Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхбаяр: Барилгын чанарт хяналт тавихад тусгай зөвшөөрөл шаардлагатай учраас мэргэжилтнүүд оролцох боломжгүй

Сүүлийн жилүүдэд барилгажилт нэмэгдэхийн хэрээр шинээр баригдсан барилгуудад тавих хяналт суларч байна. Хэдийгээр төр хяналт тавьдаг, хүлээн авах ажлыг зохион байгуулдаг гэх боловч, төрийн нэрээр чанаргүй барилга хүлээж авсан комисс ямар ч хариуцлага хүлээдэггүй. Үүнээс болж иргэн, албан байгууллага их хэмжээний мөнгөн хохирол хүлээх явдал нэмэгдэж байна. Харин мэргэжлийн байгууллага болох Монголын барилгын инженерүүдийн холбоо энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тус холбооны ерөнхийлөгч Б.Мөнхбаяртай ярилцлаа.

-Танай байгууллага ямар зорилготой байгууллага вэ?

-Барилгын салбарын ажлыг авч явдаг гол зүтгүүр нь инженер, техникийн хүмүүс байдаг. Энэ хүмүүсийг улсын хэмжээнд биш, цаашдаа дэлхийн хэмжээний мэргэжилтэн болгох, орчин цагийн техник, технологийн түвшинд байлгах, мэргэшүүлэх зорилготой ТББ.

-Манай барилгын инженерүүдийн ур чадвар, мэдлэг мэргэжил ямар түвшинд байна?

-Ер нь нүүдэлчин удмын ген байдаг юм шиг байгаа юм. Дасан зохицох чадвар өндөртэй монгол хүний чанар байна. Юмыг ойлгох, хийж сурах нь хурдан. Гэхдээ нэг дутагдалтай. Яаж хийхээ мэддэг боловч, яагаад, ямар түвшинд хийх ёстойг мэддэггүй. Гүйцэтгэлийн үр дүн ямар байх ёстойг мэддэггүй.

-Барилгын салбарт инженерийн хангамж хэр байна?

-Би өөрөө барилгын инженер бэлтгэдэг багшийн хувьд инженерийн хангамж тооны хувьд хангалттай гэдгийг мэднэ. Суурь шаардлагыг хангасан инженерүүд хүрэлцээтэй.

-Зарим барилгын компанийн захирлууд Бид зар тавиад ч сайн инженер олохгүй байна гэж ярьдаг.

-Би суурь боловсролтой инженерийн тоо хангалттай гэж хэлсэн. Мэдээж барилгын компаниудад туршлагатай инженер хэрэгтэй. Мөн тэдэнд тохирсон цалин хангамж байх шаардлагатай. Харин шинэ залуу сургууль төгссөн инженерүүдийн хувьд арай өөр. 20-30 жил ажилласан инженерийг дөнгөж сургууль төгссөн инженертэй харьцуулшгүй. Гэтэл өнөөдөр дөнгөж сургууль төгссөн хүүх-дээр олон давхар барилга хариуцуулаад явж л байна.

-Тийм тохиолдол байна уу?

-Байна, байна.

-Юу буруу гэж, маш сайн мэргэжилтэн байж болно биз дээ?

-Би зөв гэж бодохгүй байна. Инженерүүд дөрвөн жилийн хугацаанд суралцдаг. Үүнээс жил хагаст нь мэргэжлийн хичээл үздэг. Энэ хугацаанд инженерийн хэмжээнд юм сурах уу. Одоогийн мөрдөж байгаа тогтолцоо нь ийм. Тийм учраас ажлын талбарт чанагдаж байж л инженер болдог. Туршлагатай инженерт л томоохон ажлыг даатгах хэрэгтэй.

-Инженер бэлтгэх манай одоогийн тогтолцоо олон улсын жишигт нийцэж байгаа юу?

-Нийцэж байгаа. ШУТИС-ийн сургалтын программ олон улсын жишгээр л явж байгаа.

-Сүүлийн үед барилгын чанарт нэлээд асуудал гарч байна. Үүнд танайхан хяналт тавьдаг уу?

-Барилгын чанарын асуудал ямар байгаа талаар нэлээдгүй ярьж байна. Гэхдээ энд инженерүүдийг буруутгахаас илүү бас л тогтолцоог ярих хэрэгтэй. Яагаад муу барилга баригдаж байна гэдгийг анзаарах нь чухал. Манайхны барьсан сайн чанартай том барилгууд байдаг. Тэр барилгыг хэн барьсан гэдгээсээ бус ямар хяналттай барьсан гэдэг асуудал чухал байгаа юм. Барилгын гүйцэтгэлд тавих хяналт сайн байвал ямар ч асуудал гарахгүй.

-Жишээ байна уу?

-Саяхан бид нэг асуудалтай тулгарсан. Нэг барилгыг засах ажил гарсан. Тэр барилгыг барьж байхад төрийн байгууллага хяналт тавьсан байгаа юм. Тэгсэн мөртлөө засвар хийх ажлыг дахиад л тэр байгууллага шалгана. Өмнө нь алдаа гаргасан байгууллага “Та нар төсөв, хяналтын мөнгөө манайд шилжүүл” гэж байгаа юм.

-Өмнө нь мөнгө авчихаад хяналтын ажлаа муу хийсэн төрийн байгууллага алдааг засах гэсэн хүмүүсээс мөнгө нэхэж байгаа юм уу?

-Тийм. Энэ чинь өнөөгийн манай барилгын хяналтын тогтолцоо. Тэгээд тэр их хэмжээний барилгын ажлыг төрийн байгууллагын цөөн хүн хянана гэж байхгүй дээ.

-Олон мэргэжлийн холбоо байдаг. Хяналт шалгалтад оролцож болдоггүй юм уу?

-Оролцож болно. Хуульд ч тодорхой хэмжээгээр туссан. Бид ч тодорхой хэмжээгээр оролцож байгаа. Гэтэл энэ түншлэлийн ажиллагааг төр ч, ТББ-ууд ч санхүүжилтийн хэлбэр гэж ойлгох хандлага байна. Бидний хүсч байгаа зүйл бол чадалтай инженерүүд бэлтгэх байгаа юм.

-Чадалтай инженерүүдээ хяналтын ажиллагаанд оролцуулж болохгүй юу?

-Тэр бас асуудал. Тусгай зөвшөөрөл авах, хяналт шалгалтын ямар түвшинд баталгаажуулах гэдэг нь тодорхойгүй.

-Би байшин барих болоод зураг, гүйцэтгэлийн хяналтаа танай нэг инженерээр хянуулж болохгүй юу?

-Хувийн орон сууц бол манайхантай холбоо бариад зохицож болно. Асуудал үүсгээд байгаа нь томоохон барилгууд. Тэр барилгуудын хяналтад ямар ч туршлагатай инженер дураараа оролцох эрхгүй.

-Иргэд орон сууцны барилга баригдаж байхад нь анзаардаггүй. Баригдсаны дараа үнэ л асуудаг. Зарим шинэ барилгад орсон байтал чанар муутай учраас багагүй хэмжээний зардал гаргадаг.

-Нэгэнт төрийн байгууллага хүлээж авсан болохоор итгэдэг. Гэтэл нөгөө худалдаж авсан барилгад асуудал үүсэхээр хариуцах төрийн байгууллага байхгүй. Тийм учраас манай холбоо иргэдэд зориулсан үйлчилгээ үзүүлэх “хэрэглэгчдэд ээлтэй байх шалгуур” боловсруулж байна. Зөвхөн манай салбарт биш. Бүх салбарт хөндлөнгийн хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол “Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг чанарт төр хяналт тавьсан мэтээр барилгын хяналт сул хэвээр л үргэлжилнэ.

-Нэгэнт бариад дуусчихсан том барилгын чанарыг шалгах технологи байдаг уу?

-Байгаа. Гэхдээ тэр шалгалтыг хэн хүлээн зөвшөөрөх гэдэг асуудал нь шийдэгдээгүй.

-Хөндлөнгийн хяналт бий болгохын тулд юу хийх ёстой вэ?

-Одоо ч хөндлөнгийн хяналтыг ашиглаж болно. Манай зөвлөх инженерүүдээс зөвлөгөө авдаг юм бий. Гэхдээ албан ёсоор оролцдоггүй. Сайн дурын үндсэн дээр зарим компани, хувь хүмүүс л тохиролцооны журмаар хийдэг.

-Төр үндсэндээ танай холбоотой мэргэжлийн түвшинд харьцдаггүй гэсэн үг үү?

-Огт харьцахгүй биш. Харьцах тохиолдол бий. Жишээлбэл, шүүхээс дүгнэлт гаргуулах бичиг ирдэг. Маш олон заалттай. Тэр дүгнэлтийг гаргахад их ажиллагаа орно. Гэтэл тэр ажиллагааны хөлс гэж бараг юм байхгүй. Баахан ажил хийчихээд байхад л нөгөө жаахан мөнгө нь ирэхгүй. Заримаа бид “ялтай ажил” гэж хошигнодог.

-Яагаад?

-Чанаргүй барьсан компани, хүлээж авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй. Харин бидний гаргасан дүгнэлтэд асуудал үүсвэл төр жигтэйхэн хатуурхана.

Х.БаТТӨгС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *