгээний ажил өмнөх жилүүдтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Бид шинжилгээний ажил нэмэгдэхтэй уялдуулан техник технологийн хүчин чадлаа 2-3 дахин нэмэгдүүлэх, мөн мэргэшсэн хүний нөөцөө бэлтгэх, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх зэрэг асуудлуудад онцгой анхаарч ажиллаж байна. Одоогоор Оюу толгойн ил уурхайн олборлолт хэвийн үргэлжилж байна. Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэнтэй шууд холбоотойгоор хоёр байгууллага шинжилгээний ажил гүйцэтгэх, дээж бэлтгэх гэрээгээ 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр шинэчлэн байгуулсан.

-Гэрээ шинэчилсний үр дүнд онцлог зүйл заалт юу байв. Өмнөх гэрээнээсээ юугаараа ялгаатай вэ?

-Шинэчилсэн гэрээнд хэд хэдэн онцлог зүйл заалт тусгаж өгсөн. Гэрээг олон улсын жишигт нийцүүлж чадсан гэдгийг онцолж хэлмээр байна. Геологийн төв лаборатори ТӨҮГ нь Оюу толгойн баяжуулах үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалаас дээж бэлтгэх болон экспертиз шинжилгээ хийх гэсэн үндсэн хоёр ажлыг өмнөх гэрээгээр гүйцэтгэдэг байсан. Бид шинэчилсэн гэрээндээ дээрх ажлуудыг хоёр тусдаа гэрээгээр зохицуулсан.

Мөн өмнөх гэрээнд тусгаж чадаагүй байсан зүйл бол валютын ханшийн өөрчлөлт бөгөөд төгрөгтэй харьцах долларын ханшийн өсөлт нь гэрээний үнэлгээ тогтмол буурахад гол нөлөө үзүүлж байсан. Шинэчилсэн гэрээнд хэрэглээний үнийн индекс болон валютын ханшийн өөрчлөлтийг тусгаж оруулсан нь нэг том ололт, ахиц дэвшил юм. Хамгийн гол нь экспертиз шинжилгээний ач холбогдол ямар чухал вэ гэдгийг бид бүгдээрээ мэргэжлийн түвшиндээ ойлголцсон учраас экспертиз шинжилгээ гүйцэтгэдэг олон улсын жишиг үнийг гэрээндээ тусгаж өгч чадсан нь хамгийн чухал зүйл.

-Зарим иргэд Оюу толгойн зэсийн баяжмалд төрөөс хяналт тавихгүйгээр хэдэн зуун сая тонныг гадагш нь гаргадаг хэмээн ойлгодог. Тэгвэл төрийн хяналтыг танай хамт олон сайтар хийж байгаа хэмээн ойлгож болох уу?

-Төрийн хяналт хэзээ ч сулраагүй, хэзээ ч алдагдаагүй. Ямар нэгэн байдлаар хяналтгүй, шалгалтгүй Монголын баялгийг гадагшаа гаргаж, төрийн хяналт байхгүй мэтээр ойлгож байгаа бол маш буруу ойлголт гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Геологийн төв лабораторийн хувьд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хүлээсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, савлагдсан зэсийн баяжмалын шуудай бүрт хөндлөнгийн хяналт тавьж байна. Мөн биднээс гадна Гаалийн ерөнхий газар, Эрдэнэс Оюу толгой компани зэрэг төрийн болон төрийн өмчийн байгууллагууд Монгол төрийн нүд чих нь болж ажиллаж байна. Оюу толгойн зэсийн баяжмалын хөндлөнгийн хяналтыг гүйцэтгэхдээ зэсийн баяжмалын шуудай бүрээс дээж авч холиод түүнээсээ нэг багц дээжийг төлөөлүүлэн авч, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори, Геологийн төв лаборатори гэх мэт хэд хэдэн лабораториудад илгээдэг. Лабораториудын шинжилгээний үр дүн ялимгүй зөрөх тохиолдолд бид нөгөө л экспертиз шинжилгээгээр маргаан таслах шинжилгээг гүйцэтгэдэг.

-Экспертиз шинжилгээ хийх мэргэшсэн хүний нөөцийн хүртээмж хэр байна вэ?

-Олон улсын стандартад нийцсэн шинжилгээний арга, аргачлал гэж бий. Тоног төхөөрөмжийн хувьд байнга шинэчлэгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай тоног, төхөөрөмжөөр шинжилгээг гүйцэтгэж байгаа нь шинжилгээний ажлын чанар, үнэмшилтэй шууд уялддаг. Тиймээс сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглахыг зорьж байна. Геологийн төв лаборатори ТӨҮГ 160 гаруй ажилтан алба хаагчтай. Үүний 50 орчим хувь нь байгалийн шинжлэх ухааны салбарт нарийн мэргэшсэн инженер техникийн ажилчид юм. Одоогоор химич инженерээр 30 орчим инженер ажиллаж байна. Үүнээс 10 орчим инженер нь зэсийн баяжмалын экспертиз шинжилгээгээр нарийн мэргэшсэн чадварлаг мэргэжилтнүүд юм. Геологийн төв лабораторийн хүний нөөцийн чиглэлийн хамгийн ойрын зорилго бол бусад инженерүүдээ экспертиз шинжилгээнд нарийн мэргэшүүлэн сургах юм.

-Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай лабораториуд олноор байгуулагдаж байгаатай холбоотойгоор төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийг өндөр цалин хангамжаар өөрийн компанидаа авч ажиллуулах тохиолдол олон байгаа талаар сонссон. Энэ хэр үнэний ортой вэ?

-Сүүлийн жилүүдэд хоолой дээр тээглээд байгаа асуудал бол хүний нөөцийн асуудал байна. Манай байгууллага төрийн өмчийн байгууллага учраас мэргэшсэн инженерүүдийнхээ цалинг хангалттай хэмжээнд нэмэгдүүлж хараахан чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай сүлжээ лабораториуд олноороо байгуулагдаж, манай салбарт өрсөлдөөн их болсон. Гэтэл гадны хөрөнгө оруулалттай лабораториуд манай бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг санхүүгийн боломжоор нь хөшүүрэг хийж өөрийн компаниуддаа авч ажиллуулах болсон. Бидний мэддэг, чаддаг бүхнээ зааж мэргэшүүлсэн чадварлаг инженерүүд маань бидний өрсөлдөгч лабораториудад ажиллаж байна гэсэн үг л дээ.

Ер нь их, дээд сургуулиудад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах оюутны тоо жилээс жилд багасч байна. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл ойрын 5-10 жилийн дотор геологи уул уурхайн салбар хүний нөөцийн хомсдолд орж, мэргэжилтнүүдээр дутах нь. Иймд төрөөс байгалийн шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжиж, мэргэжлээ сонгох гэж байгаа залуус хими, физик, инженер, геологи, уул уурхайн чиглэлийн мэргэжлүүдийг сонирхон судлаасай хэмээн хичээнгүйлэн хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *